| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 101/2016/03681/И |
| Дугаар | 1971 |
| Огноо | 2016-11-02 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 1971
Д.*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00741 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн *******а болон ******* дүүргийн засаг даргын тамгын газарт холбогдох
******* дүүргийн*******дүгээр хорооны засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Л.*******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Д.*******
Хариуцагчийн өмгөөлөгч: Л.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч К.******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* дүүргийн*******дүгээр хорооны *******аар ажиллаж байгаад 2015 оны 5 сарын 28-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралтаа авч 2015 оны 05 сарын 29-ны өдөр хүү М.*******гийг төрүүлсэн. ******* дүүргийн *******ад хандаж 2016 оны 5 сарын 25-ны өдөр буюу ээлжийн амралтын хугацаа дууссан өдрөө ажилдаа орох хүсэлтээ бичгээр гаргаж хүргүүлсэн, 2015 оны 8 сарын 01-ний өдөр очиж ажилдаа орохоо амаар хэлсэн. Ажилд авахгүй болохоор нь 2015 оны 12 сарын 04-ний өдөр хүсэлтээ бичгээр гаргаж бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулж авсан. Өнөөдрийг хүртэл ажиллуулахгүй байгаа 10 сарын цалинг сарын 613 540 төгрөгөөр тооцож нийт 6 131 540 төгрөгийг гаргуулж, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* дүүргийн *******а болон ******* дүүргийн *******ын тамгын газраас шүүхэд гаргасан тайлбар болон өмгөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* нь дүүргийн засаг даргын 2016 оны 5 сарын 27-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар жирэмсний болон амаржсаны амралтаа авч, хүүхэд асрах чөлөөтэй байгаа болно. ******* дүүргийн*******дүгээр хорооны *******ын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажил олгогчийн буруугаас хохирсны дагуу 4.905.232 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгчид хэзээнээс хүүхэд асрах чөлөө олгогдсон нь тодорхойгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасан заалт үйлчлэхгүй. Ажилтан нь өөрөө чөлөө авсан бөгөөд амаржсаны дараах хугацаа өнгөрснөөс хойш 3 сарын хугацаанд чимээгүй байсан тул ажилд эгүүлэн тогтоох боломжгүй гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Д.*******г ******* дүүргийн*******дүгээр хорооны *******ын ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 131 540 төгрөгийг ******* дүүргийн *******ын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч ******* дүүргийн засаг даргын тамгын газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч ******* дүүргийн *******а болон ******* дүүргийн засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 113 055 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Л.******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүндэтгэн үзэх шалтгаантай байдлыг нотолсон бичгийн баримтыг үнэлэхгүй зохигчийн хуульд заасан эрхийг зөрчсөн. Ажилтан хүсэлт гаргаагүй, ажил олгогч чөлөө олгосон шийдвэр гаргаагүй байхад Д.*******г хүүхэд асрах чөлөөтэй байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх Д.*******гийн ээлжийн амралт дууссан хугацааг яаж тооцсон нь тодорхойгүй, ажилдаа орох хүсэлтээ жирэмсний болон амаржсаны амралт олгохоос өмнө хүсэлт гаргасан гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчсөн. Мөн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч нь эрх зөрчигдсөн талаарх гомдлоо Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* дүүргийн *******а болон ******* дүүргийн засаг даргын тамгын газарт холбогдуулан ******* дүүргийн*******дүгээр хорооны засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ”.., Д.******* хүүхэд асрах чөлөө олгох хүсэлт гаргаагүй. Чимээгүй хэдэн сар алга болсон тул ажилд нь эгүүлэн авах боломжгүй. Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаагүй хэргийг шууд хүлээж авч шийдвэрлэсэн нь буруу“ гэж маргажээ.
Д.******* нь ******* дүүргийн*******дүгээр хорооны *******аар ажиллаж байхдаа 2015 оны 05 дугаар сарын 29-нд хүү М.*******игийг төрүүлсэн, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 71 тоот албан бичгээр 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс ээлжийн амралтаа авч, амралтын хугацаа дууссан өдрөөс ажилдаа орох хүсэлтээ тус дүүргийн *******а Д.Ганболдод хүргүүлсэн, ******* дүүргийн *******ын 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн б/18 дугаар захирамжаар Д.*******д 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралт олгосон үйл баримтууд тогтоогджээ. /х.х-ийн 29, 31 дүгээр тал/
Д.******* нь 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдөр ажилдаа орох хүсэлтээ бичгээр гаргахдаа 07 дугаар сарын 27-ны өдөр ажилд орох хүсэлтийг өөрийн биеэр ирж уламжилсан гэдгээ дурдаад ажилд нь оруулахыг хүсчээ. ******* дүүргийн *******ын Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д зааснаар ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн авахгүй байгаа эс үйлдэхүй нь хуульд нийцээгүй байна. /х.х-ийн 5 дугаар тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан ажил албан тушаалыг хэвээр хадгалах гэдэг нь энэ хэсэгт заасан үндэслэл, шалтгаан арилсан буюу хугацаа дууссаны дараа ажилтан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч тухайн ажил, албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй байхыг хэлэх бөгөөд энэхүү хүсэлтийг ажил олгогч хүлээж аваагүйгээс үүссэн маргааныг шүүх энэ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан гомдолтой адилтган хянаж шийдвэрлэнэ.
Иймд урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.
Ажлын байнгын орон тоонд ажиллаж байсан ажилтныг жирэмсний болон амаржсаны чөлөөний дараа ажилд авахгүй гэж татгалзсан ажил олгогч жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажлын байр, орон тоог хэвээр хадгалах ажил олгогчийн үүргийг заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг хориглосон мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэл насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 41.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглосон мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан шаардлагуудыг тус тус ноцтой зөрчсөнөөс гадна жирэмсний болон хүүхэд төрүүлсний чөлөөнд байгааг үндэслэн ажлаас халахыг хориглосон Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын 1979 оны Конвенцийн 11 дүгээр зүйлийн 2/а/-д заасан хэм хэмжээг зөрчсөн гэж үзнэ.
Түүнчлэн ажилтныг жирэмсний болон амаржсаны чөлөөний дараа ажилд авахгүй гэж татгалзсан ажил олгогч энэ тухай тушаал, шийдвэр гаргаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт заасныг зөрчсөн төдийгүй ажилтны шүүхэд хандах эрхийг нь хязгаарлаж, хохироосон тул Д.*******г хуучин ажилд нь тогтоосон шүүхийн шийдвэр агуулгын хувьд хуульд нийцжээ.
Гагцхүү ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр гараагүй тул “ажилд буцаан ажиллуулахыг даалгасан агуулгатай найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтанд олгох үүрэгтэй.
Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалинг ******* дүүргийн Тамгын газраас гаргуулсан нь Төсвийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт нийцжээ.
Хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэх гомдол хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Г.Энхбаяр нь албан ажлаасаа чөлөөлөгдсөн тушаалыг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзэх үндэслэлтэй юм.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00741 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 35 дугаар зүйлийн 35.1.4, 40 дүгээр зүйлийн 40.3, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Д.*******г ******* дүүргийн*******дүгээр хорооны засаг даргын ажилд эгүүлэн ажиллуулахыг ******* дүүргийн *******ад даалгаж, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 131 540 төгрөгийг ******* дүүргийн *******ын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ
Ш.ОЮУНХАНД