| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0286/Э |
| Дугаар | 0344 |
| Огноо | 2019-11-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 0344
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Л.О
Шүүгдэгч О.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ц холбогдох эрүүгийн 1925003060201 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, О.Ц
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч О.Ц нь 2019 оны 04 сарын 30-ны өдөр, 2019 оны 05 сарын 01-ний өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 32-15 тоот хашаанд байсан тээврийн хэрэгслийн сэлбэгүүдийг машин механизм ашиглаж хулгайлан 6.005.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч О.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргахгүй. Хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл хийхгүй. Аав, ээжийн тэтгэврийг авч хохирлоо төлсөн. Одоо хөлөө хугалчихсан. Хөлөө хадуулаад боолт хийлгэж байгаа. Буруу зүйл хийсэндээ уучлалт гуйж байна. Хөнгөн ял оногдуулна уу гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би нөхөр Чинбатын хамт “Танил" техникийн зах дээр Солонгос автомашины сэлбэгийн лангуу ажиллуулж байгаад 2018 оны 4 сараас эхлэн сэлбэг зарахаа больсон. Тэгээд үлдсэн сэлбэгүүдээ Яргуйт баг Толгодын 32-15 тоотод байрлах хашаандаа хураасан байсан. Тэгээд 2019 оны 05 сарын 01-ний өдөр хашаанд очиход манай хашааны ертөнцийн зүгээр зүүн буланд хураасан байсан Солонгос автомашины амартизатор, цаап зэрэг эд зүйл алга болсон байсан гэсэн мэдүүлэг /хх 48-49 ху/,
-Гэрч Ж.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Нэг залуу төмөр ачуулах гэсэн юм гээд миний 95155899 дугаарын утас руу 88753535 дугаарын утаснаас залгасан. Тэгээд би Яргуйт баг “Дөт-1” дэлгүүрээс хойшоо яваад нэг гудманд блокон хашаа руу ороод автомашины сэлбэг төмрүүдийг ачаад Цагаанчулуут багт байрлах төмрийн цэг дээр буулгаж өгөөд 10.000 төгрөгөө аваад явсан гэсэн мэдүүлэг /хх 57-58 ху/,
-Гэрч Т.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Цагаан өнгийн амжиргаа цагаан гэх машины тэвшээр дүүрэн ачсан төмөр авчирсан. Уг төмрийг машинаас буулгаж үзэхэд автомашины сэлбэгнүүд байсан. ...Би 345 кг төмөр, 250 кг амаржин, 200 кг ширэмийг нийт 100.000 төгрөгөөр худалдаж авсан. Эхний өдөр төмөр худалдаж аваад маргааш нь Дархан-Уул аймаг руу ачаад төмөрлөгийн үйлдвэрт зарж байхад нөгөө залуу ирээд дахиад төмөр гээд сэлбэгнүүд өгчихсөн байсан. Тэр залууг Цасчихэр гэдэг нэртэй болохыг цагдаагийн хүн ирэхэд мэдсэн гэсэн мэдүүлэг /хх 56 ху/,
-Яллагдагч О.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би өдрийг нь сайн санахгүй байна. 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр архи уучихсан ганцаараа явж байгаад гэрийн урд талд байх эзэнгүй байсан хашаанд хураалтай ил байсан машины сэлбэгнүүдийг хашааны завсараар харсан. Би уг сэлбэгнүүдийг төмөрт тушаахаар шийдэж ачаа ачдаг амжиргаа цагаан машин дээр байсан утасруу залгаад жолоочтой нь яриад төмөр ачих гэсэн юм гэж хэлээд хулгай хийсэн хашааны гадаа дуудсан. Би гудамжаар явж байсан танихгүй хүүхдэд 5000 төгрөг өгөөд хамт амжиргаа цагаан гэдэг нэртэй машинд сэлбэгээ ачсан. Машины жолооч настай ахад өөрийнхөө төмрийг зарж байна гэж хэлсэн. Амжиргаа цагааны ачааг дүүрэн ачаад Цагаанчулуут багт байрлах төмөр авдаг цэгт төмрөөр нь хил дээр тавиад 100,000 төгрөгөөр зарсан. Уг мөнгөнөөс амжиргаа цагаан машины жолооч ахад 20,000 төгрөгийг өгсөн, үлдсэн мөнгөөр архи уучихсан. Тухайн үед төмөр авдаг эгч, ах хоёрт зарсан. Маргааш нь дахиад нөгөө амжиргаа цагаан машины жолоочийн утас руу залгаад дуудаж нөгөө хашаанаас төмөр ачуулж төмөр авдаг газарт очиж өгсөн. 70,000 төгрөгөөр зараад архи уучихсан. Уг хэргийг би ганцаараа үйлдсэн. Төмөр худалдаж авдаг хүнд миний өөрийн эд зүйлс байгаа юм гэж хэлээд зарчихсан. Би машины сэлбэг зарж байгаагүй мэдээгүй, хаягдал төмөр юм байх гэж бодож байсан. Ажиллагаатай, ажиллагаагүй сэлбэг байсныг мэдэхгүй, сэлбэг мөн эсэхийг мэдэхгүй, хаягдал төмөр юм байх гэж бодсон. Би машины сэлбэгнүүдийг ялгаж мэдэхгүй гэсэн мэдүүлэг /хх 96-97 ху/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / хх 4-5 ху/,
-Гэрэл зургийн үзүүлэлт / хх 6-8, 18-21, 83-84, 136 ху/,
-Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 17 ху/
-Эд зүйлийн үнэлгээ /хх 29-31, 36-38, 130-135 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / хх 64 ху/
-Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 79 ху/
-Хохирол төлсөн баримт /хх 90-91 ху/
-О.Цийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 94-97 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч О.Ц нь 2019 оны 04 сарын 30-ны өдөр, 2019 оны 05 сарын 01-ний өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 32-15 тоот хашаанд байсан тээврийн хэрэгслийн сэлбэгүүдийг машин механизм ашиглаж хулгайлан 6.005.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Хэргийн зүйлчлэл гэм буруу дээр маргахгүй. Хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Эын “...Би нөхөр Чинбатын хамт “Танил" техникийн зах дээр Солонгос автомашины сэлбэгийн лангуу ажиллуулж байгаад 2018 оны 4 сараас эхлэн сэлбэг зарахаа больсон. Тэгээд үлдсэн сэлбэгүүдээ Яргуйт баг Толгодын 32-15 тоотод байрлах хашаандаа хураасан байсан. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хашаанд очиход манай хашааны ертөнцийн зүгээр зүүн буланд хураасан байсан Солонгос автомашины амартизатор, цаап зэрэг эд зүйл алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх 48-49 ху/, гэрч Ж.М /хх 57-58 ху/, гэрч Т.Т /хх 56 ху/, яллагдагч О.Ц /хх 96-97 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч О.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Ц-ийн хувьд хохирлоо төлж барагдуулсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэргийн улмаас хохирогч 6.005.000 төгрөгний хохирол нэхэмжилснийг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ Ж.Мөнхбаатарын өмчлөлийн 02 55 ОРО улсын дугаартай Мицубиши маркийн бага оврын ачааны машиныг ашигласан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч О.Цээс тухайн тээврийн хэрэгслийн үнэ болох 1.500.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-ийг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-т оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-ээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 02 55 ОРО улсын дугаартай Мицубиши маркийн бага оврын ачааны үнэ 1.500.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА