Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 845

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч М.Н,

нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911018030947 тоот хэргийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1964 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 55 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, лаборант мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны хэсгийн ахлагч ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 29-301 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Гарьд овогт Мягмарын М.Н, /РД: ЧМ64041963/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч М.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Н нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа:

- хохирогч Н.Баярмаагаас "хүнсний эрхийн талонд хамрагдсан айлуудаас хаягийн зөрчилтэй бол 30.000 төгрөг хураан авч байгаа" гэж 2018 оны 12 дугаар сард 30.000 төгрөг, бичгийн хэргийн зардал хэрэгтэй гэж 2019 оны 4 дүгээр сарын дундуур 30.000 төгрөг, нийт 60.000 төгрөг,

- хохирогч Ж.Тунгалагтуяагаас "хүнсний эрхийн талонд хамрагдсан айлуудаас бичиг хэргийн зардал хураан авч байгаа, дээрээс гарсан шийдвэр" гэж 2018 оны 01 дүгээр сард, 2018 оны 4 дүгээр сард, 2018 оны 8 дугаар сард, 2019 оны 02 дугаар сард тус бүр 30.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сард 50.000 төгрөг, нийт 170.000 төгрөг,"Хүнсний эрхийн талонтой айлуудаар шалгалт хийж байгаа, танайх амьжиргааны түвшин дээгүүр гарч байна, аргалуулах уу" гэж 2018 оны 02 дугаар сард 150.000 төгрөг, "Халамжаас танай хүүхдэд жилд нэг удаа олгодог автобус унааны мөнгө олгогдох ёсгүй, түлээ нүүрсний мөнгөтэй хамт олгогдсон байна, буцаан авч халамжийн данс руу хийх ёстой" гэж 2018 оны 10 дугаар сарын дундуур 140.000 төгрөгийг,

хохирогч Т.Алтантогосоос "хүнсний талонд хамрагдсан айлуудаас бичиг хэргийн зардлын хураамж авч байгаа" гэж 2019 оны 5 дугаар сарын сүүлээр 30.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад нийт 550.000 төгрөгний хохирол учруулсан гэмт үйлдэл хйисэн болох нь 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Нгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Н.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би хүү охин хоёр зээгийн хамт Чингэлтэй дүүргийн 17-р хороо Сурагчийн 24-244 тоотод амьдарч байхдаа 2017 оны 11 сард Халамжийн газраас өгдөг хүнсний эрхэд хамрагдсан бөгөөд 2018 оны 12 сард хэсгийн ахлагч М.Нд манайд ирж намайг хаягийн зөрчилтэй байна намайг таны цахим үнэмлэхний хаяг Сурагчийн 24-242 гэж бичигдсэн байна, та Сурагчийн 24-244 тоотод амьдарч байгаа болохоор энэ хаягаар нь хүнс олгож байгаа та зөрчлөө арилгахгүй бол хүнсний эрх танд халамжаар олгохгүй гэж хэлсэн, тэгэхээр нь би хаана очиж солихоо мэдэхгүй байна гэж хэлсэн чинь М.Н надад хаягийн зөрчилтэй айлуудаас 30,000 төгрөг хурааж авч байгаа гээд тэр өдөртөө надаас бэлнээр 30,000 төгрөг авсан, тэрнээс хойш дахин 2019 онд 1 сарын дундуур, 04 сарын 02-нд тус тус 30,000 төгрөгийг намайг хаягийн зөрчилтэй гэж хураасан, энэ хугацаанд 04 дүгээр сарыг дуустал би Халамжаас cap бүр олгож байсан хүнсний эрхийн картаар 64,000 төгрөг аваад хүнсээ авч байсан, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр танайр хаягийн зөрчилтэй байна гэж хэлээд хаягийн зөрчлөө арилгаагүй байна гээд надаас миний хүнсний эрхийн картыг хураагаад аваад явсан, тэгээд манайх 5,6 сарын хүнсний мөнгө авч чадаагүй байсан бөгөөд 5 дугаар сарын 20-нд гаргаад "Их Цэнгэл" дэлгүүрт ороод хүнс олгох иргэдийн нэрсийг харсан чинь миний нэр байсан тэгэхээр нь М.Н эгч рүү залгаад хүнс олгох иргэдийн нэрсийг харсан чинь миний нэр байна та миний картыг өгчих гэсэн чинь юу гэж байдаг юм, хураалгачихсан гэж хэлсэн тэрнээс хойш би хүнсний эрхийн картыг ахиж асуугаагүй бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 28-ны орой М.Н эгч манайд ирж хүнсний эрхийн картыг өгсөн бөгөөд танайх хаягийн зөрчилтэй байгаа энэ чигээрээ байвал 3 дахин нугалж эргүүлээд төлнө шүү надад хамаагүй шүү гэж хэлээд явсан бөгөөд хүнсний эрхийн картанд 5, 6 сарын хүнсний эрх орсон байна лээ, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Халамжийн ажилтанд Ичинхорлоо энэ талаар мэдээд халамжаас болон хорооноос иргэдээс мөнгө хураа гэсэн зүйл байхгүй, хүнсний эрхийн бичигтэй айлуудад мөнгө нь халамжаас зүгээр олгогдоод явж байгаа гэж хэлсэн тул би халамжийн ажилтанд өргөдөл гаргасан... ...хэсгийн ахлагч М.Н нь 2019 оны 12 сард шиг санаж байна манай одоо амьдарч байгаа хаягийг иргэний үнэмлэх дээр хаягтай зөрчилтэй байна гэж хэлээд 30.000 төгрөг авсан, түүний дараа 2019 оны 4 дүгээр сарын дундуур бичиг хэргийн зардалд гэж 30.000 төгрөг авсан. Би бодохдоо 90.000 төгрөгийг 3 удаа авсан гэж бодож байсан, энэ бодож байсан зүйлээ мэдүүлэгт дурдсан байна, харин сүүлд бодож үзэхэд 2 удаа нийт 60.000 төгрөг авсан байсан. Надад учирсан хохирлыг би авахгүй гэж байгаа..." гэх мэдүүлгүүд /хх-ийн 13х, 22х/,

хохирогч Ж.Тунгалагтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манайх 2017 оны 10 сард Халамжаас олгодог хүнсний эрхийн талонд орсон бүгээд cap бүр 72,000 төгрөгний хүнс авдаг, 2017 оны 10, 11, 12 сарын хүнсээ бүрэн авсан, 2018 оны 01 сарын дундуур өдрийг нь сайн мэдэхгүй байна, манай хэсгийг хариуцсан хэсгийн ахлагч М.Н гэгч нь манайд ирээд хорооноос бичиг хэргийн менгө гэж 30,000 төгрөг хураахаар болсон, энэ дээрээс иймд шийдвэр гарсан гэж хэлээд надаас 30,000 төгрөгийг бэлнээр авч явсан, тэгээд 2018 оны 02 дугаар сарын сүүлээр хэсгийн ахлагч М.Н нь гэрт ирээд дүүгээс нэгдсэн журмаар шалгалт явагдаж байгаа, хүнсний эрхийн талонтай айлуудаар шалгалт явагдаж байна, танайх амжиргааны түвшин дээгүүр гараад байна яах уу аргалуулах уу гэсэн тэгэхээр нь би аргалуулахгүй байх боломжгүй юм уу?, манайхаар орж ирэхгүй юм уу, манайх зүгээр л нэг энгийн байдаг л айл ш дээ гэж хэлсэн чинь, 16-н хүний бүрэлдэхүүнтэй дандаа дарга нар явж байгаа гэж хэлсэн, тэгээд гэрт байх хугацаанд ирэхгүй байж, яг нэг эмнэлэг явсан эсвэл гадуур гарсан үед араас залгаад дарга нар танайд ирчихсэн байна хаана байна гэж надруу залгасан, тэгээд аргалах уу? яах уу? гэдэг байсан, тэгээд нөхөр бид хоёр ярилцаад тэр мөнгийг нь өгөөд аргалуулъя гэж шийдээд М.Н эгчид аргалаад өг гээд 150,000 төгрөг өгсөн, тэрний дараа 2018 оны 4 дүгээр сард хэсгийн ахлагч М.Н эгч манайд ирээд ахиад хороонд өгөх ёстой бичиг хэргийн зардлын 30,000 өг гэж хэлээд нэхсээр байгаад авсан, 2018 оны 8 дугаар сард ахиад хороонд өгөх бичиг хэргийн зардал гэж 30,000 төгрөг авсан, манай охин З.Энхжин нь Чингэлтэй дүүргийн 37-р сургуулийн албан бус ангид суралцдаг бөгөөд жилд 1 удаа халамжаас автобус унааны мөнгө гэж 200,000 төгрөг нүүрс төлөөний мөнгө гэж 140,000 төгрөг авдаг бөгөөд автобус унааны 200,000 төгрөг нь 9 дүгээр сарын дундуур, нүүрс түлээний 140,000 төгрөг нь 10 сарын дундуур халамжийн дансаар орж ирсэн бөгөөд яг энэ мөнгө буусны маргааш нь М.Н эгч надруу залгаад танай охин Энхжин автобус унааны 200,000 төгрөг авах ёсгүй байсан байна гэсэн тэгэхээр нь би яагаад тэгэж байгаа юм бэ гэсэн чинь танайх хүүхдээ өглөө оройдоо өөрсдөө сургуулиас нь очиж авдаг болохоор авах ёсгүй, түлээ нүүрсний мөнгийг нь давхар оруулчихсан байна, тийм шийдвэр гаргасан би очиж бэлнээр нь аваад халамжийн дансруу хийх ёстой юм байна гэж хэлээд надаас 140,000 төгрөгийг бэлнээр нь авч явсан, 2019 оны 02 сард хороонд өгөх бичиг хэргийн зардлын 30,000 төгрөг гэж авсан, 4 сард Нийслэлээс олон хүний бүрэлдэхүүнтэй хүнсний эрхийн талонтай айлуудыг шалгаж байна, боломжийн айлуудыг нь хасаж байна гэж хэлсэн тэгэхээр нь би яагаад ийм ойр ойрхон яасан их шалгалт явдаг юм бэ? одоо тэгээд яах ёстой юм бэ гэсэн чинь М.Н эгч Нийслэлээс шалгалт яваад байхад би тэгээд яах билээ дээ гэсэн, тэгээд бас манайхыг хасах байх гэж хэлсэн, тэгэхээр нь би тэр хүмүүс чинь манайхаар орж ирээд манай амьдралыг харах хэрэгтэй ш дээ гэсэн чинь манай айл болгоноор орж байгаа амжихгүй байна гэж хэлдэг нөгөө шалгалтын хүмүүс нь огт манайд ирж байгаагүй, М.Н эгч энэ үед манайд 2 өдөр оройны 18 цагаас 23 цаг хүртэл манайд байсан учир нь нөгөө шалгалтын хүмүүс нь энэ хавиар явж байгаа манайхыг мэдэхгүй байна гээд утсаар яриад хүлээгээд суугаад байсан, тэгсэн ч тэр хүмүүс нь манайд ирээгүй, тэгээд 3 дахь өдрийнх нь өглөө манай эгчийн бие муудаад манай гэр бүлээрээ өглөө эрт эмнэлэг явчихсан байхад надруу 7 цаг 30 минутын үед над руу залгаад нөгөө олон дарга нар чинь олон машинтай ирээд танайд хүлээгээд байна, тэр олон дарга нар чамайг юу гэж хүлээж байдаг юм хаана байгаа юм гээд залгасан, тэр үед би яг 7-н буудал дээр явж байсан бөгөөд за би тэгвэл би шууд эндээсээ эргээд яваад очъё гээд гэрлүүгээ яваад орсон чинь М.Н эгч манай гадаа зогсож байсан, тэгээд хаашаа яваад өгдөг юм бэ? дарга нар яваад өглөө, юу гэж та нарыг хүлээж байдаг юм гээд уурласан, тэгэхээр нь би таныг залгахаар чинь л шууд ирлээ ш дээ гэсэн юу гэж та нарыг хүлээж байдаг юм гээд уурласан, тэгээд би хажуу талынхаа айлын Баагий гэж дууддаг эгчээс сая энд олон машинтай хүн ирсэн үү, нөгөө шалгалт нь явсан уу гэсэн чинь ямар ч хүн ирээгүй гэж хэлсэн, тэгээд өдөр над руу залгаад одоо яах вэ танайх хүнсний эрхийн талон, асаргаа халамж, хүүхдийн мөнгө зэргээсээ хасагдах гээд байна ш дээ гэсэн, тэгэхээр нь би одоо яах уу гэсэн чинь танайх тэгээд аргалуулах юм уу орой хоолонд оруулаад аргалъя гэж хэлээд 150,000 төгрөг авсан, 6 дугаар сард хороонд өгөх бичиг хэргийн зардал нэмэгдээд 50,000 төгрөг болчихсон шүү гээд 50,000 төгрөг авсан, тэгээд би яагаад бас мөнгө нь нэмэгдээд 50,000 төгрөг болчихвоо, хэцүү байна ш дээ, бараг авснаасаа илүү мөнгө ороод байна ш дээ гэсэн М.Н эгч би ямар энийг чинь өөрөө аваад идээд байгаа юм уу? Нийслэлээс бид нарыг ав гээд тушаал гаргачихсан юм чинь эсвэл та нар өөрсдөө 50,000 төгрөгөндөө тааруулаад бичиг хэргийн зүйл авч өг гэж уурласан, 2019 оны 06 сараас хойш дахиж мөнгө нэхэж орж ирээгүй. Олон хүүхэдтэй, өрх толгойлсон, эмэгтэй, амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айл өрхүүдийг хорооноос судалгаа аваад оруулдаг, манайх халамжаас олгож байгаа хүнсний эрхийн талон олгох шаардлага шалгуурыг хангаад орсон, анх 2017 оны 10, 11, 12 сарын мөнгийг зүгээр авч байсан, хороо болон халамжаас ямар нэгэн зүйл огт ярьж байгаагүй, хэсгийн ахлагч М.Н эгч л танайх болохгүй байна хасагдах гээд байна гэж хэлдэг байсан, тэгээд би амархан хасаад хаячихдаг юм байна даа гэж бодоод М.Н эгчид аргалаад өг гэж 1-2 удаа мөнгө өгч байсан. Хэсгийн ахлагч М.Н нь надаас мөнгө авахдаа дандаа бэлнээр авдаг байсан... ...2019 оны 4 дүгээр сард надаас авсан гэж мэдүүлсэн "хүнсний талоны шалгалт"-ыг аргалж өгнө гэж хэлээд 150.000 төгрөг авсан гэж би урьд мэдүүлэгтээ андуурч хэлсэн байна лээ..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х, 21х/,

хохирогч Т.Алтантогосын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Надаас манай хэсгийг хариуцсан хэсгийн ахлагч М.Н нь 2019 оны 5 дугаар сарын сүүлээр хүнсний талонд орсон айлуудаас хорооноос бичиг хэргийн цаасны зардлын хураамж гээд 30,000 төгрөг авсан, би тухайн үед хороо болон халамжийн газраас ийм шийдвэр гарсан л юм байх гэж бодоод өгсөн, манайх хүнсний эрхийн талонд хамрагдаад 2 жил болж байгаа бөгөөд 1 удаа л М.Н нь 30,000 төгрөгийг бичиг хэргийн зардалд авсан, өөр өгч байгаагүй, дараа Халамжийн мэргэжилтэн Ичинхорлоо нь манай гэрт ирж надтай уулзаад хэсгийн ахлагч М.Н нь хүнсний эрхийн талонтай айлуудаас хороо болон халамжийн нэрийг барьж худал хэлж мөнгө авсан байна танайхаас авсан уу гэж асуухад нь би 30,000 төгрөг өгсөн талаар хэлсэн бөгөөд М.Н нь худал хэлж залилж надаас 30,000 төгрөг авсанг би мэдсэн тул Халамжийн ажилтанд өргөдөл бичиж өгсөн. Надаас авсан 30,000 төгрөгийг М.Н нь саяхан хороон дээр явж байхад бэлнээр нь өгсөн тул надад М.Нгаас өөр нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 20х/,

гэрч Б.Ичинхорлоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Чингэлтэй дүүргийн 17-р хороонд Халамжийн ажилтнаар 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 21-ний манайх амжиргаа дэмжих хуралтай байсан бегөөд энэ хурал нь хороон дээр 21-ний үдээс хойш зохион байгууллагдсан бөгөөд хуралд иргэдийн төлөөллөөс суусан хорооны иргэн Б.Юмжирдулам нь хуралд орохын өмнө надад хандаж би чамд нэг юм хэлье гэсэн, тэгээд надад чи Нараа эгчид итгэдэг үү? гэж асуусан тэгэхээр нь би Нараа эгчид итгэдэг гэсэн чинь Нараа эгч тэгвэл чиний нэрийг бариад хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг иргэдээс мөнгө авдаг юм байна, чи мэдсэн үү гэсэн, тэгэхээр нь би үгүй, мэдээгүй юу яриад байгаа юм бэ? гэсэн чинь би энэ оны 04 сард хүнсээ авчихаад явж байгаад иргэн Тунгалагтуяа тааралдсан чинь М.Н надаас нөгөө авдаг мөнгө чинь 50,000 төгрөг болчихсон байна лээ гэсэн, тэгэхээр нь Юмжирдулам юу яриад байгаа юм бэ? манайх 56,000 төгрөг л авдаг ш дээ гэсэн чинь Тунгалагтуяа өө танайхаас авдаггүй юм уу, манайхаас авдаг ш дээ гэж хэлээд М.Н хүнсний талон авдаг айлуудаас танайхыг халамжаас хасна гээд байна хасуулахгүй гэвэл надад 30,000 төгрөг өгчих би аргалаад өгье, мөн хорооноос бичгийн цаас, принтерийн хор, бал , штринк гэх мэт зүйл авна гэсэн эсвэл мөнгийг нь өг юмны үнэ үнэтэй байгаа шүү гэх мэтээр иргэдийг айлгаж сүрдүүлэн мөнгө авдаг талаар надад Юмжирдулам хэлсэн тэгэхээр нь би чиний яриад байгаа чинь үнэн юм уу тэгвэл орой айлуудаар нь орж уулзъя гэсэн тэгээд тэр орой манай хороонд байдаг Модонт дэлгүүрийн үүдэнд зогсож байсан чинь Юмжирдулам нэг хар машинтай ирж зогсоод намайг даллаж, байж байгаарай Тунгалагтуяа нөхөр хүүхдийн хамт салхинд гарах гэж байна, тэгэхээр нь замаас нь дагуулаад ирлээ гэсэн, тэгээд би өөрийнхөө машинд сууж байгаад Тунгалагтуяагийн нөхөр Золбатыг оруулж ирээд хэсгийн ахлагч М.Нгийн талаар асуусан чинь Золбат нь янз бүрийн юм ярихгүй, сайн гэсэн чинь хажуунаас нь Юмжирдулам наадах чинь аягүй бол мэдэхгүй байгаа эхнэрээс нь асуулдаа гэсэн, тэгэхээр нь би Золбатыг чи тэгвэл машиндаа орж суугаад эхнэрээ явуулчих гэсэн тэгээд эхнэр Тунгалагтуяа нь орж ирэхээр нь М.Нгийн талаар асуусан чинь хорооноос бичиг хэргийн зардал ав гэсэн энэ хүмүүсийг болохоор хорооноос халамжаас хүнсний талон авдаг айлуудаас аваарай гэж хэлсэн гэж хэлээд 6 сард гэлүү 3 сард гэлүү нэг удаа 30,000 төгрөг авдаг байснаа 50,000 төгрөг болсон гэсэн. Тэгээд яагаад энэ мөнгө нэмэгдчихсэн юм бэ гэж асуусан чинь бичиг хэргийн зардал нэмэгдсэн байгаа тул мөнгө нь нэмэгдсэн, дүүргийн захирамж гарсан гэж хэлсэн гэсэн тэгэхээр нь би халамжийн ажилтантай уулзаад өгье гэсэн чинь М.Н болохгүй ш дээ манайх чинь камертай ил тод мөнгө өгч болохгүй надаар л дамжуул гэж хэлсэн гэсэн. Миний нэрийг болон хорооны нэрийг бариад залилан хийж байгаа М.Нд зохих хуулийн дагуу арга хэмжээг авахуулж хохирсон иргэдийн мөнгийг эргүүлэн олгох зорилгоор цагдаагийн байгууллагад хандсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 24х/,

гэрч Д.Азжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би Чингэлтэй дүүргийн 17 хороонд 2016 оны 9 дүгээр сараас хойш ажлын албаны даргаар ажиллаж байгаа бөгөөд М.Н нь намайг уг албан тушаалд томилогдох үед Чингэлтэй дүүргийн 17 хорооны 2 дугаар хэсэг буюу Сурагчийн 16-26 дугаар гудамжийг хариуцан ажиллаж байсан. Өнөөдрийг хүртэл энэ хэсэгтээ ажиллаж байгаа. Хэсгийн ахлагч нарыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 дугаартай тушаалаар "Хэсгийн ахлагч ажиллуулах журам" батлан ажиллуулж эхэлсэн бөгөөд хэсгийн ахлагч нартай жил бүр "Хөлсөөр ажиллах гэрээ" байгуулан шинэчлэн ажиллаж байгаа, энэ жишгийн дагуу М.Н нь ажилладаг. Хорооноос оршин суух иргэдээс бичиг хэргийн зүйлс авахуулах болон зардлыг авах талаар гарсан захирамж шийдвэр байхгүй, хэрэв хорооны иргэдээс ингэж мөнгө болон эд зүйлс авсан бол энэ нь хууль бус зүйл байна. Харин хаягийн зөрчилтэй иргэдийг зөрчлөө арилгах талаар хэсгийн ахлагч нар хууль ёсны шаардлага тавих эрхтэй. Хүнсний эрхийн бичгийн журам дээр өрхийн бусад гишүүн хаягийн зөрчилтэй байх юм бол тухайн айлыг тэр чигээр нь өрхийн бусад гишүүн хаягийн зөрчилтэй байх юм бол тухайн айлын хаягийн зөрчилтэй иргэнийг хасдаг энийг бол журамлаад өгсөн байгаа. Хүнсний эрхийн бичгээс хасах, зогсолт хийх эрх нь халамжийн ажилтанд байдаг. Би анх халамжийн ажилтан Б.Ичинхорлоогоос М.Н хариуцсан хэсгийн иргэдээс хорооноос бичиг хэргийн зардал гаргуулж байна мөн хүнсний эрхийн бичгээс хасуулахгүй, аргалаад өгье гэх мэтээр 30,000-50,000 төгрөг авдаг талаар мэдсэн бөгөөд хариуцсан хэсгийн иргэдтэй уулзсан чинь энэ мэтчилэн Тунгалагтуяа, Алтантогос, Баярмаа нараас 2018 оноос хойш 30,000-50,000 төгрөгийг хууль бусаар төрийн албан хаагчийн нэрийг болон хорооны нэрийг барьж авсан байсан мөн сүүлд Тунгалагтуяагаас 50,000 төгрөгийг бичиг хэргийн зардал өссөн гэж хэлээд авсан байсан. Тухайн үед Тунгалагтуяа хороон дээр М.Нд мөнге өгч байхад нь би хажуугаар нь өнгөрсөн бөгөөд тэр үед би нэг их анзаараагүй өнгөрсөн, дараа нь Тунгалагтуяатай ярилцаж байхад сүүлд би М.Нд мөнгө өгөхөд та хажуугаар нь өнгөрсөн шүү дээ гэж хэлэхэд би санасан, Тунгалагтуяа М.Нд яалт ч үгүй мөнгө өгч байсан. Энэ мэтчилэн М.Н иргэдээс мөнгө авч байсанг холбогдох албан тушаалтанд мэдэгдсэн байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 32х/,

гэрч У.Золбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манай сурагчийн 24 дүгээр гудамж нь 2 дугаар хэсэг гэж явдаг бөгөөд хэсгийн ахлагчаар нь М.Н гэх эмэгтэй байгаа, 5-6 жил болсон байхаа. Миний мэдэж байгаагаар бол манайх хүнсний эрхийн талонд хамрагдсаны дараа байхаа хэсгийн ахлагч М.Н нь улиралд нэг удаа байхаа 30,000 төгрөгийг эхнэр Тунгалагтуяагаас авч байсан. Би яг нарийн зүйлсийг нь сайн мэдэхгүй байна. Өнгөрсөн жил байхаа манай охин Энхжин халамжаас авдаг тэтгэмжээсээ хасагдах гээд байна гэсэн нэг сураг гарч байсан. Тэгээд тэрийг М.Н эгчээр   аргалуулах гэж 150,000 төгрөг өгсөн байж магадгүй, эхнэр Тунгалагтуяа л мэдэж байгаа. Өнгөрсөн жил Дэлхийн зен Олон улсын байгууллагаас төсөл авах гэж хэсгийн ахлагч М.Нгаас мэдэхгүй зүйлсээ асууж байгаад бичүүлж байсан. Харин М.Н эгчид мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 47х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч М.Нг Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа хохирогч нараас халамжийн ажилтан болон хорооны нэрийг барьж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэмт үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Н.Баярмаа, Ж.Тунгалагтуяа, Т.Алтантогос нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо бүрэн гүйцэд буцаан авсан болохоо илэрхийлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч М.Нг хохиролоо бүрэн нөхөн төлсөн гэж үзэв.

Шүүгдэгч М.Нд Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохиролын хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, хохиролыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

    1.Шүүгдэгч Гарьд овогт Мягмарын М.Нг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эд хөрөнгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

       2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан М.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажилаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

 

    3. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.     

 

              4. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                5. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ