Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 0272

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч Г.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-д холбогдох эрүүгийн 1925002290242 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Г.Г

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 03 сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг багийн нутаг дэвсгэр Мэнд-Амар худалдааны төвийн авто зогсоол дээр зогсож байсан автобусанд Б.Сүхбаатарыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Г.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед хохирогч нь олон нийтийн унаанд согтуу орж ирээд агсан тавиад байсан. Би болиоч гэж шаардлага тавьсан. Тэгтэл хохирогч намайг цохих гэхээр нь бултсан. Тэгээд нэг удаа цохиж авсан. Тэрнээс гэдэс рүү нь цохисон асуудал байхгүй. Нэг л цохисон. Өөр үйлдэл хийгээгүй. Намайг гэдэс рүү нь цохисон гээд байгаа кондуктор хүүхэд эрүүл бус хүүхэд. Тэгээд кондуктор жолооч хоёр тэр хүнийг автобусны буудал дээр буулгаж байсан. Намайг цохисны дараа буцаад давшаад байсан. Тэр автобусанд хүүхэд хөгшчүүл байсан болохоор би “болиочээ” гэж хэлсэн. Би нүүрэнд нь цохисон. Би урьд нь хүний толгой хагалж Эрүүгийн хуулийн 181.3-р шийтгүүлж байсан. Би тухайн үед архи уугаагүй байсан. Хохирогч нь хохирол нэхэмжилсэн. Миний хувьд хохирлыг төлөх чадвар байгаа. Ээж эгчээсээ аваад төлчих чадвар байна. Тэр 2 маань уур уцаараа барьчихгүй өөрийгөө бодохгүй яасан юм бэ гээд надад гомдоод байгаа. Автобусны жолоочийг сайн танихгүй. Би хохирлыг хариуцах ёстой. Миний цохисон үйлдлээс хохирогчийн биед гэмтэл учирсан гэж бодож байгаа. Гэхдээ автобуснаас буугаад гэдсэндээ цохиулсан байхыг үгүйсгэхгүй. Хохирлыг төлнө. Харин сүүлийн үед автобуснууд камергүй байгаа. Кондуктор нь үндсэн ажилтан биш. Би энэ хэрэгт буруутай гэж бодож байна.Хүний хүсэх газар биш. Хүнийг өмгөөлж хамгаалснаас буруутлаа. Алдаа дутагдлаа засна. Ээжтэйгээ амьдардаг гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Тухайн өдөр цалин бууж ажил дээрээ очиж цалингаа авчихаад 1 шил архи авч цэвэр усны саванд хийчихээд замдаа ажил руу явахдаа талыг нь уусан. Ажил дээрээ ирээд Базаррагчаа, Норов 2-т ганц нэг хийж өгсөн. Тэр хоёр намайг автобусанд суулгасан. Би талбай дээр буугаад Мэнд-Амар худалдааны төвийн автобусны зогсоол дээрээс хороолол руу явдаг автобусанд суугаад хүнтэй маргалдаж байснаа санаж байна. Тэрнээс хойш согтоод юу болсноо санахгүй байна. ...маргааш өглөө нь гэдсээр өвдөөд болохгүй байхаар нь эмнэлэгт үзүүлтэл нарийн гэдэс тасарсан байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 13-14 ху/

 

-Гэрч Л.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 03 сарын 27-ны өдөр орой 21 цаг 40 минутын орчим “Мэнд-Амар” худалдааны төвийн урдаас хүмүүс суулгаад хөдлөх гэж байтал цагаан тортой юм барьчихсан согтуу ах орж ирээд пиздаа гөлөг минь яваач хөдлөөч гээд байхаар нь одоо хөдөллөө шүү дээ ах гэтэл ална шүү чамайг гээд орилоод байсан. Тэгэхээр нь би жолооны хүрднээсээ буугаад автобусны заалны хаалгаар ороод уг согтуу ахыг та болиоч олон нийтийн газар биеэ зөв авч яв гэж хэлчихээд буугаад автобусны жолооны хүрдэн дээр суугаад хөдлөх гэтэл миний ар талын суудал дээр сууж байсан бас нэг согтуу зорчигч хаалганы хажууд байсан надтай маргалдаад байсан ахыг цохиод унагаасан. Тэгэхээр нь би жолооч талаас буугаад тойроод баруун талын автобусны заалны хаалгаар ороод надтай хамт явж байсан манай дүү Тэмүүжингээс юу болсон бэ цээж рүү нь цохиогүй биз гэтэл манай дүү тантай маргалдаад байсан ахыг гэдэс рүү нь өшиглөчихлөө гэж хэлсэн. Тэгэхээр нь надтай маргалдаад байсан ахыг гэдсээ дараад эвхрээд байхаар нь би дүүтэйгээ хамт буулгах гэтэл автобусны шатан дээр гэдсээ дарж суучихаад босохгүй байсан. ...Махлаг бор царайтай зантгар толгойтой залуу байсан. Би одоо харвал шууд танина. Өмнө нь наран багийн 49-р гудамжны Цагаан уул дэлгүүрийн буудлаас байнга л миний автобусанд сууж үйлчлүүлж байсан гэсэн мэдүүлэг /хх 23-24 ху/

 

-Насанд хүрээгүй гэрч Ө.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Мэнд-Амар худалдааны төвийн урд зогсож байтал нэг согтуу ах орж ирээд жолоочоо дүүрчихлээ шүү дээ пизда минь хурдан яваачээ гэтэл Бямбаа ах бууж очоод та зүгээр яв бусдыгаа хүндэл гэж хэлчихээд эргээд жолооныхоо ард суусан. Гэтэл уг ахын хажуу талд ...байсан махлаг бүдүүн ах тэр ахыг чи зүгээр яв л даа, аятайхан явж чадахгүй бол буу гээд бариулнаас барьчихсан гарыг нь цохиж аваад нүүр рүү нь цохисон. Гэтэл автобусанд орж ирэхдээ Бямбаа ахтай маргалдаад байсан ах шалан дээр унасан чинь цохиж унагаасан ах гэдсэн дээр нь нэг удаа нилээд хүчтэй дэвссэн. Энэ үед Бямбаа ах жолооныхоо ардаас бууж ирээд тэр хоёрыг салгаад гэдсэндээ цохиулсан ахыг гаргах гэтэл автобусны шатан дээр гэдсээ дарчихаад ёолоод байсан гэсэн мэдүүлэг/хх 26 ху/

 

-Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Хажууд нь сууж байсан /өмнө нь наран багийн Цагаануул дэлгүүр орчмоор архи уугаад байж байдаг махлаг, данхардуу толгойтой нэрийг нь сайн мэдэхгүй/ залуу агсам тавиад орилоод байсан ахыг чи буу гэсэн чинь нөгөө ах буухгүй байсан чинь хоорондоо барьцалдаж аваад махлаг данхар залуу уг ахыг нүүр лүү нь цохисон чинь тэр ах уначихсан. Гэтэл цохиж унагаасан махлаг залуу тэр ахыг гэдсэн дээр нь нэг удаа дэвссэн чинь уг ах дуу нь гарахаа болиод эвхэрээд хэвтээд байсан гэсэн мэдүүлэг /хх 28 ху/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 262 дугаартай дүгнэлтэнд:

1.Б.С-н биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний язарч урагдсан шарх, хэвлий дэх гэдэсний агуулагдахуун, нарийн гэдэс ба чацархайн няцрал /хэвлийн хөндий дэх хагалгааны дараах байдал/, хэвлийн урд хана ба зүүн нүдний зовхинд цус хуралт үүсчээ.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний язарч урагдсан шарх, хэвлийн дэх гэдэсний агуулагдахуун, нарийн гэдэс ба чацархайн няцрал /хэвлийн хөндий дэх хагалгааны дараах байдал/ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Тухайн цаг хугацаанд үүссэн байж болохоор шинэ гэмтлүүд байна.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт нь эмчилгээний үр дүнгээс хамаарна гэсэн дүгнэлт /хх 36-37 ху/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 35 дугаартай дүгнэлтэнд:

1. Магадлуулагч Г.Г нь одоо тархины өвчин гэмтэл үйлийн шалтгаант бие хүний зан үйлийн бусад органик эмгэг гэсэн өвчтэй байна. Дээрхи өвчин нь олдмол буюу гэмтлийн гаралтай.

2. Энэ өвчний улмаас эмчийн хяналтанд байдаггүй ч сэтгэц наркологийн тасагт хэвтэн эмчилгээ хийлгэж байсан.

3. Магадлуулагч Г.Г нь одоо дээрхи сэтгэцийн эмгэгтэй одоо эмчилгээний үр дүнд засал сайжирлын үед байна. Одоогоор албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй.

4. Магадлуулагч Г.Г нь өвчин нь сэдэрсэн тохиолдолд бухимдалд орох зан төрхийн өөчрлөлт гаргах зэрэг сэтгэцийн өөрчлөлтөнд ордог.

5. Магадлуулагч Г.Г дээрхи сэтгэцийн өвчтэй. Гэхдээ энэ өвчин нь хэрэг хариуцах чадварт нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл хэрэг хариуцах чадвартай ба үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэсэн дүгнэлт /хх 42-43 ху/

 

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 5-6 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-8, 10-11 ху/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх 9 ху/

-Өвчний түүх, эмчлүүлэгчийн карт /хх-ийн 49-85 ху/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109 ху/

-Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 07 сарын 28-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 111-113 ху/

-Г.Гантулгыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх157-160 ху/

-Хохирлын баримт /хх 165-186 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 03 сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг багийн нутаг дэвсгэр Мэнд-Амар худалдааны төвийн авто зогсоол дээр зогсож байсан автобусанд Б.Сүхбаатарыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн “...Тухайн үед хохирогч нь олон нийтийн унаанд согтуу орж ирээд агсан тавиад байсан. Би болиоч гэж шаардлага тавьсан. Тэгтэл хохирогч намайг цохих гэхээр нь бултсан. Тэгээд нэг удаа цохиж авсан. Тэрнээс гэдэс рүү нь цохисон асуудал байхгүй. ...Би хохирлыг хариуцах ёстой. Миний цохисон үйлдлээс хохирогчийн биед гэмтэл учирсан гэж бодож байгаа. Гэхдээ автобуснаас буугаад гэдсэндээ цохиулсан байхыг үгүйсгэхгүй. Би энэ хэрэгт буруутай гэж бодож байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Сүхбаатарын “Мэнд-Амар худалдааны төвийн автобусны зогсоол дээрээс хороолол руу явдаг автобусанд суугаад хүнтэй маргалдаж байснаа санаж байна. Тэрнээс хойш согтоод юу болсноо санахгүй байна. ...маргааш өглөө нь гэдсээр өвдөөд болохгүй байхаар нь эмнэлэгт үзүүлтэл нарийн гэдэс тасарсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 13-14 ху/, гэрч Л.Бямбаа /хх 23-24 ху/, насанд хүрээгүй гэрч Ө.Тэмүүжин /хх 26 ху/, гэрч А.Батцогт /хх 28 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний язарч урагдсан шарх, хэвлий дэх гэдэсний агуулагдахуун, нарийн гэдэс ба чацархайн няцрал /хэвлийн хөндий дэх хагалгааны дараах байдал/, хэвлийн урд хана ба зүүн нүдний зовхинд цус хуралт үүссэнийг тогтоосон шинжээчийн 262 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 35 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн үед хохирогч нь олон нийтийн унаанд согтуу орж ирээд агсан тавиад байсан. Би болиоч гэж шаардлага тавьсан. Тэгтэл хохирогч намайг цохих гэхээр нь бултсан. Тэгээд нэг удаа цохиж авсан. Тэрнээс гэдэс рүү нь цохисон асуудал байхгүй” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэх буюу хэргийн болон өөрийнхөө гэм буруутайг нотолж мэдүүлэх үүрэггүй юм.

 

Түүний дээрхи мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч  Л.Бямбаагийн “...цагаан тортой юм барьчихсан согтуу ах орж ирээд пиздаа гөлөг минь яваач хөдлөөч гээд байхаар нь одоо хөдөллөө шүү дээ ах гэтэл ална шүү чамайг гээд орилоод байсан. ...бас нэг согтуу зорчигч хаалганы хажууд байсан надтай маргалдаад байсан ахыг цохиод унагаасан. Тэгэхээр нь би жолооч талаас буугаад тойроод баруун талын автобусны заалны хаалгаар ороод надтай хамт явж байсан манай дүү Тэмүүжингээс юу болсон бэ цээж рүү нь цохиогүй биз гэтэл манай дүү тантай маргалдаад байсан ахыг гэдэс рүү нь өшиглөчихлөө гэж хэлсэн” гэсэн, насанд хүрээгүй гэрч Ө.Тэмүүжингийн “...Мэнд-Амар худалдааны төвийн урд зогсож байтал нэг согтуу ах орж ирээд жолоочоо дүүрчихлээ шүү дээ пизда минь хурдан яваачээ гэтэл Бямбаа ах бууж очоод та зүгээр яв бусдыгаа хүндэл гэж хэлчихээд эргээд жолооныхоо ард суусан. Гэтэл уг ахын хажуу талд ...байсан махлаг бүдүүн ах тэр ахыг чи зүгээр яв л даа, аятайхан явж чадахгүй бол буу гээд бариулнаас барьчихсан гарыг нь цохиж аваад нүүр рүү нь цохисон. Гэтэл автобусанд орж ирэхдээ Бямбаа ахтай маргалдаад байсан ах шалан дээр унасан чинь цохиж унагаасан ах гэдсэн дээр нь нэг удаа нилээд хүчтэй дэвссэн” гэсэн, гэрч А.Батцогтын “......Хажууд нь сууж байсан /өмнө нь наран багийн Цагаануул дэлгүүр орчмоор архи уугаад байж байдаг махлаг, данхардуу толгойтой нэрийг нь сайн мэдэхгүй/ залуу агсам тавиад орилоод байсан ахыг чи буу гэсэн чинь нөгөө ах буухгүй байсан чинь хоорондоо барьцалдаж аваад махлаг данхар залуу уг ахыг нүүр лүү нь цохисон чинь тэр ах уначихсан. Гэтэл цохиж унагаасан махлаг залуу тэр ахыг гэдсэн дээр нь нэг удаа дэвссэн чинь уг ах дуу нь гарахаа болиод эвхэрээд хэвтээд байсан” гэсэн  мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Г.Гд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж,  түүний хувийн байдал, эрүүл мэндийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

            Хохирогч нь гэм хорын хохиролд 1.297.000 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд  хавтаст хэргийн 166-186 дугаарт авагдсан хохирлын баримтуудыг шинжлэн судлахад 963.650 төгрөгний баримт байна. Эм тарианы болон шатахууны зардал нийт 808.060 төгрөг болж байгаагаас /баримтаар/ давхардаж олгогдсон 23.500 төгрөгийг хасч, үлдэх 940.060 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 356.940 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлээ.

 

            Хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.        

           

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-н эдлэх 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.Гас 940.060 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Сүхбаатарт / олгож, нэхэмжлэлээс 356.940 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА