| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2016/00741/и |
| Дугаар | 182/ШШ2016/00936 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 182/ШШ2016/00936
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .... тоотод оршин суух, Б.С-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..... тоотод байрлах, АХЦ-т холбогдох
48,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие АХЦ-тай 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр авто зогсоол худалдан авах, захиалгаар бариулах гэрээг байгуулсан.
Гэрээндээ уг зогсоолыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд цогцолбороор нь ашиглалтанд оруулна гэсэн боловч одоог хүртэл ашиглалтанд ороогүй ба үйл ажиллагаа явагдаагүй байна.
Гэвч 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зогсоол тус бүр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гэж А-4 цаас өгсөн.
Эзгүй хээр талд 3 x 6 хэмжээтэй 18 м.кв газрыг 4,000,000 төгрөгөөр худалдан өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон явдал ард иргэд биднийг хуурсан явдал гэж үзэж байна.
Ийм газар үйл ажиллагаа явуулаарай гэж анх гэрээ байгуулж, авто зогсоол захиалгаар бариулахад 1 зогсоолын үнэнд 4,000,000 төгрөг бүгд 8 зогсоол 32,000,000 төгрөг бэлэн тушаасан.
Гэрээндээ хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцно гэж заасан. Хоногийн алдангийг тооцоход нэг хоногийн 32,000 төгрөг болж байгаа бөгөөд үндсэн тушаасан мөнгө 32,000,000 төгрөгийн алданги 658 хоног буюу 21,05,6000 төгрөг болж байна.
Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас гэрээгээ цуцалж үндсэн төлбөр 32,000,000 төгрөг Алдангийг үндсэн мөнгөний 50 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалтыг үндэслэн 16,000,000 төгрөг, бүгд 48,000,000 төгрөгийг хариуцагч АХЦ-аас гаргуулж өгнө үү" гэв.
Хариуцагч АХЦ-ын ерөнхий менежер Н.Ж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Тус шүүхэд хянагдаж буй Б.Сын АХЦ-тай холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаарын болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар тогтоолоор АХЦ-ыг байгуулж, мөн өдрийн 19 дүгээр тогтоолоор Авто худалдааны цогцолбор-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлан, 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор авто зогсоолын төлбөр /бага оврын автомашины зогсоолыг 4 сая, том оврын автомашины зогсоолыг 9 сая төгрөг/-ийг баталж, цогцолборын эхний ээлжийн авто зогсоол, зам талбай, хамгаалалтын хашаа барих ажлыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний дотор хийж дуусгах талаар тусгагдсан.
Нийслэлийн Засаг Даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/218 дугаар захирамжаар Авто худалдааны цогцолбор-ыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх ажлын хэсэг байгуулагдаж, мөн оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/70 захирамжаар тус Үйлдвэрийн газрын удирдлагыг томилсон болно.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 2.1-д заасны дагуу зогсоолын төлбөрийг Үйлдвэрийн газарт төвлөрүүлж, цогцолборыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх Ажлын хэсгээс гаргасан ажлын төлөвлөгөөгөөр 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс иргэн, аж ахуйн нэгжтэй Авто машины зогсоол захиалан бариулах гэрээ-г байгуулж ажилласан.
Авто худалдааны цогцолбор Гэрээнд заасан хугацаанд бэлэн болоогүй дараах шатгаан, нөхцөлүүдийг тайлбарлавал:
Тус Үйлдвэрийн газрыг байгуулагдахаас өмнө Нийслэлийн Авто Замын Газар нь цогцолборын зам талбайн зураг төсвийг Аварга зам ХХК-иар гүйцэтгүүлсэн бөгөөд тодорхойгүй шалтгааны улмаас дээрх зураг, төсөв удааширч, үйлдвэрийн газарт ирүүлээгүй нь худалдан авах ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдахгүй байсан нь хугацаа алдуулсан.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 29 -дүгээр тогтоолын 2.1-т заасны дагуу зогсоолын төлбөрийг тус үйлдвэрийн газарт төвлөрүүлж, 2.2-т газар зохион байгуулалтын төлөвлөгөө, 2014 онд хувьчлагдах газын жагсаалт, төсөвт тодотгол хийн, газрын дуудлага худалдааг зохион байгуулж авто худалдааны цогцолбор-ын дэд бүтцийг эхлүүлэх үүргийг Нийслэлийн Засаг даргад өгсөн.
Нийслэлийн Засаг Даргын 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/655 дугаар захирамжаар авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтын эхний ээлжийн авто зогсоол, хамгаалалтын хашаа барих ажлын хуваарийг, мөн өдрийн А/657 дугаар захирамжаар дээрх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан.
АХЦ нь худалдан авах ажиллагааг ил тод болгох үүднээс НАЗГ, НХААГ-т авто зам, барилгын чиглэлээр үйл ажиллагаа тогтвортой явуулж буй компаниудын жагсаалтыг албан хүсэлтээр авч, мөн Үйлдвэрийн газарт хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагуудын нэрсийн жагсаалтын хамт Үнэлгээний хороонд хүргүүлсэн.
Үнэлгээний хороо нь жагсаалтын дагуу аж ахуйн нэгжүүдэд үнийн санал авах урилгыг ирж авахыг урьснаас 33 компани хүлээн авч, үүнээс тендерийн баримт бичгийг 28 компани худалдан авсан.
Тендер 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нээсэн ба Үнэлгээний хорооны зөвлөмжийг хүлээн авсаны дагуу шалгарсан компаниудтай 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн болно.
Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтын ажлын явцад уг талбайн орчимд өмнө нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож гүнзгий нүх ухан, нуур үүсгэсэн тул их хэмжээний талбайд дүүргэлт хийж, үндсэн чулуулагийн дэвсгэр хийх далангийн чулуулаг гаргах авто замын зориулалттай 300 мянган куб.м дайрга шороо олборлох шаардлага бий болсон.
Гүйцэтгэгч нар дээрх хэмжээний дайргыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдээс авч болох ч тээвэрлэлтийн зай хол, худалдан авах өртөг өндөр байгаа нь тухайн ажлын өртөг өсөх, төлөвлөсөн санхүүжилт хүрэлцэхгүй зэрэг олон асуудлууд тулгарсанаас 20 орчим хоногийн хугацаа алдсан нь тогтоол, захирамжид заасан хугацаанд ашиглалтад оруулж амжихгүй шалтгаан болсон билээ.
Гүйцэтгэгч компаниуд дээрх байдлаар цаг хугацаа алдсан хэдий ч хүн хүч, техникийн давуу талаа ашиглан цаг агаарын нөхцөл байдалд тохируулан 2014 оны 10 дугаар сарын 20 хүртэл ажлаа үргэлжлүүлсэн боловч зам барилгын ажил улирлын чанартай хийгддэг, хөрсөн дээрх температур +5 хэм хүрэхэд ажил гүйцэтгэхэд технологийн шаардлага хангагдахгүй тул ажлыг зогсоож, гүйцэтгэгч компаниудтай 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээг сунгасан.
Энэ хугацаанд буюу Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн цагаас эхлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Зам тээвэр, барилгын асуудал хариуцсан орлогчид тус тус удаа дараа хүсэлт, шаардлага хүргүүлж байсны үр дүнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 24/04 дүгээр Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны өдрийн А/292 дугаар Авто худалдааны цогцолборын эхний ээлжийн авто зогсоолын гүйцэтгэлийн санхүүжилтийн тухай захирамжаар санхүүжилт авахаар болсон.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 29 дүгээр тогтоолын 2.2 дахь заалт, Нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах тухай А/33 дугаар захирамжаар Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Авто худалдааны цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий барилгын 12 байршил дээр газрын дуудлага худалдааг 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нийт 4 удаа нээлттэйгээр зохион байгуулж, үүнээс 3 удаагийн дуудлага худалдаагаар 10 байршил нь зарагдаж, үлдсэн 2 байршлын дуудлага худалдаанд нэг ч оролцогч ирээгүй.
Ингээд дээрх дуудлага худалдаанаас орсон орлогын хувьд Нийслэлийн санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийслэлийн Өмчийн харилцааны газартай тооцоо нийлэн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, 2015 оны 11 дүгээр 10-ны өдрүүдэд санхүүжилтийг хуваан олгож Нийслэлийн Санхүү төрийн сангийн хэлтэст авто худалдааны цогцолборын зогсоол барих ажлын эхний 50 хувийн гүйцэтгэлийг гарган өгснөөр 4 гүйцэтгэгч компанид шилжүүлж, ажлыг үргэлжлүүлэх бололцоотой болсон байна.
Улсын комисс 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс ажилласан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр акт гарч, комисс хүлээн авснаар гэрээний зүйл баталгаажиж захиалагчид албан ёсоор хүлээлгэн өгөх нөхцөл бүрдсэн бөгөөд цогцолборт автомашины зогсоол худалдан авахаар захиалга өгсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллага руу /гэрээнд бүртгэлтэй утасны дугаараар/ утсан холбоо барьж цогцолборын нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьсан.
Иргэн Б.С нь 2014 оны 05 дугаар сарын 15-нд 1А/1405-03 дугаартай Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ байгуулж нийт 8 ширхэг автомашины зогсоол худалдан авсан бөгөөд автомашины зогсоол өмчлөлийн гэрчилгээ 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөр гарч, мөн оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэрчилгээг өөрт нь гардуулж өгсөн байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 130 га газарт Авто худалдааны цогцолборыг байгуулахаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан. Тус Үйлдвэрийн газрыг байгуулагдсан цагаас эхлэн дээрх 130 га газрын эзэмшлийг манай Үйлдвэрийн газрын нэр дээр шилжүүлж өгөх асуудлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Өмчийн Харилцааны газарт удаа дараа хүсэлт хүргүүлсэн боловч мөн л тодорхойгүй шалтгаанаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/861 дүгээр Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөгдөж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын жагсаалт захирамжаар Үйлдвэрийн газрын нэр дээр газрын эрх шилжсэн.
Газрын эрх шилжиж ирснээр Сонгинохайрхан дүүргийн Хөрөнгө бүртгэлийн газар /одоогийн Сонгинохайран дүүргийн хөрөнгө бүртгэл, статистикийн хэлтэс/-т цогцолборын автомашины зогсоолд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай асуудлыг тавьж, холбогдох материалыг бүрдүүлэн өгч, зогсоол худалдан авсан аж ахуйн нэгжүүдэд өмчлөх эрх албан ёсоор нээгдсэн болно.
Дээрх хүндэтгэн үзэх шалтгаануудаас цаг хугацаа алдсан нь АХЦ-ын үйл ажиллагаанаас шууд хамааралгүй учир гэрээний алдангийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймээс Монгол Улсын Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй., Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ-ний 10.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт: Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулинд зааснаар өмчлөгч нь эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна гэдэг.
Нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сард өмчлөлөө бүртгүүлж гэрчилгээ авсан байдаг. Тэгэхээр 48.000.000 төгрөгийг бүхэлд нь нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
Хугацаа хэтрүүлсний алдангийн хувьд бид төлөх боломжгүй. Учир нь гэрээний 8.2-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэж байна.
Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг хэрэгт өгсөн. Гэрээний 10.1-т зааснаар төр засгийн шийдвэр болон иргэдийн үймээн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр авто худалдааны цогцолбортой холбоотой сөрөг мэдээлэл гарч байсан нь хугацаа хэтрүүлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.
Манай талаас гэрээний үүрэг дууссан гэж үзэж байна. Учир нь өмчлөх эрхээ бүртгүүлчихсэн учраас гэрээг цуцлах үндэслэлгүй юм гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.С нь "Авто худалдааны цогцолбор" ОНӨААЭҮГазарт холбогдуулан 48,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шардлагаа гэрээг цуцалж үндсэн төлбөр 32,000,000 төгрөг, алданги 16,000,000 төгрөг, нийт 48,000,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон.
Нэг: Гэрээг цуцалж үндсэн төлбөр 32,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д "ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасан.
Талуудын хооронд 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1А\1405-03 дугаартай "Автомашины зогсоол захиалгаар бариулах" гэрээг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулж, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр талууд дээрх гэрээнд 1А блокын 304-311 хүртэл дугаартай автомашины зогсоолыг 1А блокын 514-521 дугаартай автомашины зогсоолд байршуулан шилжүүлж нэмэлт өөрчлөлт оруулжээ.
Гэрээний дагуу нэхэмжлэгч Б.С нь 8 ширхэг зогсоолын үнэ болох 32,000,000 төгрөгийг 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчийн Хаан банкны 5099339906 тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгч тал хуульд заасны дагуу гэрээг цуцлах шаардлага гаргах эрхээ хуульд заасны дагуу авто зогсоолын ажлыг гүйцэтгэж дуусахаас өмнө хэрэгжүүлээгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1А\1405-03 дугаартай "Автомашины зогсоол захиалгаар бариулах" гэрээг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал гэрээнд заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Авто худалдааны цогцолбор 1 дүгээр бүс 3 дугаар хэсэг гудамж 514, 515, 516, 517, 518, 519, 520, 521 тоот хаягт байршилтай тус бүр нь 18.мкв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж 518 тоот зогсоолын 000466050 дугаартай гэрчилгээг, улсын бүртгэлийн Ү-2201045200 дугаарт 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, 514 тоот зогсоолын 000466856 дугаар гэрчилгээг улсын бүртгэлийн Ү-2201045365 дугаарт 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 519 тоот зогсоолын 000466855 дугаар гэрчилгээг улсын бүртгэлийн Ү-2201045364 дугаарт 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 520 тоот зогсоолын 000466854 дугаар гэрчилгээг Ү-2201045362 дугаарт 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 517 тоот зогсоолын 000466853 дугаар гэрчилгээг улсын бүртгэлийн Ү-2201045361 дугаарт 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 516 тоот зогсоолын 000466852 дугаар гэрчилгээг улсын бүртгэлийн Ү-2201045360 дугаарт 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр, 515 тоот зогсоолын 000466851 дугаар гэрчилгээг улсын бүртгэлийн Ү-2201045359 дугаарт 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр, 521 тоот зогсоолын 000466802 дугаар гэрчилгээг улсын бүртгэлийн Ү-2201045301 дугаарт 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус тус бүртгүүлж хууль ёсны өмчлөгч нь болжээ.
Ийм учраас хариуцагч АХЦазраас гэрээг цуцалж үндсэн төлбөр 32,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хоёр: Алданги 16,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д "хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хонгог тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ" гэж заасан.
Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1А\1405-03 дугаартай "Автомашины зогсоол захиалгаар бариулах" гэрээний 8.1-д гүйцэтгэгч нь гэрээний 5.1-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол ийнхүү хугацаа хэтэрсэн хоног тутам хөрөнгө оруулагчийн төлсөн санхүүжилтийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлөх гэж тохиролцсон байна.
Хариуцагч нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаартай АХЦ байгуулах тухай тогтоолыг хавсралтын хамт, Авто худалдааны цогцолбор-ын хэсэгчилсэн төлөвлөгөө батлах тухай 19 дүгээр тогтоолыг хавсралтын хамт, 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр Авто худалдааны цогцолбор-ыг барих зарим арга хэмжээний тухай тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/218 дугаартай Авто худалдааны цогцолбор-ыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх ажлын хэсэг байгуулах тухай, 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/472 дугаартай Авто худалдааны цогцолбор-ын бүтэц орон тоог батлах тухай, 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/657 дугаартай Үнэлгээний хороо байгуулах тухай, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/33 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах тухай, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/861 дүгээр Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай захирамжууд, Авто худалдааны цогцолборын гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулах тухай 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 01/252, 01/253, 01/254, 01/255 дугаартай албан бичгүүд, Батбубик ХХК, Тэгш плант ХХК, Эко тогтоол ХХК-иудын Нийслэлийн Засаг даргад хандаж санхүүжилт хүссэн албан бичгүүд болон 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2015/566 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт зэрэг баримтуудыг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10 дугаар зүйлийн 10.1-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан байсан учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хариуцагчийн гаргаж өгсөн дээрх баримтуудаар талуудын байгуулсан гэрээний 10 дугаар зүйлийн 10.1-д заасан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэж хариуцагчийг хуульд заасан алдангиас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй байна.
Харин хариуцагч нь хугацаандаа үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу алданги шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг.
Иймд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан өдрийг хүртэл хугацаа буюу 488 хоногийн алданги /1 хоногийн алданги 32,000,000 х 0.1 хувь=32,000 төгрөг/ буюу 15,616,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 32,384,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2-т тус тус зааснаар хариуцагч АХЦ-аас 15,616,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 32,384,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч АХЦ-аас 263,030 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 397,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА