| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2017/0076/Э |
| Дугаар | 52 |
| Огноо | 2017-07-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 52
М.П-ид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Я.Туул
Шүүгчид Ц.Амаржаргал
Б.Манлайбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Т-
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Т-цэцэг нар оролцож,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Т.Энхжаргал даргалж 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 135 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-ын П-ид холбогдох эрүүгийн 201609000684 тоот 1 хавтаст хэргийг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгал судлаач мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 1 дүгээр хороолол 34 байр 55 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 4 удаагийн ял шийтгэлтэй, сүүлд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар нийт 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Малчин овогт М-ын П- /Регистрийн дугаар: **********/,
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
М.П- нь ялтай байх хугацаандаа 2016 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан сумын 8 дугаар баг, 11 дүгээр байрны 55 тоот Б.Т-гийн гэрт хаалгаар нь сэм нэвтрэн орж нийт 835.000 төгрөгний эд зүйл хулгайлахаар завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор:
-Малчин овогт М-ын П-ийг орон байранд нэвтэрч бусдын эд зүйл хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Малчин овогт М-ын П-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 1 жил 4 сар /нэг жил дөрвөн сар/-ын хорих ялаар шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.П-ид оногдуулсан 1 жил 4 сар /нэг жил дөрвөн сар/-ын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч М.П- нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч М.П-ийн урьдчилан цагдан хоригдсон 114 /зуун арван дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч М.П-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцохоор... тус тус заажээ.
Шүүгдэгч М.П- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“Миний бие М- овогтой П- нь 2016 оны 12 сарын 20-ноос 21нд шилжих шөнө хулгайн гэмт хэрэгт холбогдож, 2017 оны 04 сарын 04-нд анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар анхан шатны шүүхээс 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн. 2017 оны 04 сарын 24-нд Улсын яллагч эсэргүүцэл бичсэнээр давж заалдах шатны шүүх 2017 оны 05 сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх шийдвэр гаргаснаар 2017 оны 05 сарын 30-нд анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд урьд оноосон 6 сарын ялыг өөрчилж 1 жил, 4 сарын хорих ял болгон өөрчилж шийдвэрлэсэн.
Иймд М- овогтой П- нь давж заалдах шатны шүүхэд гаргах өргөдөлдөө улсын яллагчийн тайлбарласнаар шүүхэд зөвхөн сонсгосон ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх буюу хүндрүүлэх үндэслэлгүй гэсэн заалтыг зөрчиж шүүх хэвээр баталсанд гомдолтой байна. Миний бие нь хийсэн хэрэгтээ гүнээ гэмшиж, харуусаж байна. Иймд хэргийг минь хөнгөрүүлэн үзэж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Т- гаргасан тайлбартаа:
“...М.П-ийн хувьд хуучин Эрүүгийн хуулиар завдалтаар гэж зүйлчлэгдэж байсан бөгөөд шинэ Эрүүгийн хуулиар “завдалт” гэх нэр томъёо нь хасагдсан тул М.П-ийг цагаатгах үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
Тодорхойлох нь:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас М.П-ийг ялтай байх хугацаандаа Б.Т-гийн гэрт хаалгаар нь сэм нэвтрэн орж нийт 835.000 төгрөгний эд зүйл хулгайлахаар завдсан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь /2002 оны Эрүүгийн хууль/ хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд М.П-ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 1 жил 4 сарын хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.П-ийн “...анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэх үндэслэлээр бичсэн давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд:
Шүүгдэгч М.П- нь Б.Т-гийн гэрт хаалгаар нь сэм нэвтрэн орж нийт 835.000 төгрөгний эд зүйл хулгайлахаар завдсан болох нь хохирогч Б.Т-гийн мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/, гэрч Б.Дугарын мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/, гэрч Б.Баасандоржийн мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/, хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 2 хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-11 хуудас/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12 хуудас/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13 хуудас/, Капитал зууч ХХК-ний дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хх-ийн 28-29 хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд анхан шатны шүүхээс хэргийн байдалд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийж, түүнд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байх бөгөөд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь шүүгдэгч М.П-ийн үйлдсэн хэргийн шинж байдал, гэм бурууд тохирсон байна.
2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд урьд нийгэмд аюултай гэж үзэж байсан зарим үйлдэл эс үйлдэхүй гэмт хэрэгт тооцогдохгүй болж ихэнхи гэмт хэргүүдэд оногдуулах эрүүгийн хариуцлага хөнгөрч байна. Иймд Монгол улсын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3, 5 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Малчин овогт М-ын П-ид холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуульд заасан “Хулгайлах” гэмт хэрэгт дүйцүүлэн өөрчилж, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлэхээр” заасан тул М.П-ид оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас доош татан оногдуулан шийдвэрлэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 1.5 дахь хэсгүүд, 39.11 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3, 5 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Малчин овогт М-ын П-ид холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуульд /шинэчилсэн найруулга/ заасан “Хулгайлах” гэмт хэрэгт дүйцүүлэн өөрчилж, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлсэнтэй холбогдуулан Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 160 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг дараах байдлаар бүхэлд нь өөрчилсүгэй.
“1. Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Малчин овогт М-ын П-ид Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож ирүүлснийг Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 гэж өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч М.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүний байнга амьдрах орон байранд нэвтрэн орж хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Малчин овогтой М-ын П-ид 1 жил /нэг жил/-ийн хорих ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-ид оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-ийн цагдан хоригдсон 147 /нэг зуун дөчин долоо/ хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хассугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримт байхгүй болохыг дурдсугай”
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 37.2 дугаар зүйлд зааснаар Давж заалдах шатны шүүхийн шийдвэр уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болох тул шүүхийн шийдвэрийг энэ өдрөөс эхлэн гүйцэтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.
ДАРГАЛАГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Б.МАНЛАЙБААТАР