| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0806/Э |
| Дугаар | 810 |
| Огноо | 2019-10-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 810
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Г.Ууганбаатар,
хохирогч Г.Ариунжаргал,
шүүгдэгч Э.Б,
нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Бор овогт Эрдэнэбилэгийн Э.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911021320949 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн, 14 дүгээр хороо, Хандгайтын 33 дугаар гудамж, 337б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 36 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бор овогт Эрдэнэбилэгийн Э.Б /РД: ХИ83112671/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Э.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: Хохирогч Г.Ариунжаргал, мөн гэрчээр мэдүүлэг өгсөн 3-4 хүнийг байхад хохирогчийг сандлаар цохисон гэдэгтэй санал нийлэхгүй байна. Би тухайн үед архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан ч гэсэн болсон үйл явдлын 70-80 хувийг санаж байна. Намайг ширээгээ дэрлээд унтаж байхад миний толгой хүзүүрүү 2-3 хүн нийлж цохиж байсан учраас би сандарч сэрээд хажууд байсан сандлыг авч шидсэн. Хохирогч сандлыг гараараа хаасан толгой тус газар нь сандлаар цохиогүй. Би хяналтын камерын бичлэг байгаа гаргаад ир гэхэд ажиллахгүй байгаа гэсэн. Миний бие шарх үүссэн байсан ч одоо эдгэрсэн. Надад гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ариунжаргал мэдүүлэхдээ: Миний хувьд би ажлаа хийж байгаад цайны цагаараа хоол идэх гэж байхад энэ хүн унтаж байсан. Би босоорой сэрээрэй гэсэн шаардлага тавьсан. Миний хувьд энэ хүнд гар хүрсэн зүйл байхгүй. Дуудахад огт сэрэхгүй байсан учраас 1 цаг 30 минут орчим унтуулсан. Унтах гэж байхдаа ширээн дээр бөөлжих гээд байсан. Намайг ажилчдын өрөөнд ороод хоолоо тавьчхаад гараад ирэхэд энэ хүн сэрчихсэн сандал дээрээ суусан чигээрээ бүх байдлыг ажиглаад сууж байсан. Намайг хараад шууд босож ирж намайг түлхэн унагаж, зодож эхэлсэн үснээс чирч, би чамайг ална гэх мэт хараалын үг хэлж надруу дайраад байсан. Зүгээр унтаж байхад нь хэн ч түүнийг цохиогүй. Би арай хийн гарч зугтаасан. Энэ хүнийг над руу сандал шидэх гэж байгаа бичлэг дотор камерт бичигдсэн байх ёстой боловч тухайн камер ажиллагаагүй. Харин гадна талын хяналтын камерт бичигдсэн надруу хашгирч орилж байгаа, зодох гэж дайрч байгаа бичлэг Мон Ца Мэ агентлагийн хяналтын камерт бичигдсэн боловч тухайн бичлэгийг надад шууд өгөх боломжгүй гэсэн. Би цагдаа дуудаагүй гадна байсан хүмүүс цагдаа дуудсан байна лээ. Тэгэхэд энэ хүн зугтаасан. Зугтаагаад Монгол банк дотор сууж байхад нь би цагдаагийнхантай хамт орж баривчлуулсан. Миний хувьд зүүн талын нүд үе үе юм харахгүй байгаа. Би эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Яагаад нүд маань хараагүй болж байгаа шалтгааныг тогтоож эмчлүүлэх хүсэлтэй байна. Би өмнө нь хүнд ингэж зодуулж шарх сорив авч байгаагүй. Шөнө нэг талаараа унтаж чадахгүй толгой хэсэгчлэн өвдөж байна. Би эмнэлэгт хэвтэх зардлаа гаргуулж надад эмчилгээ хийлгэж өгөхийг хүсэж байна. Тэгтэл надад 500,000 төгрөг авч ирж өгөөд авна уу байна уу өөрөө мэд гэсэн. Би тэр мөнгийг аваагүй надад тэр мөнгийг авах шаардлага байхгүй. Намайг эмнэлэгт хэвтэж эмчийн хяналтад хэвтрийн дэглэм сахь гэсэн бичиг байгаа. Би энэ асуудлаас болоод ажлаа хийж чадахгүй одоо ажилгүй байна гэв.
Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Монцамэ" агентлагийн пудволд байрлах цайны газарт үйлчлүүлж байхдаа тус цайны газарт ажилладаг хохирогч Г.Ариунжаргалыг түлхэж унагаан, сандалаар толгой руу нь цохиж эрүүл мэндэд нь "тархи доргилт, дагзны хуйхны цус хуралт, зүүн тохойн цус хуралт, баруун гарын 2 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдл хийсэн болох нь:
шүүгдэгч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 11-12 цагийн орчимд би өөрийн хуурай ах Мөнх-Эрдэнийн хамт гэрт нь 500 граммын архи хувааж уугаад салсан. Би урд өдөр нь уучихсан байсан учир их согтсон. Би Мөнх-Эрдэнэ ахын гэрээс гараад өдөр 14 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 1-р хорооны дэвсгэрт Монцамэ агентлагийн доод давхарт байдаг цайны газарт хоол идэхээр очсон. Учир нь би өмнө нь ажил хийдэг байхдаа байнга уг цайны газраар үйлчлүүлдэг байсан бөгөөд цайны газрыг ажиллуулдаг Цоогий гэх эгчийг таньдаг учир очсон юм. Тэгтэл уг цайны газрын хүмүүс еөрчлөгдсөн, өөр хүмүүс ажиллуулдаг болсон байсан. Тэгээд би нэгэнт ирсэнийх гээд хоол захиалж идчихээд ширээ дэрлээд унтчихсан юм. Нэг мэдэхэд л уг цайны газрын 3 эмэгтэй намайг босооч гээд л нуруу, хүзүү рүү цохиод байхаар нь би сэрсэн. Би согтуудаа цочиж сэрээд, түшлэгтэй модон сандалны арын түшлэг хэсгээс нь нэг гараараа барьж байгаад уг гурван эмэгтэй рүү савтал Ариунжаргал гэх хохирогч эмэгтэйн толгой тус газарт очиход тэр эмэгтэй хоёр гараараа сандал хаасан. Тэгтэл уг гурван эмэгтэй гурвуулаа над руу дайраад цамцнаас зуураад энэ тэндээс самардаад байхаар нь би тэр гурвыг түлхэж гарчихаад тэр гурван эмэгтэйд хандаж та нар ингэж байхаар цагдаа дуудчих, цагдаагаараа, шийдүүлье, би хүлээж байя гэж хэлээд, хүлээж байгаад цагдаа ирэхээр нь дагаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53х/,
хохирогч Г.Ариунжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн үед Монцамэ агентлагийн цайны газарт цагийн хуваарийн дагуу ажлаа хийж байсан. Би уг цайны газарт тогооч хийдэг. Намайг ажлаа хийж байх хооронд миний ажилладаг цайны газарт 170-180 см өндөр, бор царайтай хар хөх өнгийн биеийн тамирын хослолтой монголиа гэх бичиглэлтэй улаан ханцуйтай алаг өнгийн цамцтай эрэгтэй хүн хоол авч идчихээд ширээ дэрлээд унтаж байсан. Тэр хүн анх орж ирэхдээ согтуу байсан болохоор уг хүнийг манай ажлын хүмүүс хэсэг хугацаанд унтуулсан. Би 14 цагийн үед уг эрэгтэй хүн дээр очоод цамцнаас нь татаад босоорой, тооцоогоо хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд уг эрэгтэй хүн босохгүй болохоор нь би орхин явж хэсэг хугацааны дараа ахих ирсэн. Манай ажлын кассын ажилтан уг эрэгтэйг бөөлжих гээд байна гэсэн учир би очоод харсан. Тэгтэл уг залуу гэнэт босч ирээд 2 гараараа миний цээжэн тус газар түлхэхэд би арагшаа газарт унасан. Мөн тэр залуу гэнэт модон тавцантай төмөр сандал авч над руу шидэхэд миний толгойн тус газар цохиж гэмтээсэн. Уг залуу босч ирээд миний үсийг гараараа ороож зулгаагаад тавихгүй байсан. Тэгээд манай ажилчид ирээд уг залууг надаас салгах хооронд би гарч зугтсан" гэх мэдүүлэг /хх-ийн 12х/,
хохирогч Г.Ариунжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: "...Уг хэргээс болж миний толгой тогтмол өвдөж байгаа. Би эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэмээр байна. Би хэдэн төгрөгний үнэтэй эмчилгээ хаана яаж хийлгэхээ судлаагүй. Намайг цохиж зодож гэмтээсэн хүн намайг дагуулж яваад эмнэлэгт хэвтүүлээд, зардал тооцоог хийгээд өгөхөд л болно. Би түүнээс биш өөр мөнгө төгрөг нэмж авах гээд байгаа зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 14х/,
гэрч Б.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...манай тогооч Ариунжаргал тэр үл таних эрэгтэйг унтаж байхаар нь сэр, тооцоогоо хий гэхэд Ариунжаргалыг 2 гараараа түлхэж, бор өнгийн модон тавцантай хар өнгийн төмөр хөлтэй сандалаар Ариунжаргалын толгой руу нэг удаа цохьсон. Дараа нь Ариунжаргалын үснээс нь үсдэж, доошоогоо толгойгоор нь дарж зодсон" гэх мэдүүлэг /хх-ийн 15х/,
гэрч Г.Алтанбулагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...тогооч ажилтай Ариунжаргал тэр үл таних эрэгтэй хүнийг унтаж байхаар нь сэр, тооцоогоо хий гэхэд Ариунжаргалыг хоёр гараараа түлхэж, бор өнгийн модон тавцантай хар өнгийн төмөр хөлтэй сандалаар Ариунжаргалын толгой руу цохисон. Дараа нь Ариунжаргалын үснээс нь үстэж, доошоогоо толгойгоор нь дарж гэдэс рүү нь өшиглөж зодсон" гэх мэдүүлэг /хх-ийн 16х/,
гэрч Б.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...тухайн залуу зүгээр суугаад байхаар нь манай тогооч тооцоогоо хий гэтэл урдаа байсан ширээгээ түлхээд мөн манай тогоочыг эхлээд шууд цээж хэсэг рүү нь түлхсэн дараагаар нь сууж байсан төмөр сандалаараа цохиод хэвлий хэсэг рүү нь өшиглөсөн. Түүний дараа бид хэд салгах гээд очиход тухайн залуу дахиж бид хэд рүү дайраад мөн түлхээд, манай тогоочыг үсдэж чирээд хаалганы хажуу тал руу чихээд байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 22х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 9701 дугаар Т.Ариунжаргалын биед тархи доргилт, дагзны хуйхны цус хуралт, зүүн тохойн цус хуралт, баруун гарын 2 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Э.Бийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн үйлчилгээний газар бие зөв зохистой авч явалгүй, хохирогч Г.Ариунжаргалыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Г.Ариунжаргалын энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд нэхэмжилсэн үний дүнгээс тус хавтас хэрэгт баримтаар авагдсан толгойн томографт харуулж шинжилгээ хийлгэхэд төлсөн төлбөр 120.000 төгрөг, ШШҮХ-нд шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулсаны төлбөр 8000 төгрөгийг тус тус нэмж нэгтгэн, нийт 128.000 төгрөгийг шүүгдэгч Э.Баас гаргуулж, түүнд олгуулахаар шүүх шийдвэрлэв.
Харин хохирогч Г.Ариунжаргал нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг цаашид эмчлүүлэх төлбөр нэхэмжилсэн бөгөөд эмчилгээнд хэдэн төгрөг зарцуулагдах нь тодорхойгүй, холбогдох баримт нь хавтас хэрэгт авагдаагүй тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг нь дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Бид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохиролын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав.
Мөн шүүгдэгч Э.Бид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан хохиролыг богино хугацаанд төлүүлэх зорилгоор түүнд шүүхээс оногдуулсан ял дээр нэмж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бор овогт Эрдэнэбилэгийн Э.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Э Э.Бид шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Э.Баас нийт 128.000 /нэг зуун хорин найман мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Ариунжаргал /РД: ПК86052604/-д олгож, тус хохиролыг 1 /нэг/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.
6. Хохирогч Г.Ариунжаргал нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасныг журамлан Э.Бид гэмт хэргийн хор уршгийг 6 /зургаа/ сарын хугацаанд арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ