Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 408

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Даландагнагад овогт Дашнямын Д.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911010100470 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Товь-Хангай-Буйдан" ХХК-д гагнуурчин ажилтай, Ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Даландагнагад овогт Дашнямын Д.Э /РД: ЖЙ92032531/,

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бурдагдсанаар/ яллагдагч Д.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн орой 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь-Хангай буйдан" ХХКомпаний байранд хохирогч Б.Пүрэвдоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар чулуугаар толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн орой би ажлаа тараад гараад явж байтал манай ажлын бид нарыг хариуцан ажилладаг хүн залгаад орж ирж ажлаа гүйцээчихээд яв Д.Э сая чамайг гараад явсан гэж байна гэхээр нь би эргээд ажилруугаа ороод Д.Э дээр очоод яагаад Баяраа эгчрүү ярьсан юм гэхэд ажлаа дуусгаагүй байж явлаа гэхээр нь бид 2 маргалдаад би заамдаж аваад Д.Эыг түлхэж унагаагаад шанааруу нь 2 удаа өшиглөсөн ба манай ажлын хүмүүс ирээд салгасан ба гараад явах гэтэл ардаас 400 граммын лаазтай будаг надруу шидсэн ба намайг оноогүй. Тэгээд ардаас гараад зууралдаад миний куртикийг урсан ба Д.Э эхлээд чулуу шидэхээр нь би тонгойгоод булттал манай ажлыхан боль гээд байж байтал газраас чулуу аваад миний толгойг хагалсан юм..." /хх-ийн 12-13х/,

гэрч Э.Энхтайвангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт байх "Говь-Хангай буйдан" ХХК-д ажил дээрээ байж байтал Пүрэвдорж Д.Эыг заамдаад түлхэж унагаад нүүррүү нь өшиглөсөн. Би хамт ажилладаг Ганзоригтой хамт очоод салгасан юм. Тэгтэл буцаад барилцаад авсан ба Д.Э Пүрэвдоржийн толгойг чулуугаар хагалчихсан юм..." /хх-ийн 15х/,

гэрч О.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Товь-Хангай буйдан" ХХК-д ажил дээрээ байсан ба ажил тарах үед бага зэрэг ажил үлдсэн байсан тэр ажлаа хийчихээд бууя гэтэл Пүрэвдорж юм хэлэлгүйгээр түрүүлээд гараад явчихсан. Энэ үед Д.Э даргаруу утсаар яриад Пүрэвдорж явчихлаа гээд хэлсэн ба удалгүй Пүрэвдорж эргэж орж ирээд Д.Эруу уурлаад заамдаж аваад түлхэж унагаад өшиглөсөн ба би Энхтайвантай очоод салгасан юм. Тэр хоёр салчихаад хамт үйлдвэрээс гарсан ба би Энхтайвангийн хамтаар ардаас нь гартал Д.Э Пүрэвдоржийн толгойруу нь чулуугаар цохисон юм..." /хх-ийн 16-17х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 3918 дугаартай дүгнэлт: "... Б.Пүрэвдоржийн биед тархи доргилт, баруун хөмсөгний дээд талд духанд шарх, зулгаралт, духны баруун хэсэг, дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэрээр 1-2 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ..." /хх-ийн 24х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Д.Эыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Даландагнагад овогт Дашнямын Д.Эыг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эыг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Д.Эыг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ