Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1898

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

Улсын яллагч П.Болормаа,

Шүүгдэгч, хохирогч Д.С , түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

Шүүгдэгч, хохирогч Г.Т , түүний өмгөөлөгч Я.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Д.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 06620 2623 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

        1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймаг Улиастай суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны менежер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 76 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 275.1. 98.2-т зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилээр тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Д.С .

 

         2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт Баянзүрх дүүргийн 7   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Г.Т .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Д.С  нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх

 дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянцээлийн орчим иргэн  Г.Т тай маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт,

         Шүүгдэгч Г.Т  нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянцээлийн орчим иргэн Д.С тай маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Д.С  мэдүүлэхдээ: “...Шүүгдэгчийн хувьд мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн учир нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчийн хувьд Г.Т т гомдол санал байхгүй. Би учруулсан хохирлоо барагдуулъя гэж бодож байна. Би төрийн албан хаагч миний шүдийг буйл бүрэн эдгэсний дараа эмчилнэ гэсэн. Би өөрийн  үүдэн шүдэнд дундаж үнээр бүрээс хийлгэчихье гэж бодож байгаа. Энэ эмчилгээг судалж үзэхэд хамгийн хямд нь 3 шүд болдог. Эмчилгээний зардал нь 1.800.000 төгрөг болдог гэсэн. Би мөнгөгүй учраас эмчилгээгээ хийлгэж чадаагүй байгаа. Би цаашид хийлгэх шаардлагатай байгаа тул 1.800.000 төгрөгийг нэхэмжилж байгаа.” гэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Г.Т  мэдүүлэхдээ: “...Шүүгдэгчийн хувьд мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн учир нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчийн хувьд би Д.С д гомдол саналгүй. Би нийт 3.064.071 төгрөгийн үнэтэй мэс засалд орсон. Би Д.С гаас 500.000 төгрөг авсан. Үлдэгдэл мөнгөө авах хүсэлтэй байна.” гэв.

 

         Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Т ын өгсөн мэдүүлэг /хх-6-7/, хохирогч Д.С гийн өгсөн мэдүүлэг /хх-8-10/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13169, 13044 дугаартай дүгнэлтүүд /хх-13-15, 17-20/, Г.Т ын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-12/, Г.Т ын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, ял шалгасан баримт, зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдсан баримт /хх-37-45/, Г.Т ын хохирол авсан баримт хохирлын баримт /хх-46, 49-50/, Д.С гийн иргэний үнэмлэхний лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, ял шалгасан баримт, зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдсан баримт /хх-51-57/, Д.С гийн хохирол авсан баримт хохирлын баримт /хх-70/, Г.Т ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-29-30/, Д.С гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-34-36/, зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Д.С  нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянцээлийн орчим иргэн Г.Т тай маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Г.Т  нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянцээлийн орчим иргэн Д.С тай маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгтгэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Т ын өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянцээлийн гудамжны туслах замаар 07-44 УБҮ улсын дугаартай Тоёота приус 20 маркын тээврийн хэрэгсэлтэй машины зогсоол хайгаад явж байсан гарцгүй газраар үл таних согтуу хүн машины урд руу зам хөндлөн гарч ирэхээр зогссон чинь миний машины урд талын гупер рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би машинаасаа буугаад “яагаад миний машин руу өшиглөж байгаа юм бэ” гэж бид маргалдаж эхэлсэн. Тэгээд бид хоёр бие биенийхээ хувцаснаас барьж авсан. Улмаар миний баруун нүд рүү гараа атгаж байгаад 3 удаа цохисон бөгөөд газарт унахаар нь нүүр рүү 2 удаа цохисон. Тэгээд бид хоёр салсан. Миний баруун хөмсөг сэтэрсэн, нүд хавдсан.” /хх-6-7/ гэх мэдүүлэг,   

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.С гийн өгсөн: “ ....2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр найзын хуримтай гээд ажлаасаа чөлөө авч гэртээ очиж хувцсаа солиод гэрээсээ гарч явах замдаа Сансарын тунелын эсрэг талын Хаан банкнаас найздаа бэлэг болгож 200.000 төгрөг авч, гараад алхаж байтал Хаан банкны урд туслах зам дээр нэг приус урдаас хойш чиглэлтэй явж байхдаа эрчтэй шүргэх шахахаар нь гараараа кофуд дээр нь тулгаад цаашаа үсэрсэн. Жолооч залуу “гөлөг минь чи гарцаараа гарахад яадаг юм” гээд уурлаад буугаад ирсэн. Тэр залуу над руу гараараа далайгаад нүүр рүү цохисон. Би зөрүүлээд баруун гараа явуулсан түүнийг онож цохисон эсэхийг мэдэхгүй. Буланд зогсож байгаад цамцаа хартал цус болсон байсан ба тэгээд ам эвгүй байхаар нь яасан бол гээд тэмтрээд үзтэл дээд эрүүний үүдэн 1 ширхэг шүд угаараа хугарсан.” /хх-8-10/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын шинжээчийн 13169 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Т ын биед баруун нүдний нулимсны сувгийн тасрал, баруун нүдний ухархайн дотор, доод хананы хугарал, хамар ясны хугарал, баруун хөмсөгний шарх, баруун зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” /хх-13/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13044 дугаартай дүгнэлтэд:

        1. Д.С гийн биед зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, дээд уруулд сорви гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” /хх-17-18/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Т ын яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна.  Тэр эрэгтэйдээ маргалдаж эхэлсэн. Тэр эрэгтэй маргалдаж эхэлсэн бөгөөд бие биенийхээ хувцаснаас барьж хоорондоо зууралдсан. Тэр хүн над руу дайраад байхаар нь би зөрүүлээд тэр хүний нүүр рүү нь 2 удаа цохисон. Тухайн үед тэр залуутай тохироод 500.000 төгрөг аваад гомдол саналгүй гэдгээ бичээд явсан. Би Д.С гийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна.” /xx-29-30/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.С гийн яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Тэр залууг намайг цохих гэж байна гэж бодоод зөрүүлээд нүүр тус газарт нь цохьсон. Би тэр залууд 500.000 төгрөг өгөөд мөнгө өгсөн авсан талаар баримт бичүүлж авсан. Г.Т  гэх залуугийн нүүрэн тус газарт би нэг удаа цохисон бусдад учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна.” /хх-34-36/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Г.Т ын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, ял шалгасан баримт, зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдсан баримт /хх-37-45/,

Шүүгдэгч Г.Т ын хохирол авсан баримт хохирлын баримт /хх-46, 49-50/,

Шүүгдэгч Д.С гийн иргэний үнэмлэхний лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, ял шалгасан баримт, зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдсан баримт /хх-51-57/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан, хохирогч нар нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Д.С гийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянцээлийн орчим иргэн Г.Т тай маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Мөн шүүгдэгч Г.Т ын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянцээлийн орчим иргэн Д.С тай маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

 Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан зарчимд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт

          Шүүгдэгч Г.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Д.С , Г.Т  нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Т  нь 3.064.071 төгрөгийн эмчилгээ хийсэн нь тогтоогдсон бөгөөд нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгч Д.С гийн төлсөн 500.000 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл 2.564.071 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Т т олгохоор тогтов.

 

Харин хохирогч Д.С гийн нэхэмжилсэн 1.800.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн ба хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Иймээс шүүхээс шүүгдэгч нарт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Д.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар Г.Т ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл тус тус оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч Д.С , Г.Т  нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд

            Шүүгдэгч Г.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Д.С г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Т ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.С , Г.Т  нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.С , Г.Т  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Д.С гаас 2.564.071 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Т т олгосугай.  

 

6. Д.С гийн нэхэмжилсэн 1.800.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

7. Хохирогч Д.С , Г.Т  нар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.С , Г.Т  нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.            

 

            9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.С , Г.Т  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.С , Г.Т  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС