Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1972

 

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2016/01972

 

Д.Долгормаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/00740 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Долгормаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Отгончимэгт холбогдох

 

Өргөтгөлийн  барилгын өмчлөгчөөр тогтоолгож, түрээсийн орлого 15 240 000 төгрөг гаргуулах, түрээсийн төлбөрийг сар бүр өгч байхыг М.Отгончимэгт даалгуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Д.Долгормаа болон хариуцагчийн өмгөөлөгч Э.Хашчулуун нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Долгормаа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Давхарбаяр

Хариуцагч: М.Отгончимэг

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Хашчулуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Долгормаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Ц.Давхарбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Долгормаа нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 20 дугаар байрны 49 тоот 3 өрөө байрны өргөтгөлийг өмчлөгчийн зөвшөөрлийн үндсэн дээр барьж, өмнө нь 44 м.кв талбайтай байсан обьектыг 100 м.кв талбайгаар тооцон, бусдад түрээслэх болсон. Ингэхдээ нэгэнт 100 м.кв гэж тооцох болсон учраас Долгормаагийн өмчлөлийн хэсгийг 100 м.кв талбайг 50 хувь, мөн Отгончимэгийн ногдох хэсгийг ч 50 хувь гэж үзэн, түрээсийн орлогыг адил тэгшээр хувааж ирсэн. Тухайн обьектыг бусдад түрээслэн олж байсан орлогыг хуваан авч байсан нь хариуцагч өргөтгөлийн өмчлөгч нь Долгормаа болохыг хүлээн зөвшөөрч  байсныг харуулдаг. Өргөтгөл баригдсанаар улсын бүртгэлд өөрчлөлт ороогүй, энэ хугацаанд Отгончимэг нэг бус удаа зээл авч байраа барьцаалахдаа барилгаа бүхэлд нь барьцаанд тавьж ирсэн. Мөн 2014 оны 6 сараас эхлэн түрээсийн орлогоос ногдох хувийг өгөхөө больсон зэрэг нь тус өргөтгөлийн өмчлөгч болох миний эрхийг зөрчсөн. Улсын бүртгэлээр баталгаажаагүй өргөтгөл Долгормаагийн өмч гэж үзэх ч боломжгүй байгаа юм. Иймд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 20 дугаар байрны 49 тоот  3 өрөө байрны 34.08 м.кв ашигтай талбай бүхий өргөтгөл Д.Долгормаагийн өмч болохыг тогтоож өгнө үү. Тус өргөтгөлийг өмчлөгч бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн газарт хандахад, шүүхээр тогтоолгосны дараа өмчлөгчөөр бүртгэнэ гэсэн хариу өгсөн юм. Мөн Улсын Дээд шүүхээр маргаан шийдвэрлэгдсэний дараа Чингэлтэй дүүргийн бүртгэлийн газарт хандахад, өргөтгөлийг бүртгэнэ гэсэн хариу өгсөн билээ. Иймээс шүүх өмчлөлийн асуудлыг шийдвэрлэж байгаа тул түүний үр дагаврыг ч бас шийдвэрлэх боломжтой тул Чингэлтэй дүүргийн улсын буртгэлийн газарт Д.Долгормааг өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ гаргахыг даалгаж өгнө үү. Барилгыг 2001 онд худалдан авахад ч үйлчилгээний зориулалтаар ашигладаг байсан. 2006 оны 8 сард барьсан өргөтгөлийн хамтаар 100 м2 талбайгаар тооцон үргэлжлүүлэн түрээслэсэн. Гарсан өөрчлөлт бол нэгэнт миний хөрөнгө Отгончимэгийн хөрөнгө дээр нэмэгдсэн учраас түрээсийн орлогыг бид хуваан авдаг байсан. Бидний хооронд өөр байрны маргаан гарснаас хойш буюу 2014 оны 6 сараас хойш түрээсийн орлогоос надад ногдох хувийг өгөөгүй. Иймээс 2014 оны 6 сараас 2015 оны 9 сарыг хүртэлх нийтдээ 15 сарын түрээсийн төлбөрийн 50 хувь болох 9 000 000 төгрөг, 2015 оны 9, 10, 11, 12 сарын түрээсийн төлбөр болох 1 920 000 төгрөг, 2016 оны 1 сараас 10 cap хүртэлх хугацааны түрээсийн орлого болох 4 32 0 000 төгрөг буюу нийт 15 240 000 төгрөгийг гаргуулах, цаашид Д.Долгормаагийн өмчлөлийн хэсэгт оногдох түрээсийн орлогыг cap бүр өгч байхыг М.Отгончимэгт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Отгончимэг, түүний өмгөөлөгч Э.Хашчулуун нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Долгормаа нь манай нөхөртэй байранд өргөтгөл барьж өгье гэж ярилцсан байсан. Бид бодохдоо энэ өргөтгөлийг барьж өгч бид нарт туслаж байна л гэж ойлгож байсан. Өргөтгөлийг "Эко констракшн" ХХК-иар бариулсан гэдэг. Үнэгүй бариулсан гэдгийг тэнд ажиллаж байсан бүх хүмүүс мэдэж байгаа. Барилгын ажил дуусахад зарим зүйлс нь дутуу байсан. Би анхнаасаа ийм зүйл ярих байсан бол өргөтгөл хийлгэхгүй байсан. Би энд бүх зүйлээ хийж амьдардаг байсан. Анх бариулахдаа 15 000 000 төгрөгөөр бариулсан л гэдэг. Би 80 000 000 төгрөг өгсөн. Байрыг түрээслэж байгаа хүмүүст би энэ байрын эзэн М.Отгончимэгт түрээсээ битий өг гэсэн байдаг. Гол үйл ажиллагаа нь манай хойд талын хэсэгт явагдаж байгаа. Өргөтгөл бол хүмүүсийн хүлээлгийн хэсэг л байгаа. Нийт байрны талбайн 4/1 нь л өргөтгөлийн хэсэг байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 108 дугаар зүйлийн 108.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Долгормаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Д.Долгормааг Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 20 дугаар байр, 49 тоот, 3 өрөө байрны 34.08 метр квадрат ашигтай талбай бүхий өргөтгөлийн барилгын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангаж, Д.Долгормааг Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 20 дугаар байр, 49 тоот, 3 өрөө байрны 34.08 метр квадрат ашигтай талбай бүхий өргөтгөлийн барилгын өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Д.Долгормаагийн өргөтгөлийн барилгыг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгохыг бүртгэлийн байгууллагад даалгуулах, 2014 оны 6 дугаар сараас 2015 оны 9 дүгээр сарыг хүртэлх нийтдээ 15 сарын түрээсийн төлбөрийн 50 хувь болох 9 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөр болох 1 920 000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сараас 2016 оны 10 дугаар cap хүртэлх хугацааны түрээсийн орлого болох 4 320 000 төгрөг, нийт 15 240 000 төгрөгийг М.Отгончимэгээс гаргуулах, Цаашид Д.Долгормаагийн өмчлөлийн хэсэгт ногдох түрээсийн орлогыг cap бүр өгч байхыг М.Отгончимэгт даалгуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 343 940 төгрөгөөс 304 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 39 590 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч М.Отгончимэгээс 70 200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Долгормаад олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Долгормаа нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Маргаан бүхий байр нь орон сууцны зориулалттай барилга боловч үйлчилгээний зориулалтаар ашиглаж ирсэн бөгөөд уг байрны өргөтгөлийн өмчлөгчөөр Д.Долгормааг тогтоосон хэрнээ өмчлөх эрхээс үүсч байгаа үр дагаврыг шийдвэрлээгүй орхигдуулсан. Хариуцагч Отгончимэг нь өргөтгөл баригдсан үеэс хойш бусдад түрээслэн олж байсан ашгийн 50 хувийг нэхэмжлэгчид cap бүр өгсөөр 2014 оны 6 cap хүрсэн үйл баримт байгааг үгүйсгээгүй, мөн үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй. Тухайн барилга нь Д.Долгормаагийн бариулсан өргөтгөлөөр нэмэгдсэн тул Отгончимэг нь Иргэний хуулийн 108-р зүйлийн 108.5 дахь хэсэгт ...дундаа хэсгээр өмчлөгчид өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг хуваах... талаар заасныг хэрэгжүүлэн түүний өмчлөлийн хэсэгт оногдох ашгийг өгч байсан үйлдлийн талаар нэхэмжлэгчийн тайлбарт дурьдсан ба хариуцагч энэ үйлдлээ үгүйсгээгүй, харин өргөтгөлийн үнэ төлөгдсөн гэж тайлбарладаг нь дээрх үйлдэлтэйгээ огт холбоогүй байхад шүүх зөвхөн нэг талаас дүгнэсэн байна. 2014 оны 6 cap хүртэл өгч байсан ашиг орлого тэгвэл юу болохыг, яагаад түрээсийн орлогын 50 хувийг Д.Долгормаад өгөөд байсан гэдгийг анхаарч үзэхгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Хашчулуун давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "нэхэмжлэгч Д.Долгормаагийн өргөтгөлийн барилгын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь өөрийн хөрөнгөөр бий болгосон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хүлээн зөвшөөрүүлэх агуулгатай, хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 9.4.1-т зааснаар тайлбарлаж байгаа, өргөтгөлийн барилгыг Д.Долгормаа өөрийн хөрөнгөөр барьсан болох нь тогтоогдсон, хариуцагч нь өргөтгөлийн барилгад хөрөнгө оруулсан гэж үзэх байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч хөрөнгө гаргаж өргөтгөлийн барилгыг бариулсан гэдэгтэй маргадаггүй. Харин анхнаасаа өмчлөх хүсэл зоригийг илэрхийлсэн бол өргөтгөлийг бариулахгүй байх байсан. Нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага гаргаж байгаа нь Эд хөрөнгө, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон Улсын бүрттэлийн Ерөнхий газрын даргын 2011 оны 01 сарын 17 өдрийн №38 дугаар тушаал, түүний хавсралтаар баталсан журмуудаар өмчлөх эрх олгогдох боломжгүй.

Шүүх Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т заасны дагуу талуудын хооронд хэлцэл хийгдээгүй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч Д.Долгормаа нь анхнаасаа өргөтгөлийг өмчлөхөөр тохиролцон хөрөнгө оруулж бариулсан мэтээр тайлбарлаж Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасныг хэрэглэсэн нь давж заалдах гомдол гаргах үндэслэл болж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зүйл болох өргөтгөлийн барилга нь эд хөрөнгийн шинжийн хувьд хариуцагчийн дангаар өмчлөх эд хөрөнгөтэй залгаа шинжтэй, уг барилгад өмчлөх эрх гаргах, улсын бүртгэлд бүртгэх боломжтой эсэх нь баримтаар тогтоогдоогүй. Учир нь эрх бүхий 3 байгууллагаас ирүүлсэн албан бичгүүд нь цаг хугацааны болон утгын хувьд хоорондоо зөрчилтэй, нэхэмжлэлийн шаардлагын зүйл болсон эд хөрөнгөд зориулан бичигдсэн эсэх нь тодорхойгүй, нэг асуудлаар 3 өөр субъектээс өөр өөр утгатай албан бичиг ирүүлсэн зэрэг нь хэргийн бодит нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтооход эргэлзээ төрүүлдэг. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/00740 дугаар шийдвэрийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Д.Долгормаа нь хариуцагч М.Отгончимэгт холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 20 дугаар байр, 49 тоот, 3 өрөө орон сууцны өргөтгөлийн 34.08 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах, түрээсийн төлбөрт 15 240 000 төгрөг гаргуулж, өөрийн өмчлөлийн хэсэгт ногдох түрээсийн төлбөрийг сар бүр өгч байхыг М.Отгончимэгт даалгах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан дээр газар эзэмших эрхийн лавлагаа гарах хүртэл, нотлох баримт гаргах  боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргахад шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, хариуцагчийн өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцуулах боломжоор хангана гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулжээ. /х.х-ийн 253-254 дүгээр тал/ Өөрөөр хэлвэл шүүх хуралдаан дээр хариуцагчийн зүгээс гарсан нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой асуудлаар тодорхой шийдвэр гаргаагүй байна.

           

            Мөн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн өмгөөлөгч нь Чингэлтэй дүүргийн өмч, газрын харилцааны албанаас нотлох баримт ирэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх өмнө нь энэ үндэслэлээр шүүх хуралдаан хойшилж байсан гэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, гомдол гаргах эрхгүйг дурдан шийдвэрлэжээ.

 

            Бичгэн хэлбэрээр шүүгчийн захирамж гараагүй нь зохигчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах эрхийг хязгаарласан байх бөгөөд энэ нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчжээ.  

 

            Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлт нь хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг тодорхойлоход ач холбогдолтой байхад хүсэлтийг хүлээж авалгүй зохигчийн нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах, тайлбар татгалзлаа нотлох, түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх эрхийг хязгаарлаж, мэтгэлцэх эрхийг зөрчжээ.

 

            Хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй  байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Түүнчлэн хавтаст хэргийн 281, 282 дугаар талд шүүх хуралдааны тэмдэглэлийн сүүлийн хуудас 2 удаа авагдсан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ууганбаяр, Б.Энхтүвшин оролцсон гэж хоёр янзаар бичсэн, шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нарийн бичгийн даргаар Б.Энхтүвшин оролцсон гэсэн бол, тэмдэглэлд Г.Ууганбаяр оролцсоноор тусгагдсан нь нарийн бичгийн даргаар хэн оролцсоныг тогтоох боломжгүй болгосон байх бөгөөд шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд нийцээгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, маргааны үйл баримтыг тогтоох боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/00740 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Отгончимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                  А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                    Ш.ОЮУНХАНД