| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0861/Э |
| Дугаар | 869 |
| Огноо | 2019-11-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 869
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч А.Нямсүрэн,
шүүгдэгч Б.Ч,
нарийн бичгийн дарга Б.Номинзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Бэсүд овогт Баатаржавын Б.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911025711153 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын механикч мэргэжилтэй, “Линда трэйд” ХХК-д менежер хийдэг, Ам бүл 3 ээж, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 54-638 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 cap, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 cap, мөн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 3 жил 5 cap хорих ял, оногдуулсан ялуудын хөнгөнийг хүндэд багтаан бүгд 3 жил 6 хорих ял шийтгэж, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Бэсүд овогт Баатаржавын Б.Ч /РД: УК92122653/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Б.Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ч нь 2019 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Наранцэцэгийг машиныг бариулсангүй, машинд тамхи татлаа гэж хэллээ" гэх шалтгаанаар Б.Мөнгөнчимэгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч Б.Чийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "... Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 45х/,
хохирогч Б.Мөнгөнчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 22 цагаас би найзуудтайгаа хамтдаа гэмтлийн эмнэлгийн ойролцоо заал авчихаад 00:00 цаг өнгөрч байхад гарч ирээд миний машинд Халиунаа, Мөнхтунгалаг 2 суугаад харин Наранцэцэгийн машинд Сувд-Эрдэнэ, Болор-Эрдэнэ хоёр суугаад манай гэр болох Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 2 дугаар гудамж 29 тоотын гадна талд уулзахаар болоод хөдөлсөн юм. Ингээд би гэрийнхээ гадаа ирэхэд Наранцэцэг ирээгүй байхаар нь би машинаа хашаандаа оруулж тавьчихаад Халиунаа, Мөнхтунгалаг нарын хамт ар талынхаа гудамжины үзүүр хэсэгт очоод Наранцэцэг рүү ярихад эцэс дээр байна одоо очлоо гэж хэлсэн юм ингээд удалгүй 5 минутын дараа ирэхэд Наранцэцэг, Болор-Эрдэнэ, Сувд-Эрдэнэ нар Дондовням болон нэг үл таних Чингүүнээ гэх залуугийн хамт ирсэн юм. Тухайн үед дагуулж ирсэн Дондовням, Чингүүн хоёр нь согтуу байсан болохоор би Наранцэцэгийг машинаасаа буучих би наад хоёрыг чинь хүргээд өгчихье гэж хэлэхэд Наранцэцэг, Болор-Эрдэнэ, Сувд-Эрдэнэ нар машинаасаа буусан юм тэгэхэд Дондовням, Чингүүнээ нар хамт бууж ирээд юм яриад хүн хүлээж байна гээд зогсож байснаа Чингүүнээ Наранцэцэгийн машиныг бариад юманд явчихаад ирье гээд байхаар нь би Наранцэцэгийн машиныг унтраахад Чингүүнээ асаагаад байсан энэ үйл явдал дахин нэг удаа давтагдсан юм. Чингүүнээ гэх залуу согтуу байсан болохоор би машин бариулахгүй гэсэн юм. Тэгээд Чингүүнээ машинд нь тамхи татах гээд байхаар нь би эмэгтэй хүний машинд тамхи татаад яах вэ чи буугаад татчих гэж хэлээд түүнтэй маргалдсан юм. Чингүүнээ тэгээд машинаас буучихаад би Халиунаа, Мөнхтунгалаг нар юм яриад би машины хаалгыг онгойлгочихоод хажууд зогсож байтал Чингүүнээ миний нүүр рүү гараараа цохиод хөлөөрөө өшиглөсөн юм. Миний хамар луу цохих үед миний хамраас цус гарсан тэгээд байж байтал Чингүүнээ гэх залуу миний үснээс зулгаагаад доош нь дараад газраар чирсэн энэ үед манай найзууд болох Мөнхтунгалаг, Халиунаа нар салгасан юм. Наранцэцэг, Сувд-Эрдэнэ, Болор-Эрдэнэ, Дондовням нар цаана юм яриад зогсож байсан юм. Чингүүнээ гэгч нь миний найз болох Наранцэцэгийн таньдаг найз нь байгаа юм.
Чингүүнээ нь Наранцэцэгийн машиныг унуулж явуулсангүй гэх шалтгаанаар надтай маргалдсан бөгөөд мөн машинд нь тамхи татах гээд байхаар нь би тамхи татуулахгүй гэсэн болохоор энэ асуудалд уур нь хүрсэн байх гэж би бодож байна.
Миний биед учирсан тархи доргилт, зовхины цус хуралт, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг Чингүүнээ гэх залуу хамар луу цохиод миний нүүрний зүүн хэсэг рүү өшиглөж учруулсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/,
гэрч Г.Халиунаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Ингээд бид нар явлаа гээд ярилцаад байж байхад Чингүүн Дондовням бид хоёрыг хүргэж өг гэж хэлсэн юм тэгээд Наранцэцэгийг Чингүүн явуулахгүй байсан болохоор Мөнгөнчимэг тэр хоёрыг хүргэж өгье гээд ярьж байтал Чингүүн согтуу байж машин барина гээд байхаар нь Мөнгөнчимэг Чингүүнийг согтуу машин барьж болохгүй гээд хориглосон тэгтэл Чингүүн Наранцэцэгийг хэл амаар доромжлоод байсан юм ингээд Мөнгөнчимэг Чингүүнийг машинаас буулгасан бөгөөд машины хажууд Мөнгөнчимэг, Чингүүн хоёр зогсож байсан ба би Мөнхтунгалаг, Наранцэцэг, Болор-Эрдэнэ, Сувд-Эрдэнэ, Дондовням нар хажуухан талд нь зогсож байтал Чингүүн гэнэт Мөнгөнчимэгийн нүүр лүү нь өшиглөөд гараараа нүүр рүү цохиод үсдээд доош нь дарсан юм. Тэгтэл бид нар бүгд очиж салгах гээд зууралдсан бөгөөд бид нар Чингүүнийг салгасан юм тэгтэл Чингүүн цаашаа яваад газраас нэг том чулуу бариад бид нар луу шидэх гээд байсан юм. Тэгтэл Дондовням Чингүүнийг тэврээд авсан ингээд бид нар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. Цагдаа нар ирээд аваад явсан бөгөөд зодоон болсноос хойш 30 орчим минутын дараа Чингүүн Наранцэцэг рүү залгаад би нэгдүгээр эмнэлэг дээр байна Гандан дээр хүрээд ир уулзъя гэж хэлэхээр нь бид нар маргааш болъё гэж хэлтэл "алнууд минь би та нарт бүгдэд чинь хутга шаана" гэж хэлсэн болохоор бид нар айгаад очоогүй юм. Мөнгөнчимэг Чингүүнийг согтуу машин бариулахгүй гэсэн шалтгаанаас болж л зодох болсон гэж бодож байна. Чингүүн гэнэдүүлээд Мөнгөнчимэгийн нүүр орчимд нэг удаа өшиглөсөн, нэг удаа гараараа цохьсон тэгээд үсдээд доош нь дарсан Мөнгөнчимэг босож ирэхэд хамраас нь маш их цус гарсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/,
гэрч Э.Мөнхтунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Чингүүн гэнэт Мөнгөнчимэгийн нүүр лүү нь өшиглөөд гараараа нүүр лүү цохиод үсдээд доош нь дарсан юм. Тэгтэл бид нар бүгд очиж салгах гээд зууралдсан ба би Чингүүний мөр хэсгээс нь зууртал санамсаргүй гараараа миний уруул хэсэгт Чингүүн цохьсон юм Ингээд бид нар Чингүүнийг салгатал Чингүүн газраас чулуу аваад шидэх гээд байтал Дондовням барьж аваад болиулсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/,
гэрч Н.Дондовнямын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...01 цагийн үед би гэрийнхээ хажууд найз Тэмүүжинтэй нэг нэг пиво уугаад сууж байтал манай найз болох Наранцэцэг над руу залгаад чи хаана байна вэ гэхээр нь би гэрийнхээ хажууд байна гэсэн чинь эа за яваад очъё гэсэн ингээд над дээр ирэхдээ миний найз болох Чингүүнээ /Б.Чийг Чингүүнээ гэж дууддаг/ болон Наранцэцэг миний үл таних 2 охины хамт ирсэн юм. Чингүүнээ тухайн үед халамцуу байсан Ингээд бид 5 доошоо 84-ийн тийшээ яваад дэлгүүр ороод Чингүүнээ бид хоёр архи юмуу пиво аваад манай гэрийн тэнд буцаж ирэхээр тохиролцсон байсан юм. Тэгсэн чинь доошоо 84-ийн буудал руу уруудаад явж байхдаа Наранцэцэг зам дагуу найзуудынхаа хажууд очоод зогссон юм. Ингээд замын хажууд Мөнгөнчимэг, Халиунаа, Мөнхтунгапаг нар зогсож байсан би Наранцэцэг мөн үл таних 2 охины хамт 4-үүлээ буугаад нөгөө хэдтэй уулзаад мэндлээд байж байсан юм. Наранцэцэгийг машинаас буусны дараа Чингүүнээ жолоочийн суудал дээр суусан юм. Тэгтэл Мөнгөнчимэг, Чингүүнээ 2 муудалцах шиг болоод надтай юм яриад байж байсан Мөнхтунгалаг, Халиунаа, Сувдаа, Болороо нар гүйгээд очсон би бас араас нь гүйж очиход салгаж байгаа харагдсан би харин Чингүүнээг нөгөө охидуудаас салгаад авсан юм. Чингүүнээ Мөнгөнчимэгийг цохиод авсан болохоор нөгөө найз охидууд нь Чингүүнээтэй зууралдсан байх. Энэ үед Наранцэцэг машины нөгөө талд ганцаараа зогсож байсан юм. Чингүүнээ нөгөө охидууд руу чулуу шидэх гээд гартаа чулуу барьсан байхаар нь би Чингүүнээгийн гараас чулууг нь тавиулаад замын эсрэг талд гарсан юм. Тэгтэл цагдаа нар ирээд Чингүүнээг аваад явсан. Б.Чийг цагдаа нар аваад явсны дараа би Мөнгөнчимэг болон охидуудтай очиж уулзах үед Мөнгөнчимэгийн хамраас цус гарсан байсан. Уг автомашин бол Наранцэцэгийн өөрийнх нь машин юм. Надад хэлэхдээ машины зөрүүнд уг автомашиныг авч байгаа гэж хэлж ярьж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 29-30х/,
гэрч Н.Сувд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Ингээд Наранцэцэгтэй хамт явж байтал утас нь дуугараад нэг эрэгтэй хүн ярьсан чинь яваад очъё гэсэн юм ингээд Наранцэцэг, Мөнгөнчимэгрүү яриад зам дээр зогсож байгаарай Чингүүнээг хүргэж өгчихөөд буцаад ирье гэсэн юм. Наранцэцэг, Болор-Эрдэнэ бид 3 нэг гэр хорооллын гудамжнаас Чингүүнээ гэх нилээн согтуу залууг авсан тэр залуу машинд орж ирээд инайз нь нилээн хэдэн охидуудтай уулаа арай л охидуудын доор орчихсонгүй найз нь ч бас эвгүй гар ш дээ шоронд юу байлаа даа" гэж хэлсэн тэгсэн чинь Наранцэцэг нөгөө Чингүүнээ гэх залууд хандан Дондов цагаан худаг дээр байна гэж байна уучихсан болохоор машинаа хөдөлгөж чадахгүй байна гэнэ би чамайг Дондов дээр хүргэж өгчихөөд найзуудтайгаа уулзлаа гэж хэлсэн юм. Ингээд нэг цагаан худгийн тэнд очоод Дондовтой уулзаад Чингүүнээ Дондов хоёр бид нарыг явуулахгүй машины хаалгыг нээчихээд хаахгүй зогсоод байсан. Чингүүнээ нь одоо үргэлжлүүлээд ууна шагийн юм зардаг газар хаана байна гэсэн чинь Дондов доороос очоод нэг юм авъя тэгээд буцаж ирээд энд ууя гэсэн юм. Ингээд бид нар доошоо зам дагуу уруудаад явж байтал Мөнхтунгалаг, Мөнгөнчимэг, Халиунаа 3 байсан болохоор Наранцэцэг зогсоод бид нар бүгд машинаасаа буусан юм. Ингээд юм яриад зогсож байтал Чингүүнээ Наранцэцэгийг хүргээд өг гээд байсан юм. Тэгтэл Наранцэцэг намайг хүргэж өгвөл явуулахгүй гэж хэлсэн болохоор Мөнгөнчимэг би хүргэж өгчихөөд ирье гэж хэлсэн юм энэ үед Чингүүнээ гэх залуу машины жолоочийн суудал дээр суучихсан тамхи асаагаад байсан юм. Мөнгөнчимэг наадах чинь эмэгтэй хүний машин ш дээ чи буугаад татчих бид нар наад машинд чинь суухдаа хүртэл хөлөө арчиж суудаг гэж хэлээд машинаас буулгаад Мөнгөнчимэг машины жолоочийн хаалганы хажууд зогсоод Чингүүнээ гэх залуу буугаад мөн хажууд нь доошоо харж инээгээд тамхиа асааж байснаа гэнэт Мөнгөнчимэгийн хамар буюу нүүр рүү нь өшиглөөд авснаа гараараа дахиад цохьсон бөгөөд тэгээд үсдээд доош нь дараад машин замруу чирээд байсан энэ үед бид нар болиулах гээд очих гэхэд тэр хоёрын нэгний халааснаас утас, түрүүвч 2 унасан юм. Би тэр газарт унасан зүйлийг авч байхад Халиунаа, Мөнхтунгалаг 2 Мөнгөнчимэгийг татаж аваад харин Дондовням Чингүүнийг татаж авсан юм. Тэгээд Чингүүнээ газраас маш том чулуу аваад бид нар луу шидэх гэхэд Дондовням тэр чулууг нь гараас нь тавиулаад тэврээд авсан юм. Чингүүнээ гэх залуу намайг Хайлаастад мэдэхгүй хүн байхгүй захаас нь очоод миний талаар асуугаарай гээд бид нар руу орилоод байсан. Тэр Чингүүнээ гэх залуу Мөнгөнчимэгийг аймаар цохиж өшиглөчихөөд үснээс нь доош дараад доороо оруулчихаад нуруу энэ тэр лүү нь цохиод байхад Мөнхтунгалаг, Халиунаа, Дондовням 3 сандраад салгах үед Чингүүнээг зодож цохьсон зүйл ерөөсөө болоогүй аль болох хурдан салгахыг хичээсэн. Наранцэцэгийн унаж явсан машин бол түүний машин гэж өөрөө хэлсэн юм. Зодсон асуудал миний бодлоор эмэгтэй хүний машинд тамхи татлаа буугаад тат гэснээс л болсон гэж бодож байна.
Бид нарыг гэмтэл дээр байж байтал Наранцэцэг Чингүүнтэй утсаар ярьж байгаад бид нарыг бүгдийг нь хутгалж ална гээд байна эндээс явъя гэсэн бөгөед бид нар айгаад Гандангийн тэнд очоод байж байтал Чингүүнээ гэх залуу яриад мапгайгаа авъя миний малгайг та нар шиг алнууд өмсөх нь байтугай миний нэрийг ч дуудах эрхгүй шүү гэх мэтээр доромжлоод байсан. Тэгтэл Наранцэцэг Чингүүнээ угаасаа танилтай болохоор цагдаа дээр очихгүй ш дээ. Бараг өргөдөл өгөөд нэмэргүй эргээд та нарын талд буруугаар эргэвэл яах юм бэ гэх мэтээр хэлсэн. Ингээд бид нар айгаад ярилцаж байгаад Халиунаа эгч Мөнгөнчимэгийг чи ингэтлээ зодуулчихаад юу гэж зүгээр орхиж байдаг юм бэ гээд өргөдлөө өг гэж хэлсэн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 31-32х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 11534 тоот "... Б.Мөнгөнчимэгийн биед тархи доргилт, зовхины цус хуралт, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болосн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гээмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 37х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Чийг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Бэсүд овогт Баатаржавын Б.Чийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Чийг 800 нэгж буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Чийг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ