Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 844

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Чимгээ,

шүүгдэгч И.Б,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Азалдаахан овогт Ишжамцын И.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911024711002 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, техник хангамжийн мэргэжилтэй, Теди төвд гар утасны засварчин ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 7 дугаар гудамжны 30  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Азалдаахан овогт Ишжамцын И.Б /РД: ОВ94110510/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч И.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч И.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Онцгой байдлын газрын аврах гал унтраах 10 дугаар ангийн арын зам дээр ачилтын машины жолооч Н.Өсөхбаяртай зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдан түүнийг боож нүүрэн тус газар нь цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Н.Өсөхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "би “Батзэв” ХХК-ны ачлагын машины жолооч хийдэг юм. 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 12.30 цагийн үед Хууль зүйн яаман дээр арга хэмжээ болох гэж байна, машинуудыг чөлөөл гэсэн. Тэгээд би гал унтраах 10 дугаар ангийн ард машинуудын дунд түгжрээд зогсож байхад өөдөөс цагаан өнгийн “Бонго” загварын машин ирээд зэрэгцэж зогссоноо манай машины жолоочтой маргасан. Манай машин зай тавьж өгөх ямар ч боломжгүй байхад нөгөө машины жолооч бууж ирээд манай жолоочийг цохих гэхэд бултаад цохиулаагүй. Тэгэхээр нь би машинаасаа буугаад холдуулах санаатай очтол тэр залуу намайг боогоод баруун нүдний доод хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд би барилцаж авахад нөгөө газартаа дахин 2-3 удаа цохисон. Өөрөөр цохиж зодсон зүйлгүй. Бид уулзаад учир зүйгээ олсон, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/,

гэрч Б.Нямбаяр, Я.Нандинчимэг нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-22х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгиин шинжилгээний 10991 дугаартай шинжээчийн дүгнэлт "Н.Өсөхбаярын биед тархи доргилт, баруун нүдний доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны салстын цус харвалт, доод зовхизүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун хацар баруун хөмсөгний зулгаралт гэмтэл тогтоогдсон, дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй " гэх дүгнэлт /хх-ийн 24х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11012 дугаартай шинжээчийн дүгнэлт "И.Бын биед дээд доод уруулын салстад цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зүүн хөмсөгний гадна хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон, дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй" гэх дүгнэлт. /хх-ийн 26х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч И.Быг үл ялих зүйлээс болж  хохирогч Н.Өсөхбаяртай хоорондоо маргалдан, улмаар хохирогчийг цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

 

хохирогч Н.Өсөхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Бид уулзаад учир зүйгээ олсон, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй" гэх мэдүүлгийг /хх-ийн 13-14х/ үндэслэн шүүгдэгч И.Быг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч И.Бд ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Азалдаахан овогт Ишжамцын И.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар И.Быг шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үе төлүүлэхээр тогтоож, хэрэв тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, И.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ