Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 855

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Дархад овогт Баярмаагийн Б.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911021991088 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Гэрэлт зам ундрага” ХХК-нд ажилладаг, ам бүл 4, аав, ээж, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22-4876 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Дархад овогт Баярмаагийн Б.Л /РД: МИ96052217/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Б.Л нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Л нь 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран туул-2” худалдааны төвийн гадна автомашинд зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар Э.Даваажаргалын нүүрэн тус газар нь цохиж улмаар эрүүл мэндэд нь зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний эмтэрсэн, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Б.Лийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр би ажлаасаа тараад хорооллын тэнд явж байтал манай ээж Баярмаа над руу залгаад аавын чинь бие нь муудаад машин барьж чадахгүй байна. Хүнээр бариулаад Нарантуул-2 зогсоол дээр ирлээ чи хүрээд ирээч гэж хэлсэн юм. Ингээд би Нарантуул-2 худалдааны төвийн зогсоол дээр 15-16 цагийн орчимд очоод аав ээж хоёрынхоо машин дээр очоод машинд нь суугаад машинаа хөдөлгөх гэтэл урд талд зогсож байсан машиныг жоохон ухраад өгөөч гэхэд машинаа ухрааж өгсөн байсан уг машинаас нэг эрэгтэй хүн гарын салаавч манай ээж Баярмаа руу гаргасан юм. Ингээд манай ээж Баярмаа тэр хүнтэй маргалдсан юм. Би үл таних залуутай заамдалцсан бөгөөд заамдалцсан байхад уг залууг би өөрөөсөө ходуулах гээд нүүр рүү нь хоёр гараараа түлхэх үед гэмтэл учруулсан гэж бодож байна. Би түүний нүүр рүү 2 гараараа түлхсэний дараа уг залуугийн хамраас цус гарсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36х/,

хохирогч Э.Даваажаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул худалдааны төвийн зүүн талын хаалганы орчимд өөрийн төрсөн ах Пүрэвдашийн машинтай эхнэр хүүхдийн хамт 16 цагийн орчимд зогсож байсан юм. ...уг залуу машинаа ухраагаад өгөөч гэхээр нь би машинаа ухраагаад өгсөн чинь ар талын суудалд нь сууж байсан ээж нь бололтой эмэгтэй олигтой ухраад өгчихгүй пизда нар чинь гэх мэтээр хэл амаар доромжлоод ...уг машиныг жолоодож явсан хүүхэд нь гэх залуу миний нүүр орчимд нэг удаа цохисон ба ээж нь нурууны ар хэсгээс хазсан юм." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12х/,

гэрч Х.Туяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай нөхөр Даваажаргал та одоо хөгшин настай, эмэгтэй хүн байж хүн ямар их доромжилдог юм бэ гээд хэлтэл хүүхэд нь машинаасаа бууж ирээд манай ээжийг доромжиллоо та нар юу гээд байгаа юм бэ гэх мэтээр хэрүүл өдөөд манай нөхрийн нүүр хэсэгт нэг удаа цохиод авсан, энэ үед ээж болон аав нь манай нөхрийг араас нь тэврээд байсан. Ээж нь манай нөхрийн нурууны ар хэсгээс хазсан юм." гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10073 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Б.Лийг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Дархад овогт Баярмаагийн Б.Лийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Лийг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Лийг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ