| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 500/2017/0047/Э |
| Дугаар | 618 |
| Огноо | 2017-08-15 |
| Зүйл хэсэг | 147.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 618
Х.Түвшинтөрд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Ж.Энх-Амгалан,
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулын гаргасан 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 594 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлээр Х.Түвшинтөрд холбогдох эрүүгийн 201726010262 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Еншүү овогт Хатансүрэнгийн Түвшинтөр, 1983 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гар утасны засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 1 дэх хэсэг, Баатархайрхан гудамжны 866 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:ЧМ83010177/,
Х.Түвшинтөр нь 2017 оны 1 дүгээр сарын 12-ноос 13-ны өдөрт шилжих шөнө 03 цагийн үед өөрийн автомашинд зорчиж явсан иргэн М.Тогтохыг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэст аваачин, түүний гэдсэн тус газар нь цохиж, зүүж явсан монетон ээмэг, бөгж, гинж, “Samsung Galaxy G-5” загварын rap утас зэргийг дээрэмдэн авч нийт 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Х.Түвшинтөрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” гэж, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж тус тус заажээ. Иймд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу Э.Мэндсайханыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж ... хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай ... мэдэгдэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүхээс яллагдагч нарт яллах дүгнэлт гардуулах хууль зүйн зохицуулалт байхгүй болсон. Нөгөө талаас яллах дүгнэлтийн хавсралтад шинжлэн судлах нотлох баримтын жагсаалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дурдаагүй. Түүнчлэн яллах дүгнэлтийг прокурор гардуулж өгөх зохицуулалт бий болсонтой холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн шинэ зохицуулалт болох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх, яллагдагчийн хуулиар олгогдсон эрхийг хангах боломжгүй буюу талуудын гаргасан санал хүсэлтийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Мөн 2015 оны Эрүүгийн хууль дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан яллагдагч нарын үйлдсэн гэмт хэрэгт тус хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хуулийг буцаан хэрэглэх үндэслэл байгаа эсэхийг нэг мөр эцэслэн шийдвэрлэж холбогдох ажиллагааг хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй...” гэж дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “хэргийг прокурорт буцаах” гэж зааснаар Х.Түвшинтөрд холбогдох 201726010262 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч Х.Түвшинтөрд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 594 дүгээр шүүгчийн захирамжийг залруулахдаа: “...уг захирамжийн тодорхойлох хэсэгт дурдагдсан техникийн алдаа буюу “...2017 оны 6 дугаар сарын 30-ны...” гэснийг “...2017 оны 6 дугаар сарын 29-ний...” гэж, “...181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад...” гэснийг “...147 дугаар зүйлийн 147.1-т...” гэж, “...Э.Мэндсайханыг...” гэснийг “...Х.Түвшинтөрийг...” гэж тус тус өөрчилж, залруулан захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Д.Отгонбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцэлдээ: “...анхан шатны шүүх 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 594 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа захирамжийн ТОДОРХОЙЛОХ хэсэгт “2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу Э.Мэндсайханыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заагдсан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэхээр байна. Үүнд:
1. Анхан шатны шүүх хэргийг 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан гэж захирамжийн удиртгал хэсэгт дурдсан атлаа “2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр” тус шүүхэд ирүүлсэн гэж,
2. Прокурорын газраас яллагдагч Х.Түвшинтөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн байхад “2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт” гэж,
3. Яллагдагч Х.Түвшинтөрийн нэрийг “Э.Мэндсайхан” гэж тус тус дурдсан нь анхан шатны шүүх Х.Түвшинтөрд холбогдох хэрэгт бус Э.Мэндсайханд холбогдох хэрэгт дүгнэлт хийсэн байна гэж үзэхээр байна.
Түүнчлэн Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон захирамжилсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг тус тус зөрчсөн байх тул уг шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн…” гэжээ.
Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...хэргийг шүүхэд шилжүүлсэн огноо, хэргийн зүйлчлэл, яллагдагчийн нэр зэрэг зөрүүтэй бичигдсэн. Залруулга хийсэн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33-т “шүүхийн шийдвэр гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3, 31.4-т заасныг ойлгоно” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж тус тус заажээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 594 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжид Х.Түвшинтөрд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд хүлээн авсан огноо, яллагдагчийн овог нэр, холбогдсон хэргийн зүйлчлэл зэрэг нь алдаатай, зөрүүтэй бичигдснээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Учир нь Монгол Улсын Үндсэн хуулиас гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуй нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд аливаа шүүхийн шийдвэр өөрөө бүрэн биелэгдэх боломжтой, үг үсэг, найруулгын хувьд ойлгомжтой байхыг шаарддаг юм.
Дээр дурдсан анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 594 дүгээр шүүгчийн захирамжид прокуророос шүүхэд ирүүлсэн хэргээс зөрүүтэй зүйлийг дурдсан байх тул уг шүүгчийн захирамжийг прокурорын байгууллага биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсчээ.
Түүнчлэн шүүх ямарч хэрэг маргааныг хянан шийдвэрлэх болон хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ зөвхөн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд шүүн таслах үйл ажиллагаа явуулах учиртай. Ийнхүү хуулиар олгогдсон эрхээ шүүх зөв тайлбарлаж, хэрэглэх нь чухал бөгөөд шүүх, шүүгчид хуульд заасан бүрэн эрхээс бусад нь хориглосон хэм хэмжээ гэж ойлгох ёстой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно” гэсэн маш тодорхой заалтаас үзэхэд дээрх шүүгчийн захирамжийг алдаатай гэхээс илүүтэй зөрчилтэй эрх зүйн акт гэж үзэхээр байна.
Иймээс захирамжид гарсан зөрчлийг прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулах журмаар арилгах шаардлагатай байх тул энэ талаарх эсэргүүцлийн заалтыг хүлээн авч хангах нь зүйтэй.
Харин дээрх захирамжийн бусад үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад нийцэж байгаа учир захирамжийн дагуу нэмэлт ажиллагаа хийлгэхээр Х.Түвшинтөрд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулж прокурорын газарт хүргүүлэхээр шийдвэрлэх нь зөв тул шүүгчийн “захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 618 дугаар “Шүүхийн шийдвэрийг залруулах тухай” захирамжийг прокурорын эсэргүүцэл бичигдсэний дараа үйлдсэн гэж үзэж болохоор байгаагийн гадна, шүүгч гаргасан зөрчлөө алдаа гэж үзэж залруулга хийсэн нь дахин зөрчил үүсгэсэн байх тул уг захирамжийг хүчингүй болгов.