| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0833/Э |
| Дугаар | 839 |
| Огноо | 2019-11-04 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Т.Мандахнаран |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 839
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч С.Мөнхгэрэл,
шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар,
нарийн бичгийн даргаар Б.Мөнхдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх
хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хойдхөвчит овогт Цэдэнбалын Ц.Эт холбогдох 1902007370261 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо бага тойруу гудамж 32 дугаар байр 43 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Хойдхөвчит овогт Цэдэнбалын Ц.Э /РД- ТГ97022418/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Ц.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Үйлдвэр" гэх шөнийн цэнгээний газарт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын гухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай "Каннабис" гэх нэршилтэй 5.8414 грамм жинтэй ургамал мэт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын худалдаалах зорилгогүйгээр биедээ хадгалсан гэмт үйлдэл хийсэн болох нь
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Эийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч Ц.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна. Ийм муухай зүйл хийсэндээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 62-63х/,
2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4991 дугаартай шинжээчийн дүгнэлтээр "...Ц.Э ТГ27022418 2019 он 09 cap 07н гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн жагсаалтад багтдаг болно. гэх /хх-ийн 38-39х/,
2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 4996 дугаартай шинжээчийн дүгнэлтээр "...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, "GODIVA" гэсэн бичиглэлтэй төмөр сав зэргээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна..." гэх /хх-ийн 43-45х/,
"...мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай... гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын 1104 тоот дүгнэлт /хх-ийн 48-49х/, хэргийн газрын үзлэгээр "угаагуурын дотор хэсэгт бор өнгийн өвс мэт норсон ургамал байсныг “Самсунг эс 6” маркийн гарт утсаар бэхжүүлэн авч ..." гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8х/, "...тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгаж..." гэх Хүний биед биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 9-10х/, "...угаагуур хэсэг рүү асгасан гэх хайрцагийг хураан авч..." гэх хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-13х/, Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлзг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 14-15х, 23х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Ц.Эийн хориглосон Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан "дельта-9 тетрагидроканнабинол" бодисын агууламжтай, 5,8414 грамм цэвэр жинтэй, "Каннабис" гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисийг худалдаалах зорилгогүйгээр биедээ хууль бусаар хадгалсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Эт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй, бусдад төлөх төлбөргүй, хөдөлмөрийн чадвар 70 хувийн алдалттай, унаж татдаг өвчтэй болох хувийн байдал зэргийг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнсэнгийн хугацаанд албадлагын арга хэмжээ авч шүүх шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа Godiva гэсэн бичигтэй бор өнгийн нойтон нийт 5.8414 грамм жинтэй Каннабис өвс мэт зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хойдхөвчит овогт Цэдэнбалын Ц.Эийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Ц.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар Ц.Эт тэнсэнгийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Ц.Э нь бусдад төлөх төлбөргүй, 1 /нэг/ хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа Godiva гэсэн бичигтэй бор өнгийн нойтон нийт 5.8414 грамм жинтэй Каннабис өвс мэт зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ