| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0853/Э |
| Дугаар | 860 |
| Огноо | 2019-11-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 860
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч И.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Жоохондой овогт Идэрхүүгийн И.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911026801103 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 23-5 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Жоохондой овогт Идэрхүүгийн И.Д /РД: ФБ97092711/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч И.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч И.Д нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 04-05-ны шилжих шөнө 03 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ялалтын” талбай орчимд хохирогч Ж.Дөлгөөнтэй маргалдаж, түүний нүүрний зүүн хэсэгт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч И.Ды мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би дээрх зүйл анги болон үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 45-48х/
хохирогч Ж.Дөлгөөний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... тухайн шөнө 03 цаг өнгөрч байхад ажлаа тараад гэрлүүгээ чигтээ ажлынхаа 2 залуутай явж байхад үл таних 4 залуу араас "хөөе байж бай" гээд дуудсан тэгэхээр нь сонсоогүй юм шиг явж байхад дахин 1-2 удаа дуудаад араас хүрч ирснээ хамт явсан Санаа гэх залууг заамдаад авахаар нь би "болиоч яагаад байгаа юм, юу ч болоогүй шдээ" гэхэд хуузан сахалтай өндөрдүү залуу бас нэг кепик малгай өмссөн залуутай надруу хүрч ирээд "Чи юу гээд байгаан" гэж хэлээд сахалтай нь намайг гараараа цохиод газар унасан бөгөөд унасны дараа бүгд энд тэндээс өшиглөж байгаад больчих шиг болохоор нь босоод зугтах гэтэл үүргэвчтэй цүнхнээс татаад арагшаа унахад нөгөө залуучууд дахиад өшиглөсөн...", "...Дээрх гэмтлийг И.Д гэх сахалтай залуу ньминий зүүн нүд, хацар орчим нэг удаа гараараа цохиж надад учруулсан. Тухайн залуучууд надаас уучлал гуйж хохирол болох 460.000 төгрөгийг бүрэн барагдуулсан учраас ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 18-21/,
гэрч У.Батсанаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажил Титэм лоунжаас 03 цагийн орчимд гарсан тэндээсээ гараад Тэнгис кино театр руу явж байхад үед замд 4 эрэгтэй хүн зогсож байсан... тэгсэн араас хөөе гээд дуудах шиг болсон бид нар анзаараагүй явж байтад ард хүмүүс ирээд дуудсан... тэр хоёрыг цохисон байх би тэгээд зугтаагаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Миний биед учирсан гэмтэл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 24х/,
гэрч Ц.Цэрэндаваагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Батсанааг заамдаж аваад цохих гээд байхаар нь би найз Дөлгөөний хамт салгах гэтэл тэр хүмүүс эхлээд намайг цохисон тэгээд зугатаах гэтэл араас хөөгөөд барьж авсан тэгсэн Дөлгөөнийг газар унагаад толгой, хэвлий хэсэгт нь өшиглөсөн. намайг ард талаас нэг нь өшиглөсөн харж амжаагүй... миний биед учирсан гэмтэл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 25х/,
гэрч Ү.Билгүүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...тэнд байсан нэг залуу нь И.Дыг түлхтэл И.Д зөрүүлээд нүүррүү нь нэг удаа баруун гараараа цохитол нөгөө залуу эргүүлээд И.Ды духны орчимд цохингуутаа гурвуулаа зугтсан. Энэ үед нь Санчир бид хоёр тэнд байсан хоёр залууг хөөгөөд гүйцээгүй тэгээд буцаад ирэхэд И.Дыг цохисон залуу нь газар хэвтчихсэн ....Санчир эхэлж очин тухайн залуугийн гэдэс хавьруу нь байх нэг удаа өшиглөсөн, тэр үед би араас нь очоод тухайн залуугийн мөн гэдэс орчимруу нэг удаа өшиглөчихөөд... Би тухайн залуучуудын нэгтэй Тэнгисийн хажуугийн автобусны орчим мөрлөлцөөд өнгөрсөн тэгсэн бид нартай хамт явж байсан 2 охин манай найз Санчирын гар утсыг аваад явчихсан байхаар нь араас нь гүйж очоод дуудтал нөгөө 3 залуучууд хажууд нь явж таараад нөгөө залуучууд өөрсдийгөө дуудаж байна гэж ойлгоод бид нартай хэрүүл маргаан үүсгэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 29-31х/,
гэрч Э.Санчирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Эхлээд манай найз И.Д нэг залуутай нь муудалцаад харилцан нэг, нэг цохилцсон тэр үед тухайн 3 залуу зугтсан бөгөөд Билгүүн бид хоёр, нөгөө хоёр залууг нь хөөгөөд явсан, харин Чингис үлдсэн нэг залууг нь хөөж байгаа харагдсан. Эргээд иртэл нөгөө залуу газар хэвтчихсэн байхаар нь Билгүүн бид хоёр нэг өшиглөчихөөд цааш явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 32-34х/,
гэрч Н.Чингисийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "..бид нар Тэнгисийн хажууд байдаг нэг караокед орж 0.75 литрийн Болор архи, 5 пиво захиалаад хувааж уусан... Эхлээд манай найз И.Д миний хавирч унагасан залуутай муудалцаад харилцан нэг, нэг цохилцсон тэр үед тухайн 3 залуу зугтсан бөгөөд Билгүүн, Санчир нар хоёрыг нь хөөгөөд явсан, харин би үлдсэн нэг залууг нь хавирч унагаад харилцан толгойных нь ар дагз хэсэгрүү цохисон... Санчир, Билгүүн хоёрыг хараагүй харин И.Д тэр залуугийн нүүрний зүүн хэсэгрүү нүд орчимд нь нэг удаа цохисон харин би тухайн залуугийн толгойных нь ар дагз орчимд гараараа 2-3 удаа цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 35-37х/,
шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12093 дугаартай дүгнэлт "...Ж.Дөлгөөний биед зүүн зовхи, хацар, баруун чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ж.Дөлгөөний биед учирсан зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой бөгөөд хөнгөн гэмтэлд хамаарна. Бусад гэмтэл нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." /хх-ийн 39х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч И.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч И.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Жоохондой овогт Идэрхүүгийн И.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Дг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар И.Дг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, И.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ