| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2016/00742/и |
| Дугаар | 182/ШШ2016/01122 |
| Огноо | 2016-11-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 182/ШШ2016/01122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, шүүгч И.Амартөгс, шүүгч Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: .... тоотод оршин суух, С.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... байранд байрлах, М ХК-д холбогдох
Гэм хорын хохиролд 976,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, иргэдийн төлөөлөгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С.Б миний бие гэр бүлийн хамт ....тоотод одоог хүртэл оршин сууж байна.
2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр орсон борооноор ус зайлуулах шугамаар ус алдаж гэр, орцонд уч орж ирсэн. Өмнө нь манай гэрт болон орцонд ус орж ирж байгаагүй.
Ус алдсанаас хойш У ХХК-нд ус алдсан шалтгааныг тогтоолгохоор дуудлага өгсөн. 2015 оны 07 дугаар сарын 16-н ыөдөр бороо ороход гэрт дахин ус орж ирсэн.
У ХХК болон байрны дээврийн засварын ажлыг хийсэн Г ХХК, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Тамгын газрын барилга оросн сууц хариуцсан албан хаагч нарт гомдол гаргасан.
2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас орон сууц нийтийн аж ахуй хариуцсан мэргэжилтэн ирж ......... орцны дээрх засварын ажил, ус алдаж буй нөхцөл, хэний буруутай үйл ажиллагаанаас ус алдаж буйг тогтоосон.
Уг дүгнэлтээр Говьсүмбэр аймгийн М ХК-ийн албан хаагч нарын буруутай үйл ажиллагаанаас болж 11 дүгээр байрны дээврийн ус зайлуулах хоолойн таваг гэмтэж 3 дугаар орцонд ус их хэмжээгээр орсон байна. Тухайн орцноос өөр орцонд ус ороогүй бөгөөд дээврийн засварын буруугаас болоогүй болно гэсэн дүгнэлт гарсан юм.
Дүгнэлт гарсан даруй 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Гэрэлт жимХХК-аас инженер Сүрэнжав, аймгийн Холбооны газраас дарга Эрдэнэзаяа, инженер Чинзориг, аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас орон сууц, нийтийн аж ахуй хариуцсан мэргэжилтэн Амарсайхан, Дэлгэрдалай нар ирж 11 дүгээр байрны ус алдаж буй ус зайлуулах хоолойн тавгийн гэмтлийг ирж үзээд аймгийн холбооны газрын албан хаагч нар ус зайлуулах хоолойны тавгаар оруулсан шугамын утас кабелиа татаж авч засаж янзаллаа гэсэн боловч маргааш өдөр нь орсон борооноор дахин ус алдсан.
Аймгийн холбооны газрын албан хаагч нарын буруугаас болж манай том өрөө, жижиг өрөө, коридорт ус алдаж таазны шохой, хананы обой норж, хуурч унасан, паркетан шал норсноос хөөж дахин ашиглах боломжгүй болсон.
Хохирлыг М ХК-ийн Говьсүмбэр аймгийн Холбооны газраас шаардахад манай буруутай ажиллагаа биш гээд хохирол барагдуулаагүй учраас Иргэний хуулийн 497, 498, 510 дугаар зүйлд зааснаар хохирлоо шаардаж байна.
Өөрийн байранд ус алдсаны улмаас учирсан хохирлын тооцоо, засварын ажлын хөлсийг Хос стандарт үнэлгээний ХХК-иар хийлгэсэн болно.
Говьсүмбэр аймагт үнэлгээний компани байхгүй учир Улаанбаатар хотоос дуудлагаар үнэлгээний компанийн албан хаагч нарыг авчирч үнэлгээ хийлгэсэн.
Мөн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаар шийдвэрээр уг асуудлыг шийдвэрлэсэн боловч Говьсүмбэр аймгийн холбооны газар нь хуулийн этгээдийн эрхгүй учраас толгой компани болох М ХК-иас хохирлоо нэхэмжилж байна.
Иймд М ХК-иас Говьсүмбэр аймгийн ....тоотод учирсан хохирлын 911,000 төгрөг, үнэлгээ хийлгэсний хөлс, зардал 65,000 төгрөг, нийт 976,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М ХК нь орон нутаг, улс хоорондын цахилгаан холбооны ашиглалт, үйлчилгээ, Монгол улсын нутаг дэвсгэрт интернетийн үйлчилгээ эрхлэх чиг үүрэг бүхий төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компани бөгөөд Монгол улсын ууган компаниудын нэг билээ.
Тус компани нь харилцаа холбооны салбартаа мэргэшсэн байгууллага бөгөөд ажиллагсад нь ч мөн салбартаа олон жил ажилласан туршлагатай баг хамт олон байдаг.
Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 11 дүгээр байрны 45 тоотод ус алдсан асуудлыг манай байгууллага хариуцах боломжгүй бөгөөд манай ажилчдын буруутай үйл ажиллагаанаас болсныг эрх бүхий байгууллагаас тогтоосон гэж нэхэмжилж байгааг хууль болон холбогдох дзүрэм журамд нийцээгүй гэж шүэж байна.
2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр холбогдох байгууллагын төлөөлөл М ХК-ийн Говь-Сүмбэр аймаг дахь салбарын ажиллагсад ирж кабелийн утсаа татан авч янзаллаа гэсэн боловч маргааш нь орсон борооноор дахин ус алдсан асуудал нь манай компанитай үйл ажиллагаатай холбогдолгүй болохыг нотлож байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гөгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь М ХК-д холбогдуулан гэм хорын хохирол 976,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Хос стандарт ХХК-ийн үнэлгээгээр гарсан хохирол 911,000 төгрөг, үнэлгээний хөлс 65,000 төгрөг, нийт 976,000 төгрөг болж байгаа гэж тайлбарласан.
Хариуцагч М ХК-ийн Говьсүмбэр аймаг дахь Холбооны газар нь Сүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 11 дүгээр байрны дээврийн ус зайлуулах хоолойгоор кабелийн утас оруулсны улмаас дээврийн ус зайлуулах хоолойн таваг гэмтэж, 3 дугаар орцонд ус хэмжээгээр орсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Орон сууц ниймийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэй Э.Амарсайханы 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн илтгэх хуудас, фото зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Орон сууц ниймийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэй Э.Амарсайханы 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн илтгэх хуудсанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн 11 дүгээр байрны дээврийг Г ХХК хийж гүйцэтгэсэн. Уг байрны иргэдийн гомдлын дагуу 11 дүгээр байрны дээвэр дээр үзлэг шалгалт хийж, М ХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж дээврийн ус зайлуулах хоолойн таваг гэмтэж 3 дугаар орцонд их хэмжээгээр орсон. Тухайн орцноос өөр орцонд ус ороогүй бөгөөд дээврийн засварын буруугаас болоогүй болно гэжээ.
Үүнээс үзэхэд хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр их хэмжээгээр орсон борооны ус Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 11 дүгээр байрны 3 дугаар орцны дээврийн хэсэгт нэвтэрч 45 тоотод оршин суух нэхэмжлэгч С.Бийн гэрийн коридорт ус алдаж, таазны шохой, ханын обой норж хуурч унасан, паркетан шал хөөж дахин ашиглах боломжгүй болон хохирсон байна.
М ХК-ийн Говьсүмбэр аймаг дахь холбооны салбарын албан хаагчид 11 дүгээр байрны дээвэрт байх ус зайлуулах хоолойны тавгаар шугамын кабель утсаа оруулсан, энэ үйлдлийн улмаас ус зайлуулах хоолойн таваг гэмтэж, ус алдсан гэж нэхэмжлэгч тайлбарласан ба хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэлийг үл зөвшөөрсөн тайлбар татгалзлаа нотлох баримтаар нотлож чадаагүй.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэсний дагуу хариуцагчаас татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буруутай байна.
М ХК-ийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот шийдвэрээр баталсан М ХК-ийн дүрмийн 1.6-д ...Салбар нь компанийн төв оффисын оршин байгаа газраас өөр газар байрлан, компанийн нэрийн өмнөөс түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу зарим хэсгийг гүйцэтгэх тусгай нэгж бөгөөд хуулийн этгээдийн эрх эдлэхгүй гэж заасан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Б нь буруутай этгээдээс буюу М ХК-иас өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн эд хөрөнгөд 911,000 төгрөгийн хохирол учирсан, нэхэмжлэгч нь үнэлгээний төлбөрт 35,000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хос стандарт ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, тус компанийн 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2015/83В дугаартай Кассын орлогын ордер зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
Иймд хариуцагч М ХК-иас 941,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч М ХК-иас 941,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,980 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М ХК-иас 27,134 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Бт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА
ШҮҮГЧИД Ж.БАЙГАЛМАА
И.АМАРТӨГС