Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2021/0035

 

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2021/0035

Улаанбаатар хот

 

                                                 “Д.О.А” ХХК-ийн гомдолтой              

                                                  захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Янжиндулам, гомдол гаргагчийн төлөөлөгч Ш.Н, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, хариуцагч Ц.Б, О.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 710 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Д.О.А” ХХК-ийн гомдолтой, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Бундхорол, О.Давааням нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 710 дугаар шийдвэрээр: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасныг баримтлан “Д.О.А” ХХК-ийн гомдолтой, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Бундхорол, О.Давааням нарт холбогдох “Улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 260012090 дугаар шийтгэлийн хуудсын “Нэгдсэн Ванд Улсад бүртгэлтэй Д.Г.С.Х.Л компанид төлсөн төлбөртэй холбогдуулан ногдуулсан 2016 оны хувьд 20,180,952.30 төгрөгийн нөхөн татвар, 6,054,285.70 төгрөгийн торгууль, 5,808,481.70 төгрөгийн алданги, нийт 32,043,719.00 төгрөгийн төлбөр, 2017 оны тухайд 19,592,074.40 төгрөгийн нөхөн татвар, 5,877,622.40 төгрөгийн торгууль, 1,645,743.20 төгрөгийн алданги, нийт 27,115,431.30 төгрөг, Зөөврийн компьютер импортлоход төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг борлуулалтад ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвараас хассантай холбогдуулан ногдуулсан 3,566,456.90 төгрөгийн торгууль, 998,640.40 төгрөгийн алданги, нийт 4,565,067.3 төгрөгийн төлбөрийг” тус тус хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн төлөөлөгч Ш.Н давж заалдах гомдолдоо: “... “Д.О.А” ХХК нь “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Бундхорол, О.Давааням нарын 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 260012090 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 710 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бид 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гардаж авсан.

Гомдол гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй хэмээн эс зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийдвэрт бүхэлд нь өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлүүлэхээр дараах үндэслэл бүхий давж заалдах гомдлыг гаргаж байна.

Гомдол гаргагч нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч талыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, 2008 оны Татварын ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн тухай дурдсан.

Д.Г.С.Х.Л компанид төлсөн төлбөрүүдийн тухайд.

2016 онд шилжүүлсэн төлбөрийн хуульд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3-д заасан “Нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах”, 2017 онд шилжүүлсэн төлбөрийн тухайд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д “Татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн...” гэсэн заалтуудыг үндэслэн шийтгэл оногдуулсныг үндэслэлгүй гэж үзсэн.

Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3 дахь заалтын эхэн хэсэг буюу 74.1-д “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид...” гэсэн зүйл байдаг. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-ийн эхэн хэсэгт буюу 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор” гэсэн зүйл байдаг.

Гомдол гаргагч нь Татварын ерөнхий хуулийн 74.1.3, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан зөрчил гаргаагүй гэдэг нь татварын хяналт, шалгалт, анхан шатны шүүх хуралдааны явцад тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч нь ямарваа нэгэн орлого нуун дарагдуулаагүй, татвар төлөхөөс зайлсхийгээгүй, зайлсхийхийг завдаагүй бөгөөд хариуцагч тал ч мөн үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ байр суурь нь шийтгэлийн хуудсын нүүр хуудсанд “... санхүүгийн анхан шатны баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, кассын тайлан зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул ...” гэж бичсэнээр тогтоогдож байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-д “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан. Гэтэл хариуцагч гомдол гаргагчийг орлого, орлогоос бусад зүйлийг нуусан, татвар төлөхөөс зайлсхийх үйлдэл гаргаагүйг хүлээн зөвшөөрч байгаа атлаа “нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах”, “Татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн” гэх үндэслэлээр шийтгэлийн хуудсыг бичсэн нь Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэсэн явдал болсон гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хариуцагч талыг хууль буруу хэрэглэсэн гэдгийг болон дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж үзээгүйгээр шийдвэрээ гаргалаа. Анхан шатны шүүх Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үнэхээр бий болсон эсэхийг шинжилж судлан тогтоогоогүй байна.

Зөөврийн компьютер импортлоход төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хассантай холбоотойгоор хариуцагч талаас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д “Татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан”, 1.2-т “Татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн” гэсэн 2 заалтыг үндэслэн шийтгэл ногдуулсныг үндэслэлгүй гэж үзсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “Үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй” гэж заасан бөгөөд дээрх компьютерууд нь өөрөө тухайн байгууллагын үндсэн хөрөнгө юм” гэжээ.

Гэтэл анхан шатны шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасныг харгалзан үзсэнгүй.

Өөрөөр хэлбэл, нэмэгдсэн өртгийн албан татварын хууль тогтоомж ямар ямар хуулиас бүрэлдэхийг тодорхой заасан байгаа бөгөөд энэ дотор Зөрчлийн тухай хууль байхгүй.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-д “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан байдаг. Гэтэл зөөврийн компьютер импортлоход төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасах талаар ямарваа зохицуулалт Зөрчлийн тухай хуульд байхгүйг анхан шатны шүүх харгалзаж үзсэнгүй. 

Дээрх үндэслэлийг харгалзан үзсэний дээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 710 дугаар шийдвэрт бүхэлд нь өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаар магадлан шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий 260012090 дугаар шийтгэлийн хуудсаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3-д тус тус заасны дагуу гомдол гаргагч “Д.О.А” ХХК-ийн 2016 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суудаггүй татвар төлөгчид шилжүүлсэн 201,809,522.46 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан суутгаж төсөвт шилжүүлээгүй зөрчилд 20,180,952.30 төгрөгийн нөхөн татвар, 6,054,285.70 төгрөгийн торгууль, 5,808,481.70 төгрөгийн алданги, нийт 32,043,719.70 төгрөгийн төлбөр,

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасны дагуу 2017 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суудаггүй татвар төлөгчид шилжүүлсэн 195,920,747.40 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан суутгаж төсөвт шилжүүлээгүй зөрчилд 19,592,074.70 төгрөгийн нөхөн татвар, 5,877,622.40 төгрөгийн торгууль, 1,645,734.20 төгрөгийн алданги, нийт 27,115,431.30 төгрөгийн төлбөр,

2017 онд компанийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор нийт 118,882,195.99 төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг зөөврийн компьютер импортлон оруулж ирэхдээ гаалийн байгууллагад төлсөн 11,888,219.60 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг 2017 оны 03 сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн хасалт хэсэгт тусган тайлагнаж төсөвт төлөх албан татварын хэмжээг бууруулсан зөрчилд 11,888,219.60 нөхөн татвар, 3,566,465.90 төгрөгийн торгууль, 998,610.40 төгрөгийн алданги, нийт 16,453,295.90 төгрөгийн төлбөрийг тус тус  ногдуулжээ.

Гомдол гаргагчаас актаар ногдуулсан төлбөрийн үнийн дүн, тооцооллын асуудлаар маргаагүй, харин “...бид ямарваа нэгэн орлого нуун дарагдуулаагүй, татвар төлөхөөс зайлсхийгээгүй, зайлсхийхийг завдаагүй, нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах үйл ажиллагаа явуулаагүй, Д.Г.С.Х.Лкомпани нь гарсан зардлаа биднээс нэхэмжилсний дагуу төлбөрийг шилжүүлсэн, компьютер оруулж ирэхэд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг татварын тайлангийн хасалт хэсэгт тусгаж тайлагнасантай холбоотой зөрчил гаргаснаа зөвшөөрч байгаа ч торгууль, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч нар Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэж шийтгэл ногдуулсан” гэж маргаж, гомдлын үндэслэлээ тайлбарласан. 

            Нэг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.2-т “Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна”, 7.2.5-д “Оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ” гэж зааснаар Д.Г.С.Х.Л компаниас үзүүлсэн үйлчилгээнд албан татвар ногдуулахаар хуулиар зохицуулсан байна.

“Д.О” ХХК нь Д.Г.С.Х.Л компанитай байгуулсан “Нэгдэх гэрээ”-гээр уг компанийн гишүүн болж нэгдсэн, мөн Д.Г.С.Х.Л компани нь гишүүддээ тодорхой төрлийн үйлчилгээг үнэ хөлсөөр үзүүлэх, үйлчилгээтэй холбоотой эрх бүхий байгууллагаас ногдуулах, тогтоосон холбогдох борлуулалт, нэмэгдсэн өртгийн албан татвар, бусад ижил төстэй татвар, хураамж, төлбөр орохгүй нөхцөлтэйгөөр 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Хамтын үйлчилгээний гэрээ” байгуулжээ.

Гомдол гаргагч “Д.О.А” ХХК нь Д.Г.С.Х.Л компанид дээрх гэрээний дагуу эрсдэлийн үнэлгээний төлбөр, сургалт боловсролын төлбөр, ажлын үнэлгээний тайлангийн системийн төлбөр, ашиглалтын зардлын төлбөр зэргийг төлдөг, татварын шалгалтад хамрагдах хугацаанд дээрх 4 төрлийн гүйлгээ хийснээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэхүү үйл баримттай маргаагүй. 

            Давж заалдах шүүх хуралдаанд гомдол гаргагчаас “...Д.Г.С.Х.Л компанитай байгуулсан “Хамтын үйлчилгээний гэрээ”-г “Зардлаа нөхөн төлүүлэх гэрээ”” гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан дээрх гэрээнүүд, гомдол гаргагчийн тайлбар болон бусад бичгийн баримтуудаар “Д.О.А” ХХК нь Д.Г.С.Х.Л компаниас тодорхой төрлийн үйлчилгээг сонгон авч өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн, уг үйлчилгээг дотоодын аж ахуйн нэгжид үзүүлсний төлөө нэхэмжилсэн үнийн дүнгээр төлбөр шилжүүлдэг болох нь тогтоогдож байна.

Энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана”, 16.1.2-т “Оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө” гэж тус тус заасныг зөрчсөн байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий  дүгнэлтийг хийж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.  

Хоёр. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох бөгөөд мөн хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д “Татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан”, 1.2-т “Татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн” гэж заасныг зөрчсөн бол татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын ерөнхий хууль зөрчсөн гэж үзэн шийтгэл ногдуулж, мөн зүйлийн Тайлбар хэсэгт “Энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасныг үндэслэн шийтгэл ногдуулахаар хуульчилсан. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “Үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй” гэж зааснаар “Д.О.А” ХХК нь өөрийн компанийн үйл ажиллагааг явуулахаар 50 ширхэг зөөврийн компьютер импортлон оруулж ирэн ашиглаж байгаа нь тухайн байгууллагын үндсэн хөрөнгө мөн.

Иймд гомдол гаргагчийн “...компьютер оруулж ирсэнтэй холбоотой зөрчил гаргаснаа бид зөвшөөрч байгаа ч торгууль, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй учир нь бид санаатай бус санамсаргүй байдлаар зөрчил гаргасан тул Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй. 

Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах бөгөөд гомдол гаргагч нь 11,888,219.60 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг 2017 оны 03 сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн хасалт хэсэгт тусган тайлагнаж төсөвт төлөх албан татварын хэмжээг бууруулсан зөрчил гаргасан нь тогтоогдож, түүнд оногдуулсан шийтгэл болох 11,888,219.60 нөхөн татварыг гомдол гаргагч хүлээн зөвшөөрсөн атлаа 3,566,465.90 төгрөгийн торгууль, 998,610.40 төгрөгийн алданги, нийт 4,565,067.3 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, уг зөрчлөө санамсаргүй гаргасан гэж зөвтгөж байгаа нь зүйд нийцэхгүй бөгөөд зөрчлийг санаатай, эсхүл санамсаргүй гаргасныг татварын улсын байцагчид тогтоох боломжгүй. 

            Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын хууль зөрчсөн бол хэрхэн шийтгэл ногдуулах талаар зохицуулсан бөгөөд татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тул шийтгэл хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна. 

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцох бөгөөд гомдол гаргагч нь хуульд заасан татвар төлөх, тайлагнах үүргээ биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй байсан талаар маргаагүй.

Дээрх байдлаар анхан шатны шүүх хэргийг нотлох баримтад үндэслэж, Татварын ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилт, зарчимд нийцүүлэн зөв дүгнэж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Гомдол гаргагч гомдлын шаардлагаа “... 260012090 дугаар шийтгэлийн хуудсын ... нийт 32,043,719.70 төгрөгийн төлбөр, 2017 оны тухайд 19,592,074.70 төгрөгийн нөхөн татвар ... хүчингүй болгуулах” гэж тодорхойлж, анхан шатны шүүх “... 260012090 дугаар шийтгэлийн хуудсын ... нийт 32,043,719.00 төгрөгийн төлбөр, 2017 оны тухайд 19,592,074.40 төгрөгийн нөхөн татвар ... хүчингүй болгуулах”  гомдлын шаардлагаар захиргааны хэрэг үүсгэж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “32,043,719.70 төгрөгийн төлбөрийг” “32,043,719.00 төгрөгийн төлбөр” гэж 0.70 мөнгөөр, “19,592,074.70 төгрөгийн нөхөн татварыг” “19,592,074.40 төгрөгийн нөхөн татвар” гэж 0.30 мөнгөөр үнийн дүнг зөрүүтэй байдлаар шийдвэрлэсэн ч гомдол гаргагчаас тооцоолол болон үнийн дүнтэй маргаагүй тул давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянасан бөгөөд дээрх үнийн дүнг зөвтгөсөн ч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүйгээс гадна шийдвэрт өөрчлөлт оруулах хэмжээний зөрүү биш гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 710 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

               ШҮҮГЧ                                                             Д.БАТБААТАР

               ШҮҮГЧ                                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

               ШҮҮГЧ                                                            Н.ДОЛГОРСҮРЭН