Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 854

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч Г.Б.У,

шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Баттөмөрийн Б.Ут холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911021920912 тоот хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консул 11-284 тоотод амьдардаг, урьд нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 613 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баттөмөрийн Б.У /РД- ТА98110911/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Б.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.У нь 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пиис таур” гэх нэртэй барилгын 6 давхарт 609 тоотод худалдааны үйл ажиллагаа явуулдаг Н.Батхүлэгийн спорт барааны лангуунаас улаан хүрэн өнгийн “Nike” брендийн 1 хос пүүзийг хулгайлан авч  нийт 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь  

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Уын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  

хохирогч Н.Батхүлэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би “Peace tower” худалдааны төвийн 6 давхарт 609 тоот лангууг түрээслэн спорт бараа, бэлэн хувцас худалдаалдаг юм. Зуны амралт болсон байсан болохоор дүү Баярцэцэгийг лангуун дээрээ ажиллуулж байсан юм. 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 12 цаг өнгөрч байхад манай дүү агаа пүүз байхгүй байна камераа шүүгээд өгчих гэсэн болохоор би камерийн хяналтаа гар утсан дээрээсээ шүүчихдэг болохоор утсан дээрээсээ камер үзэхэд 11 цаг 56 минутын орчим нэг хар савхин хүрэмтэй залуу хар өнгийн саравчтай малгайтай залуу Баярцэцэгийг байхгүй байхад лангуу руу нь ороод юм харж байснаа зарагдаж байсан бараан дээр байсан “nike” брендийн улаан өнгийн пүүзийг өмсөөд өөрийн гутлыг сандлын хажуугаар орхиод гараад явсан байсан. Тэгэхээр нь хүн хулгайлсан байна гэж мэдээд цагдаад дуудлага өг гэж хэлээд би өөрөө хяналтын камерийн бичлэгийг өргөдөлдөө хавсаргаад өгсөн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 10х/,

гэрч Л.Баярцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр лангуун дээрээ ирээд ажиллаж байгаад өдөр 11 цагийн үед ариун цэврийн өрөө орох гээд лангуугаа онгорхой орхиод гарчихаад хэдэн минутын дараа эргэж ирээд лангуу руугаа ороод харсан чинь Батхүлэг ахын зарах гээд тавьчихсан байсан улаан хүрэн өнгийн пүүз байхгүй болохоор нь Батхүлэг ах руу залгаад камераа шүүгээд өгчих пүүз алга болчихсон байна гэж хэлээд Батхүлэг ах камер утсан дээрээсээ шүүж үзээд хүн орж ирээд өмсөөд гарчихсан байна цагдаад дуудлага өг гэхээр нь би 102 руу залгаж дуудлага өгсөн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 12х/,

            хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22х/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 32х/, Эд зүйлийн хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 23х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Уыг шунахай сэдэлтээр сэм аргаар бүсдын эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Н.Батхүлэгт 350.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээ болон бусад баримтаар тогтоогдож байх ба Б.У нь уг хохиролыг төлөөгүй болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчээс нийт 350.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.Ут ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохиролын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, урьд нэг удаа ял шийтгүүлсэн хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялын их хэмжээг шүүх сонгон, оногдуулж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн пүүз 1 хосыг Б.У нь хулгайн замаар олж авсан эд зүйл байх ба тус пүүзийг хохирогч Н.Батхүлэг нь “хүн өмсөж явсан тул буцаан авахгүй” гэх байдлыг илэрхийлсэн байх тул  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Харин Б.Уын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан хар өнгийн пүүз 1 хосыг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгох зүйтэй гэж шүүх үзэв.

 

Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг хийгдсэн СиДи 1 ширхэгт хэргийн үйл баримыг нотолон тогтооход ач холбогдолтой дүрс бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Баттөмөрийн Б.Уыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут 720 /долоон зуун хорин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Уын цагдан хоригдсон нийт 30 /гуч/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, нийт 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн, түүнд шүүхээс оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг нийт 480 /дөрвөн зуун ная/ цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Ут оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солисугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Уаас нийт 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Батхүлэг /РД:ГИ90090811/-д олгосугай.

 

6. Б.Ут урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга авч, түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн пүүз 1 хосыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд зүйл устгах комисст шилжүүлж,

 хар өнгийн пүүз 1 хосыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Ут буцаан олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэгт нь үлдээсүгэй.

 

10. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Шиитгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ