| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2016/00584/и |
| Дугаар | 182/ШШ2016/00858 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 182/ШШ2016/00858
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .... тоотод оршин суух, Э.А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... тоотод оршин суух, Э.Н-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 10,400,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би Э.Н-тай 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 8,000,000 төгрөгийг хүүгүй 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай зээлүүлж, зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж баталгаажуулсан.
Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Э.Н- нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна.
Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцож, 100 хоногийн алданги 2,400,000 төгрөг, үндсэн зээл 8,000,000 төгрөг, нийт 10,400,000 төгрөгийг хариуцагч Э.Н-аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Н- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээний дагуу 10,400,000 төгрөг шаардсан ба тухайн үед Э.А дүү болон найзуудтайгаа нийлж намайг дарамталж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Тухайн үед бидний хооронд бэлнээр мөнгө шилжээгүй, Ангараг, Азжаргал хоёрын хоорондох компьютер, сандалны тооцоогоо надаар төлүүлэх гэж байгааг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Э.Н-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж хариу тайлбар ирүүлжээ.
Нэхэмжлэгч Э.А нь 2016 оны 4 дүгээр сарын 18-нд Э.Н-т 8,000,000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, хүүгүй, хугацаа хэтэрсэн хоног тутам 0.3 хувийн алданги тооцохоор тохиролцож зээлийн гэрээ байгуулсан байна.
Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаар хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Э.Н-т зээлийн гэрээний дагуу мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэн өгсөн гэх үйл баримт тогтоогдсонгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг.
Гэтэл нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээг Э.Н-т компьютер хүлээлгэж өгснөө нотлох гэж байгуулсан гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж, үүний дагуу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс тус шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны 18Ш-3/5214 тоот албан бичгийн хавсралтаар Э.Н-, Э.А нарын өгсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасан учраас шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаа сонгох эрхтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд зээлийн гэрээ бодитойгоор байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Э.Н-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,400,000 төгрөг гаргуулах тухай Э.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүхээс талуудын хүсэл зоригийн дагуу хэргийг эвлэрүүлсэн зуучлагчид шилжүүлсэн боловч талууд эвлэрээгүй тул 2016 оны 10 дугаар сарын 10 ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдэж гарын үсэг зуруулжээ.
2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч Э.Н- нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч, ямар нэгэн хүсэлт гаргаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.
Харин нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо буюу компьютер зарсан хохирлоо буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Э.Н-аас зээлийн гэрээний үүрэгт 10,400,000 төгрөг гаргуулах тухай Э.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Ааас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА