Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 803

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч А.А, Д.А, тэдгээрийн өмгөөлөгч П.Ганбилэг,

нарийн бичгийн даргаар Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баяжих овогт Алтангэрэлийн А.А, Боржигин овогт Доржийн Д.А нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911016910999 тоот хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 47 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ахмад занги гэрээт харуул хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, 6 дугаар байрны 55 тоотод оршин суух хаягтай боловч Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар сургуулийн урд талд байрлах нийтийн байрны 108 тоотод амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Баяжих овогт Алтангэрэлийн А.А /РД: ЦЖ72022013/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 46 настай, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, Тэргэл төвийн зочид буудалд үйлчлэгч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Нийслэлийн Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард-Аюушийн гудамжны 16 дугаар байр, 23 тоотод оршин суух хаягтай боловч Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар сургуулийн урд талд байрлах нийтийн байрны 108 тоотод амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигин овогт Доржийн Д.А /РД: ХП73051363/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч А.А, Д.А нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.А, А.А нар бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 09 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг "Эмон" трейд ХХК-ны байрны 1 дүгээр давхарт байрлах “ХААН” банкны АТМ-ээс хохирогч Б.Ундармаа нь тэтгэврийн 5042455034 тоот харилцах данснаас карт ашиглан охин О.Сарангэрэлээр гүйлгээ хийлгэхдээ гээгдүүлсэн гээгдэл эд хөрөнгө болох 1.395.000 төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас бусдад бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А, А.А нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч А.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эхнэр Д.Аын хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх "Эмон" Трейдийн 1 давхрын Хаан банкны ATM төхөөрөмжөөс манай эхнэр Д.А дансанд мөнгө орсон эсэхийг шалгах гээд байж байхад эхлээд очсон ATM төхөөрөмж хүн ихтэй байхаар нь байхаар нь цаад талын булангийн төхөөрөмж нь сулраад хүнгүй байхаар нь очоод би өөрт байсан эхнэрийн картаа хийх гэсэн чинь урдаа дэлгэцэн дээр та түр хүлээгээд мөнгөө авна уу гэсэн бичиг гарч байгаад төхөөрөмжөөс их хэмжээний 20.000 болон 10.000 төгрөгийн дэвсгэртээр мөнгө гараад ирсэн. Тэгэхээр нь эхнэр уг мөнгийг аваад халаасандаа хийгээд картаа шалгалгүйгээр гарч яваад тухайн үед түрээслэн суудаг байсан нийтийн байрандаа шууд очоод мөнгийг тоолж үзэхэд 1.395.000 төгрөг байхаар нь би эхнэртээ цагдаагийн байгууллагад хандаж мөнгийг нь буцааж өгье гэж хэлсэн боловч тухайн үед эхнэр бид хоёр хоёулаа ажилгүй байсан. Мөнгөний хэрэг их байсан учир манай эхнэр яах юм гэхээр нь эхнэрээ дагаад мөнгө хэрэг болж байсан болохоор уг мөнгөөр гэртээ хоолны хүнс болон хувцас хэрэглээндээ зарцуулаад мөнгийг дуусгаад байж байхад манай түрээслэн суудаг байсан нийтийн байрны хажуу талын айлын хүмүүс усны тэрэг хулгайлж аваад зарж архи уусан байсан болохоор цагдаагаар шалгуулах гээд дуудсан чинь эхнэр бид хоёрыг уг 1.395.000 төгрөгийн хэргээр эрэн сурвалжилж байсан болохоор бид хоёр цагдаагийн хэлтэс дээр ирж хэргийн талаар мэдүүлэг өгч, хохирогчид учирсан хохирол 1.395.000 төгрөгийг би сүүлд төлж барагдуулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 55-56х/,

шүүгдэгч Д.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өөрийн нөхөр А.Алтанилэгийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах "Эмон" трейд худалдааны төв дотор байдаг Хаан банкны салбар руу орж өөрийн дадсанд мөнгө орсон эсэхийг шалгахаар бид хоёр ATM төхөөрөмж рүү картаа уншуулах гэсэн чинь өөдөөс төхөөрөмж дээр та түр хүлээгээд мөнгө авна уу гэсэн бичиг гараад карт хийх боломжгүй байгаад байсан. Тэгээд байж байтал урдаас уг төхөөрөмжөөс тухайн үед яг хэдэн төгрөг байсныг мэдээгүй... уг мөнгийг би аваад халаасандаа хийгээд нөхөрт карт байсан нөхөр картаа уншуулалгүйгээр аваад бид хоёр уг төвөөс гараад тухайн үед амьдарч байсан нийтийн байранд очоод уг мөнгийг гаргаж тоолж үзэхэд 1.395.000 төгрөг байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 60-61х/,

хохирогч Б.Ундармаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 7-н буудалд байх Хаан банкны тооцооны төвөөс 1.998.000 төгрөгийн тэтгэврийн зээл аваад, Хаан банкны картыг миний охин Сарангэрэл ашиглаж 400.000 төгрөг бэлнээр авч, 200.000 төгрөг төрсөн эгч Нарангэрэлийн данс руу шилжүүлсэн. Тэгээд охин бид хоёр 7-н буудлын АТМ-аас гарч яваад замын урд талд байх дэлгүүр орж мах худалдаж аваад махны мөнгө өгөх гээд Хаан банкны картаа өгсөн чинь дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэсэн. Буцаад Хаан банк руу орж асуусан чинь та хамгийн сүүлд 1.395.000 төгрөгийн гүйлгээ хийсэн байна гэсэн. Миний охин Хаан банкны лавлах утас руу залгаад асуусан чинь манайх банкны камерын бичлэг шүүж үзлээ, таны араас ATM ашиглах гэж орж ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн мөнгийг чинь аваад гарсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42х/,

гэрч О.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би эхлээд 400.000 төгрөг бэлнээр авсан. Дараа нь 200.000 төгрөг төрсөн эгчийнхээ данс руу шилжүүлэх гээд гүйлгээ хийх гэж байгаад картны пин кодыг буруу хийсэн. Картын кодыг дахин зөв хийж 200.000 төгрөгийг эгчийнхээ данс руу шилжүүлээд гүйлгээ дуусгаж АТМ-аас картаа аваад ээжтэйгээ хамт гарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 43х/,

Балдандоржийн Ундармаагийн Хаан банкны 5042455034 тоот тэтгэврийн харилцах дансны 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн орлого, зарлагын гүйлгээний хуулга /хх-ийн 29х/, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг "Эмон" трейд ХХК-ны байрны 1 дүгээр давхарт байрлах Хаан банкны ATM 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-30х/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 40х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч А.А, Д.А нар нь бүлэглэн шунахай сэдэлтээр гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авч завшсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хохирогч Б.Ундармаад энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг шүүгдэгч А.А, Д.А нар нь төлж барагдуулсан болох нь тогтоогдож байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

А.А, Д.А нарт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэрэгт оролцсон оролцоо адил, хувийн байдлуудыг нь харгалзан тохирох ял шийтгэлийг шүүх оногдуулж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 2 ширхэгт хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үйлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Баяжих овогт Алтангэрэлийн А.А, Боржигин овогт Доржийн Д.А нарыг бүлэглэн гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А, Д.А нарт тус бүр 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг журамлан А.А, Д.А нарын тус бүр цагдан хоригдсон нийт 5 /тав/ хоногийг нэг хоногийн найман цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд тооцон, нийт 40 /дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн, тэдгээрт шүүхээс оногдлуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус бүр нийт 200 /хоёр зуу/ цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар А.А, Д.А нарын шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар хийлгүүлэхээр тогтоож, тус нийтэд тустай ажил хийлгэх ялыг   биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 2 ширхэгийг хэрэгт нь үлдээсүгэй.

 

7. А.А, Д.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авч, тэдгээрийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шиитгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.А, Д.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ