Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 857

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч Д.Л, А.Т, Л.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Дэлэгпунцагийн Д.Л, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигин овогт Ариунболдын А.Т, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Л.О нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911025781128  дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Эдүхэпп ХХК-нд маркетингийн албаны дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 6-175 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Дэлэгпунцагийн Д.Л /РД: ЙК84101114/,

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Чикаго бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 3, ээж, эмээ нарын хамт Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 9-45 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Ариунболдын А.Т /РД: УШ93111855/,

          Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, Чикаго бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 3, ах, эгч нарын хамт Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 539-265  тоотод  оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Л.О /РД: УП99101816/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ яллагдагч Д.Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, А.Т,  Л.О нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг  тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Л нь 2019 оны 9 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Чикаго" бааранд тус баарны хамгаалагч А.Тыг ажил үүргээ гүйцэтгэж байх явцад баруун гараараа нүүрэн тус газар нь цохиж А.Ты биед "зүүн нүдний алимны салстын цус харвалт" бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч А.Ты мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2019 оны 9 дүгээр сарын 24-25 нд шилжих шөнө "Чикаго" бааранд хамгаалагчаар гарч байхад тэнд Д.Л гэх хүн хамгаалагч нарын тавьсан шаардлага биелүүлэхгүй эсэргүүцээд байсан бөгөөд аваад гарах гэтэл гарахгүй зууралдаж байгаад салж яваад шатаар дээшээ өгсөхөөр нь араас нь бариад авах гэтэл эргэж хараад баруун гараараа миний нүд рүү цохисон" гэх мэдүүлэг /хх-ийн 34х/,

хохирогч А.Ты гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 9 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө би Л.Огийн хамт "Чикаго" бааранд гарч байсан бөгөөд шөнийн 00-01 цагийн үед нөгөө хамгаалагчтай цуг гадаа тамхи татаад зогсож байхад манай баарны DJ гарч ирээд "тайзан дээр байгаа нөхрийг буулгачих" гэж хэлсэн. Тэрнийх нь дагуу манай нөгөө хамгаалагч орсон. Тэгсэн удалгүй манай зөөгч гарч ирээд "нөгөө хамгаалагч дотор талбай дээр хүнд зодуулаад байна" гэхээр нь гүйгээд орсон чинь тайзан дээр манай нөгөө хамгаалагч мөн хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй нэг дор бөөгнөрчихсөн барьцалдаад зогсож байхаар нь очоод манай хамгаалагчийн араас барьсан байсан том биетэй эрэгтэйг холдуулсан. Тэр үед Л.О нөгөө жижиг биетэй залууг босоогоор нь хөдөлгөөнгүй болгоод барьчихсан байсан тэр үед хамт явсан хоёр эмэгтэй нь орилолдоод байсан. Тэгсэн манай зохион байгуулагч хүрч ирээд юу болсон талаар асуухад гэзэгтэй том залуу нь "танай хамгаалагч чинь манай хүнийг унагаасан байна" гэж хэлэхэд зохион байгуулагч "гарья хөгжим яваад яриа нь сонсогдохгүй байсан" гээд нөгөө том биетэй залуутай нь түрүүлж яваад намайг наад хүнээ гаргаад ир гээд гараараа дохихоор нь нөгөө жижиг биетэй залууд хандан гараад ярья гэж хэлээд хамт гарах гээд явж байхад эхнэр нь бололтой эмэгтэй нь нөгөө залууг дотор шатаар дээшээ явах үед нь тухайн залуугийн гарнаас нь барьж аваад таттал эргэж хараад миний зүүн нүдрүү гараараа цохиод авсан тэгээд гарыг нь тавьж хэсэг нүдээ дарж байгаад гайгүй юм шиг болохоор нь нөгөө залуу руу дөхөөд бариад авах гэтэл мөн өмнө цохисон нүд рүү дахиад 2 удаа цохисон тэгэхээр нь гарнаас нь барьж аваад урдуураа гүйлгээд таттал 4 хөллөөд шалан дээр унах үед араас нь очоод хоёр гарнаас нь барьж аваад цааш гарах гээд явж байхад хамт явсан хоёр эмэгтэй нь ирээд "та нар наад хүнээ яагаад зодоод байгаан" гэхээр нь "наад хүн чинь намайг цохичихлоо" гэж хэлсэн. Тэгээд нөгөө эрэгтэйг үүдний буйдан дээр шидэж хэвтүүлээд дээрээс нь дараад суусан тэр үед нөгөө хоёр эмэгтэй болон хамт явсан эрэгтэй хажууд ирчихээд хэрүүл ам хийгээд байсан болохоор нөгөө залууг Л.Отай хамт авч гарж ирээд тавьчихсан байсан чинь манай зохион байгуулагчийг цохиод авсан. Тэгэхээр нь барьж аваад баарны хажуугийн хашаанаас гавалсан тэгсэн удалгүй зохион байгуулагч тавьчих гэхээр нь тавиад дотогш оруулж суулгасан өөр болсон зүйлгүй. Шүүх эмнэлэгт үзүүлнэ, гомдолтой байна" гэх мэдүүлэг /хх-ийн 43х/,

Л.Огийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 9 дүгээр сарын 24-25 нд шилжих шөнө би А.Ты хамт "Чикаго" бааранд хамгаалагчаар ажиллаж байсан бөгөөд шөнийн 01 цаг өнгөрч байхад нөгөө хамгаалагчтай цуг гадаа тамхи татаад зогсож байсан. Энэ үед манай баарны DJ гарч ирээд "тайзан дээр байгаа хүнийг буулгачих" гэж хэлсэн тэгэхээр нь би очоод нөгөө хүний чихэнд нь "наана чинь бүжиглэж болохгүй буу гэхэд нөгөө залуу миний өөдөөс хуцаад бай зайл гэж хэлээд нулимсан тэгэхээр нь би буулгах гээд татах үед миний зүүн чихрүү цохисон. Тэгээд мөн хавирах шиг болохоор нь эргүүлээд мушгисан чинь нөгөө залуу миний доор ороод шалан дээр уначихсан байсан тэгсэн цуг явж байсан хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нь надруу дайрсан. Тэр үед А.Т гаднаас орж ирээд салгатал нөгөө хоёр эгч миний гарнаас барьчихаад тавихгүй байсан. Энэ үед А.Т нөгөө залууг гаргах гээд үүд рүү аваад явж байтал нөгөө хоёр эмэгтэй намайг орхиод А.Т дээр очиж нөгөө эрэгтэйг салгаж аваад эргээд шат руу чигтэй явахаар нь А.Т бид хоёр араас нь дагаж яваад А.Т нөгөө эрэгтэйгийн гарнаас татсан бөгөөд би тэр үед нь урагшаа хараад зогсож байгаад эргээд хартал А.Т нүдээ дарчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би А.Ттай  хамт  нөгөө  залууг  аваад  үүдний буйдан дээр аваачихад А.Т тэр залуугийн хоёр гарнаас бариад өвөр дээр маягтай суучихсан байсан. Энэ үед хамт явсан хүмүүс хэрүүл маргаан хийгээд байсан бөгөөд хамт явсан өөрийгөө ах нь гэж хэлсэн гэзэгтэй залуутай ярилцаж байгаад баарны гадаа хашаанаас гавалсан харин би буцаад заал руу ортол удалгүй нөгөө залуучууд орж ирээд сууцгаасан тэгээд хаах үед гарцгаасан өөр зүйлгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 45х/,

гэрч Б.Чулуунбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би тухайн өдөр ажил дээрээ байж байхад шөнийн 01-02 цагийн хооронд манай бармен ирээд тэнд зодоон болоод муудалцаад байна гэхээр нь гүйгээд очиход манай хамгаалагч үйлчлүүлэгчтэй зууралдаад зогсож байхаар нь хажууд нь зогсож байсан залууг нь аваад гарсан. Тэгсэн зодуулсан гээд байгаа залуу манай хамгаалагч нартай зууралцаад гараад ирсэн тэгээд үүдэнд нилээн хэрүүл болоод бид нарын үгэнд орохгүй болохоор нь ах нь гэх гэзэгтэй залууд хэлж байгаад нэг гарнаас нь гавлаад 5-10 минут орчим хашаанаас зүүчихсэн тэгсэн нөгөө залуу "гинж алга болчихсон байна" гээд орилж хашг ираад байсан. Тэр үед ах нь гэх залуу надруу ирээд "юу болчихвоо танайх камер байдаг биз дээ шүүе" гэхээр нь "камер байгаа гэхдээ та наад хүнээ эхлээд тайвшруул, дараа нь камер шүүе" гэхэд "тэгвэл наад хүнийхээ гавыг тавьчих, бид нар буцаад орьё" миний үгэнд орно гэхээр нь гавыг тавьсан бөгөөд зодуулсан гэх залууд үйлчлэхгүй талаар хэлэхэд ах нь гэх залуу "бид нар захиалсан юмаа уучихаад гарья ямар аваад гаралтай нь биш" гэж хэлсэн тэгээд нөгөө залуутай явж камер шүүсэн тэгээд тухайн хүмүүс манай баарнаас хамгийн сүүлд гарсан өөр болсон зүйлгүй. Яг тухайн үед юу болсоныг мэдээгүй дараа нь сонсоход гомдол гаргасан залуу нь тайзан дээр гарч бүжиглээд байсан бөгөөд наана чинь бүжиглэж болохгүй доошоо буучих гэхэд нөгөө залуу манай хамгаалагчийн өөдөөс хэрүүл маргаан хийж өөдөөс нь нулимсан гэсэн тэрнээс болж хэрүүл маргаан болсон юм шиг байна лээ" гэх мэдүүлэг /хх-ийн 41х/,

гэрч М.Бэлгүүтэйгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...тухайн өдөр би тус бааранд барменаар ажиллаж байсан бөгөөд шөнийн 01 цагийн орчимд гаднаас 2 эмэгтэй, 2 эрэгтэй орж ирсэн. Удалгүй хохирогч Д.Л хамгаалагч Л.Отай бүжгийн талбай дээр муудалцаад барьцалдаж аваад цаашаа орчихсон. Тэгэхээр нь би зөөгчид өөр хамгаалагч дууд гэж хэлчихээд байж байхад хамгаалагч А.Т, Чулуунбаатар нар очоод салгаж харагдсан бөгөөд нөгөө хохирогч Д.Л гэх залууг тусгаарлаад аваад гарах үед замдаа таарсан хүнтэй муудалцаад мөн хамгаалагч А.Ттай муудалцаад түүний нүүрэн тус газар нь 1-2 удаа гараараа цохиж байгаа харагдсан, тэгсэн А.Т нөгөө хохирогч залуугийн араас тэвэрч аваад гаргах гэж байгаад миний хажууд байдаг шатны доод хэсэгт унасан бөгөөд эргэж босоод цааш аваад гарсан өөр болсон зүйлгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 53х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11920 дугаар дүгнэлтэд "А.Ты биед зүүн нүдний алимны салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлиийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хх-ийн 60х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгч А.Т, Л.О нар нь бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Чикаго" бааранд үйлчлүүлж байсан хохирогч Д.Лг шаардлага биелүүлсэнгүй гэх шалтгаанаар түүний гарыг нь мушгих, гараараа цохих, биеэрээ буйдан дээр дарах зэргээр зодож Д.Лгийн биед "баруун гарын сарвууны эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун дал, хүзүү, баруун дал, тохой, зүүн бугалга, тохой, шуу, сарвуунд цус хуралт, зүүн даланд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

хохирогч Д.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2019 оны 9 дүгээр сарын 24-ний шөнө 01-02 цагийн орчим эхнэртэйгээ хамт бүжиглэхээр орж нэг шил архи, ус. ундаа захиалаад суусан тэгээд бүжиглэхээр гарч бүжгийн талбай дээр очоод бүжиглэж байхад тус баарны хамгаалагч нь гэх залуу ирж нэг зүйл хэлэх шиг болоод миний хүзүүний ар хэсэгт гараараа даллаж цохиод шалан дээр унагаж миний дээрээс өшиглөсөн үү эсвэл өвдөглөсөн байх тэгээд босох гэж оролдох үед өмсөж байсан цамцны араас дээжлэн атгаад чирэх үед нь гарыг бариад тавиулах гэтэл миний баруун гарын эрхий болон долоовор хурууг арагш нь хүчтэй дарж тулгасан тэгээд цааш нь чирж яваад шатны доод хэсэгт аваачихад ахин хоёр хамгаалагч нэмэгдэж ирсэн бөгөөд тухайн хоёр хамгаалагчийн нэг нь хоолой боосон, нөгөөх нь баруун гарыг мушгиад намайг доош нь харуулаад дээр өвдөглөн сууж байгаад гарт гав зүүсэн. Тэр үед сүүлд ирсэн хамгаалагч нь миний хоёр гар болон шуу, нуруу хэсэг рүү өшиглөж байгаад босгон авч баарны гадаа гарч ирэх үед тухайн баарны менежер нь гэх залуу гараад ирсэн байсан бөгөөд тэр залууд хандан "миний гинжийг танай хоёр хамгаалагч авчихлаа" гэж хэлсэн гэтэл "таны гинжийг бид нар хайя гэж хэлээд миний гавыг тайлаад та орж үйлчлүүл гэж хэлсэн тэгэхээр нь би буцаж ороод захиалсан юмаа идэж уугаад 1 цаг орчим болоод гарсан, өөр болсон зүйлгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 38х/,

гэрч Б.Чулуунбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би тухайн өдөр ажил дээрээ байж байхад шөнийн 01-02 цагийн хооронд манай бармен ирээд тэнд зодоон болоод муудалцаад байна гэхээр нь гүйгээд очиход манай хамгаалагч үйлчлүүлэгчтэй зууралдаад зогсож байхаар нь хажууд нь зогсож байсан залууг нь аваад гарсан. Тэгсэн зодуулсан гээд байгаа залуу манай хамгаалагч нартай зууралцаад гараад ирсэн тэгээд үүдэнд нилээн хэрүүл болоод бид нарын үгэнд орохгүй болохоор нь ах нь гэх гэзэгтэй залууд хэлж байгаад нэг гарнаас нь гавлаад 5-10 минут орчим хашаанаас зүүчихсэн тэгсэн нөгөө залуу "гинж алга болчихсон байна" гээд орилж хашг ираад байсан. Тэр үед ах нь гэх залуу надруу ирээд "юу болчихвоо танайх камер байдаг биз дээ шүүе" гэхээр нь "камер байгаа гэхдээ та наад хүнээ эхлээд тайвшруул, дараа нь камер шүүе" гэхэд "тэгвэл наад хүнийхээ гавыг тавьчих, бид нар буцаад орьё" миний үгэнд орно гэхээр нь гавыг тавьсан бөгөөд зодуулсан гэх залууд үйлчлэхгүй талаар хэлэхэд ах нь гэх залуу "бид нар захиалсан юмаа уучихаад гарья ямар аваад гаралтай нь биш" гэж хэлсэн тэгээд нөгөө залуутай явж камер шүүсэн тэгээд тухайн хүмүүс манай баарнаас хамгийн сүүлд гарсан өөр болсон зүйлгүй. Яг тухайн үед юу болсоныг мэдээгүй дараа нь сонсоход гомдол гаргасан залуу нь тайзан дээр гарч бүжиглээд байсан бөгөөд наана чинь бүжиглэж болохгүй доошоо буучих гэхэд нөгөө залуу манай хамгаалагчийн өөдөөс хэрүүл маргаан хийж өөдөөс нь нулимсан гэсэн тэрнээс болж хэрүүл маргаан болсон юм шиг байналээ" гэх мэдүүлэг /хх-ийн 41х/,

гэрч Э.Дуламсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2019 оны 9 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө 01 цагийн орчим "Чикаго" бааранд нөхөр, найз болон түүний нөхөр Баатархүү нартай бүжиглэхээр орсон бөгөөд тухайн бааранд орж захиалгаа өгчихөөд тухайн захиалсан зүйлээсээ ганц нэг татчихаад бүжиглэхээр бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байтал манай нөхөр Д.Л нь газар уначихсан тухайн баарны хамгаалагч гэзэгтэй залуу нэг удаа хөлөөрөө өшиглөөд, нэг удаа гараараа цохиж харагдахаар нь гүйж очоод "болиочээ" гээд нөгөө залууг таттал араас өөр хамгаалагч нар ирээд миний гарыг хориод "хойшоо бай" гээд байсан. Тэгээд зууралдаад үүдний буйдан дээр очих үед нэг хамгаалагч миний гарыг барьчихаад байсан бөгөөд би "гар хугаллаа болиоч" гээд орилсон бөгөөд менежэр гэх өндөр залуу нь ирж миний гарыг мушгиад байсан залууг салгасан. Тэр үед манай нөхрийг 4-5 хүн тухайн буйдан дээр дарчихсан байсан бөгөөд аваад гадагшаа гарсан. Тухайн үед манай нөхөрийн алтан гинж алга болсон байсныг мэдээд би гарахгүй гэж хэлээд дотор үлдсэн удалгүй манай хэд орж ирэхэд менежер залуу ширээндээ сууж бай гинжийг чинь олоод өгнө манай камер сайн гэж хэлсэн тэгээд бид нар буцаж ширээндээ суун хаатал нь байж байгаад авсан зүйлээ ууж дуусаад гарсан тэр үед манай нөхрийн гинжийг олоогүй бөгөөд маргааш нь цагдаад хандсан өөр зүйлгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 48х/

гэрч Э.Одонтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2019 оны 9 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө 01 цагийн орчим "Чикаго" бааранд нөхөр болон Д.Л, Дуламсүрэн нарын хамт орж архи ундаа захиалж ганц нэг уучихаад доошоо бууж бүжиглэж байхад манай найз Д.Лг дээрээ үсээ боочихсон хамгаалагч сугандаа хавчуулаад цааш нь чирээд явж байхаар нь араас нь очоод тавьчаач гээд гуйсан чинь тавихгүй байсан бөгөөд хоорондоо нилээн зууралдаж цааш нааш түлхэлцэж байгаад салсан чинь Д.Лгийн зүүж явсан алтан гинж нь алга болчихсон байсан тэгээд гинжийг нь гаргаад өгчих гээд тухайн баарыг хаатал нь суусан өөр болсон зүйлгүй. Эхлээд тухайн баарны хамгаалагч болох үсээ дээрээ боосон залуу зууралдаж аваад үүд рүү чирээд явсан, мөн дараа бас нэг өндөр хамгаалагч нь буйдан дээр дараад унасан, мөн дараа нь гадаа гавалчихсан байсан энэ хоёр хүн л Д.Лгийн биед гэмтэл учруулсан байх би зарим зүйлийг нь сайн санахгүй байна" гэх мэдүүлэг /хх-ийн 51х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 11668 дугаар шинжээчийн дүгнэлтэд "Д.Лгийн биед баруун гарын сарвууны эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун дал, хүзүү, баруун дал, тохой, зүүн бугалга, тохой, шуу, сарвуунд цус хуралт, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна" гэх шинжээчийн дүгнэлт /xx-ийн 55х/ болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Д.Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан , А.Т, Л.О нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох, шүүгдэгч А.Т, Л.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 480 нэгж буюу дөрвөн зуун наян мянган төгрөгөөр торгох ял оногдуулах тус тус прокурорын саналыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгч нарт торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. шүүгдэгч Боржигон овогт Дэлэгпунцагийн Д.Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

              шүүгдэгч Боржигин овогт Ариунболдын А.Т, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Л.О нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Лг  450 нэгж буюу 450.000 /дөрвөн  зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Тг 480 нэгж буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Ог 480 нэгж буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэгт нь үйлдээсүгэй.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ