| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2016/00823/и |
| Дугаар | 182/ШШ2016/00965 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 182/ШШ2016/00965
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .... тоотод оршин суух, А.Г-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..... байранд байрлах, А ХХК-д холбогдох
4,420,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Г нь үл хөдлөх эд хөрөнгийн 000000000000 дугаарт бүртгэгдсэн ...... тоот орон сууцаа буулгаж, дахин барилгажуулахаар 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ...... тоот Орон сууцны нөхцөл сайжруулах гурван талт гэрээ-г эрх олгогч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Б, хөрөнгө оруулагч А ХХК-ийн захирал Ц.Ц нартай мөн өдөр .... тоот Орон сууцны нөхцөл сайжруулах гэрээ-г А ХХК-тай тус тус байгуулсан.
Орон сууцны нөхцөл сайжруулах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасны дагуу хариуцагч А ХХК нь түрээсийн урамшууллыг сарын 1,300,000 төгрөгөөр тооцон олгож байсан боловч 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл олгосонгүй.
Иймд 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн урамшуулал болох 4,420,000 төгрөгийг хариуцагч А ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А ХХК-ийн захирал Ц.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Манай компани А.Гтэй 2014 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууцны нөхцөл сайжруулах гэрээ-ний дагуу сар бүр түрээсийн урамшуулалыг олгож байсан билээ.
Манай компани барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх хүсэлтээ 2016 оны 6 дугаар сараас эхлэн Нийслэлийн ерөнхий төлөлвлөлтийн газарт хандан өгч байсан.
Гэрээний дагуу 24 сарын хугацаанд байрыг хүлээлгэн өгөх ёстой байсан боловч Улсын их хурлын сонгууль, АСЕМ, шинээр Засгийн газар томилгдсонтой холбоотойгоор агентлагийн бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөх гэх мэт биднээс шалтгаалахгүй хүчин зүйлүүдийн улмаас 2016 оны ...... сард барилгыг улсын комисс хүлээж авсан.
Иймд нэгдүгээрт гэрээний хугацаа дуусгавар болсон, хоёрдугаарт биднээс шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас улсын комисс барилгыг хүлээж аваагүй хугацаа алдсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа төлбөрийг төлөх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч А ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг 4,420,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч А ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч А.Г нь 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ...... тоот Орон сууцны нөхцөл сайжруулах гурван талт гэрээг Нийслэлийн Засаг дарга болон хөрөнгө оруулагч А ХХК-тай байгуулж, мөн өдрөө .... тоот Орон сууцны нөхцөл сайжруулах гэрээ-г А ХХК-тай 24 сарын хугацаатай тус тус байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч А.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ...... тоот орон сууцыг хариуцагч А ХХК-д хүлээлгэн өгсөн эсэх талаар болон гэрээ байгуулагдсан талаар талууд маргаагүй болно.
Талуудын байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн .... тоот Орон сууцны нөхцөл сайжруулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т гүйцэтгэгч нь хуучин барилгын суурин дээр шинээр баригдах орон сууцны төслийг хэрэгжүүлэх, шаардлагатай бүх хөрөнгө оруулалтыг гаргах, гэрээнд заасан хугацаанд барилгыг барьж ашиглалтад оруулах, барилга баригдах хугацаанд захиалагчид түрээсийн урамшуулал олгох зэрэг ажлыг гүйцэтгэнэ, 4 дүгээр зүйлийн 4.1.3-т барилга баригдах хугацаанд нэг сарын 1,300,000 төгрөгөөр тооцож түрээсийн урамшуулал олгоно... гэж тохиролцсон байна.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан.
Ийм учраас нэхэмжлэгч тал хариуцагчаас гэрээний дагуу түрээсийн урамшуулал шаардах эрхтэй байна.
Талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т гүйцэтгэгч нь барилгын суурийн ажлыг эхлүүлснээс хойш 24 сарын хугацаанд төслийг хэрэгжүүлж, шинэ орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх-ээр тохиролцсон байх боловч хариуцагч А ХХК нь гэрээнд заасан хугацаанд барилгыг буюу орон сууцыг захилагчид хүлээлгэн өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ хэрэгжүүлэхэд өөрөөс нь шалтгаалаагүй сонгууль, АСЕМ гэх мэт хүчин зүйлээс болж улсын комисс 2016 оны ...... сард уг барилгыг хүлээн авсан, гэрээний хугацаа дуусгавар болсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, ......7 дугаар зүйлийн ......7.2, ......7.3-т тус тус зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг.
Гэтэл хариуцагчийн маргаж байгаа үндэслэлийг тодорхойлсон хүндэтгэн үзэх шалтгаан байсан, улсын комисс дээрх барилгыг 2016 оны ...... дугаар сард хүлээж авсан учраас гэрээний хугацаа дууссан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх ба хариуцагч нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлж, энэ талаар нотлож чадаагүй болно.
Ийм учраас 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны буюу 3 сар ...... хоног /1,300,000 х 3 сар = 3,900,000 төгрөг, ...... хоног х 43,333=433,330 төгрөг/ нийт 4,333,330 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 86,670 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч А ХХК-иас 4,333,330 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 86,670 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч А ХХК-иас 84,283 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Гд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА