Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
Хэргийн индекс | 101/2016/04778/и |
Дугаар | 182/ШШ2016/01005 |
Огноо | 2016-11-08 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 182/ШШ2016/01005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, шүүгч И.Амартөгс, шүүгч Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: .... тоотод оршин суух Ч.С-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... байрлах П ХХК-д холбогдох
Гэм хорын хохиролд 18,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Ж.Майзориг, иргэдийн төлөөлөгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие ..... төвд 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр .......... улсын дугаартай Benz ML 350 маркийн авто машиныхаа рулийн аппаратыг солиулахаар машинаа хүлээлгэж өгсөн боловч ямар ч бичиг баримт гаргаж өгөлгүй манайх найдвартай тул та санаа зовох хэрэггүй гэж хэлсэн.
3 хоногийн дараа очиход засвар хийж дууссан сэлбэг сольж тавьсны төлбөр гэж 3,000,000 төгрөг авсан, мөн мотор чаг, чаг дуугарч байгааг би арилгаад өгье манай инженерүүд засах арга олсон гэхээр нь машинаа өгөөд явсан бөгөөд моторын засвар үйлчилгээ гэж мөн 3,000,000 төгрөг авсан.
Гэвч машины моторыг засах биш харин ч ашиглах боломжгүй болгосон бөгөөд шинээр сольж тавихаас өөр аргагүй гэсэн хариу хэлсэн.
Засвар хийж байх хугацаандаа миний машиныг хувьдаа ашиглан унаж хэрэглэж байснаас гадна хятад сэлбэг тавьсан, зүүн талын толийг сольсон, баруун урд талын дугуйг сольсон, урд нүүрний гоёлыг эвдээд наасан, рулийн гидрийн дээд аппарат, мотор болон бусад агрегатын тос гоождог болгосон зэрэг алдаатай техник үйлчилгээ үзүүлсэн мөн мотор засварын үйлчилгээндээ 1 жилийн баталгаат хугацаа гаргаж өгсөн хэдий ч миний машины мотор солихоос нааш ашиглах боломжгүй болсон бөгөөд шинээр мотор авч тавихад 35,345,710 төгрөг болохоор байна.
Миний хувьд шинэ мотор авахуулдаггүй юмаа гэхэд бага явалттай моторыг худалдан авах мөнгийг гаргуулмаар байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 498 дугаар зүйлийн 498.1-д ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хариуцна гэж тус тус заасны дагуу тухайн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж миний эд хөрөнгөд учирсан гэм хорыг П ХХК-ийн Б-аар арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Машины бусад гэмтлийн хохирлыг нэхэмжлэхгүй бөгөөд моторын төлбөр 18,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Тус шүүхэд Ч.Сгийн гаргасан, П ХХК-ийн захирал Э.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.
Ч.С нь манай засварын төвд Benz ML350 маркийн машин засварлуулах үйлчилгээ авсан. Бид засварын үйлчилгээний төлбөр зардалд 3 сая төгрөг авч, үйлчилгээ үзүүлсэн энэ мөнгө нь ажлын хөлс, зардал байдаг, ажлын явцад сэлбэг хэрэгсэл солих бол түүний үнийг үйлчлүүлэгч төлдөг. Энэ төлбөрийн 1,000,000 төгрөг нь масло, шүүр болон бусад зардлууд, 2 сая төгрөг нь мотор засварлах ажлын зардал болдог. Мотор задлахад 7 хоногийн ажил болдог бөгөөд нэхэмжлэгчийн моторыг өөрийнх нь хүссэнээр 3 удаа бүрэн задалж угсарсан ба энэ ажлыг хийхэд их хэмжээний зардал, цаг орсон.
Нэхэмжлэгч Ч.Сгийн машин анх засуулахад нь утаа хаядаг, трактор шиг дуутай, мотор нь доголдсон, тос гоожсон байдалтай байсан ба моторыг задалж, оношилж үзэхэд дээрх гэмтлүүд нь моторын гильц поршин нь хэт элэгдэлд орж, блокны цилиндр холхио үүсч элэгдсэнээс шалтгаалсан байсан учраас моторын блок, поршин хоёрыг сольж тавих шаардлагатай талаар С-д хэлсэн.
Гэтэл тэрээр шинээр сольж тавих боломжгүй боломжоороо засаад өгөөчээ гэж хүссэн. Бид засварын газрын нэг ажилтнаа тусгайлан томилж моторын гильц поршин зардаг маш олон газруудаар явуулж судлуулахад Монголд тийм гильц, поршин зардаг газар байгаагүй, нэхэмжлэгчид энэ талаар хэлж тухайн сэлбэг нь Монголд байхгүй, бас өөрөө шинээр блок, поршин тавихгүй гэсэн учраас өөрийнх нь зөвшөөрснөөр моторын утаа хаядаг, тачигнаж дуугардаг, доголдсон, тос гоождог гэмтлийг их элэгдсэн, бага элэгдсэн гильц, поршинг сөөлжүүлж тавих байдлаар засч өгөөд, цаашид моторын блок, гильц, поршин солихгүй бол бүрэн засагдах боломжгүйг нь тайлбарласан.
Мөн үйлчлүүлэгчийн байдлыг харгалзан хөнгөлөлт үзүүлж хуучин, эсхүл шинэ сэлбэг худалдаад аваад ирвэл үнэгүй суурьлуулаад өгөх боломжийг ч санал болгосон. Одоогоор нэхэмжлэгчийн машин нь зүгээр явж байгаа, засуулснаас хойш манай засварын газар дээр хэд хэдэн удаа машинтайгаа ирсэн.
Гэтэл энэ байдлыг Ч.С буруугаар ашиглаж, цаашид шинээр сэлбэг тавих хэмжээний гэмтэлтэй байгааг хэлсний төлөө биднийг машины моторыг солих гэмтэл учруулсан гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Манай байгууллага моторыг нь засварлаж өгснөөс биш, ямар ч гэмтэл, доголдол учруулаагүй, харин ч нэмэлтээр моторын ремений урд шарик, машины урд нүүрийг үнэгүй сольж өгсөн.
Нэхэмжлэлд урд нүүрний гоёлыг эвдэлчихээд наасан гэсэн байна. Эвдэрчихсэн ирснийг нэхэмжлэгч өөрөө засаад өгөөч гэж хүсч, манайх үнэгүй сольж өгсөн юм.
Мөн нэхэмжлэлд миний болон манай засварын газрын нэр хүндэд үндэслэлгүйгээр гутаасан зүйл бичсэн байна. Бид засуулахаар ирүүлсэн машинуудыг хувьдаа хэрэглэх, сэлбэг хэрэгслийг нь солих асуудал байдаггүй.
Манайх авто засварын үйлчилгээг 20 гаруй жил эрхэлж байна. Хэрэв ийм ноцтой зүйл хийдэг бол энэ гэмт хэрэг бөгөөд тухайн засварын газраар үйлчлүүлэх үйлчлүүлэгч огт олдохгүй шүү дээ.
Манай засварын газар Benz засварын үйлчилгээ эрхэлдэг. Энэ төрлийн машин нь өндөр үнэлгээтэй байдаг бөгөөд маш олон үйлчлүүлэгчид өндөр үнэтэй машинаа бидэнд даатгаад үйлчлүүлээд явж байна. Ийм ч учраас засварын газар бүхэлдээ камерийн хяналттай үйлчлүүлэгч нараас ч энэ төрлийн гомдол, асуудал 20 гаруй жилийн хугацаанд гарч байгаагүй.
Хэрэв шаардлагатай бол Ч.Сгийн машиныг хэрхэн зассан, ямар ажил болсон гэдгийг засварын газрын ажилтнуудаас гадна, тухайн үед машинаа засуулж байсан хүмүүс ч гэрчилнэ. Ер нь нэхэмжлэгчийнхтэй ижил хуучин Benz ML350 машины одоогийн зах зээлийн үнэлгээ нь ч 15,000,000 төгрөг хүрэхгүй байгаа гэдгийг энд хэлэх нь зүйтэй.
Иймд Ч.Сгийн моторын төлбөр гэж 18,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.С нь П ХХК-ийн Э.Бд холбогдуулан гэм хорын хохирол 18,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нь .......... улсын дугаартай бенз ML-350 маркийн автомашины моторыг засуулахад 18,000,000 төгрөг шаардлагатай энэ гэм хорын хохирлыг П ХХК-ийн Э.Б хариуцна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Энэ сервисийн газар нь ямар нэг хязгаарлагдмал хариуцлагатай компанид харъяалалгүй, Э.Б нь хувиараа Plus бенз авто засварын газрыг ажиллуулдаг гэж хариуцагч нь тайлбарласан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг.
Нэхэмжлэгч нь шинэ мотор худалдаж авахад 35,345,710 төгрөг болно гээд МСМ групп ХХК-ийн автомашины хэлтсийн "Боруулалтын үнэ" гэсэн баримтыг хэрэгт хавсаргасан байх ба бага явалттай хуучин мотор худалдаж авахад 18,000,000 төгрөгийн үнэтэй байдаг гэж тайлбарласан боловч энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байна.
Нэхэмжлэгч шаардлагаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар гэм хорын хохирол учирсан гэж тайлбарлаж шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шинжээчээр "Итгэлт эстимэйт" ХХК-г томилсон боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрөө тус байгууллагаар шинжилгээ хийлгэхээс татгалзсан тул Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийг томилсон.
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн дэд захирал Ж.Хашбатын шүүхэд ирүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2\559 тоот албан бичигт "...Уг автомашины хөдөлгүүрийн эвдрэлийн шалтгааныг тогтоох, уг эвдрэлийг үүссэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй байна.
Учир нь автомашины хөдөлгүүр нь олон тооны систем механизмуудаас бүрдсэн төвөгтэй хийцтэй зүйл бөгөөд хөдөлгүүрийг задалж, угсарч засварласны дараа түүнийг асааж, тодорхой хугацаагаар ажиллуулахад техникийн байдал өөрчлөгдөж хөдөлгүүрийн эвдрэлийг ялангуяа уг эвдрэл үүссэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй байдаг.
Ч.Сгийн автомашиныг засварын газарт засварлаж, хөдөлгүүрийн техникийн байдалд өөрчлөлт оруулсан, мөн хөдөлгүүрийг асааж хөдөлгөөнд оролцсон байна.
Иймд уг хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй болохыг мэдэгдэж байна" гэжээ.
Мөн нэхэмжлэгч Ч.С нь "Мongolian star melchers" автомашины төвд .......... улсын дугаартай бенз ML-350 маркийн автомашинаа 2012 оны 12 сарын 04-ний өдөр оношлуулахад "руль дуутай, мотор дуутай шалгах" гэснээс дүгнэхэд уг автомашины моторын дуу нь 2012 оноос үүсэн байх боломжтой юм.
Хэрэгт авагдсан баримтаар П ХХК-ийн Э.Бгийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Ч.Сгийн эзэмшлийн .......... улсын дугаартай бенз ML-350 маркийн автомашины мотор эвдэрсэн. Бага явалттай хуучин мотор авахад 18,000,000 төгрөг шаардлагатай, бөгөөд энэ хэмжээний хохирол учирсан гэсэн үйл баримт тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл эзэн Plus бенз авто сервис засварын газрын эзэн Э.Б нь нэхэмжлэгчийн өмчлөлийн .......... улсын дугаартай бенз ML-350 маркийн автомашиныг засварлах явцдаа машины моторыг засах биш харин ч ашиглах боломжгүй болгосон, хувьдаа ашиглан унаж хэрэглэж байсан, хятад сэлбэг тавьсан, зүүн талын толийг сольсон, баруун урд талын дугуйг сольсон, урд нүүрний гоёлыг эвдээд наасан, рулийн гидрийн дээд аппарат, мотор болон бусад агрегатын тос гоождог болгосон зэрэг алдаатай техник үйлчилгээ үзүүлсэн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Харин шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар хэрэгт авагдсан баримтаар Ч.С нь 2016 оны 01 дүгээр сарын 25, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр тус тус .......... улсын дугаартай бенз ML-350 маркийн автомашины моторын \чаг чаг гэх чимээг засуулах\ засвар үйлчилгээ, моторын тос шүүр солиулах, рулийн хөндлөн аппарат, гидрийн насосыг бенз засварын газрын эзэн Э.Бгаар засуулахаар харилцан тохиролцсон байна.
Нэхэмжлэгч Ч.С нь уг тээврийн хэрэгслийн эд ангийг засуулахад нийт 6,000,000 төгрөгийг П ХХК-ийн Э.Бд төлсөн байх ба хариуцагч моторт нь 1 жилийн баталгааг гаргаж өгсөн байна.
Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д "ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасны дагуу талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т ...гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах гэж заасны дагуу хариуцагч Э.Бгийн хийж гүйцэтгэсэн дээрх гүйцэтгэлийн үр дүн нь доголдолтой байсан гэж үзэж байгаа бол дээрх үндэслэлүүдээр шаардах эрхтэй байх боловч нэхэмжлэгч нь энэ талаар ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Иймд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээ хэрэгжсэн байх тул хариуцагч П ХХК-ийн Э.Бгаас гэм хорын хохиролд 18,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д тус тус зааснаар П ХХК-ийн Э.Бгаас гэм хорын хохиролд 18,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ч.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА
ШҮҮГЧИД Ж.БАЙГАЛМАА
И.АМАРТӨГС