Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 870

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Т.Б

нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Тайван овогт Түмэндэмбэрэлийн Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811033811149 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Тайван овгийн Түмэндэмбэрэлийн Т.Б, 1973 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Увс аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эрхэлсэн тодорхой ажилгүй. Ам бүл 5, дүү, бэр, 2 хүүхдийнх нь хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 1-24 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай. урьд ял шийтгэлгүй. /РД:ОС73122219/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Т.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 13 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 4 дүгээр гудамжинд иргэн Ч.Лхагвыг зогсож байхад зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын уг нуруу, зүүн сарвуун ар гадаргуунд зулгарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн нутгийн найз болох Батжаргалтай хамт 3,4-р хороолол орчим нэг шил архи хувааж уучихаад хайлаастад байх Мөнхбат гэх бас нутгийн хүний гэр лүү нь хамт явсан юм. Мөнхбаттай хайлаастад таараад гуравуулаа хамтдаа тэдний гэрийн хойно байдаг Түмэндэмбэрэл гэдэг мөн нутгийн хүнийг гэр лүү нь очиж тэдний гэр нь 4-үүлээ хамт нэг шил архи хувааж уучихаад хамтдаа гэрээс нь гараад явж байгаад машин замын орчим нэг үл таних эрэгтэй хүн Мөнхбат болон бид нартай маргалдаад байхаар нь би түүнийг салгаж бусдаасаа холдуулан түлхэж унагаагаад дээрээс нь дарж унасан. Тухайн үед архи ууж согтсон байсан болохоор яаж хэрхэн уг гэмтэлүүдийг учруулсанаа сайн санахгүй байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 48-49х/,

хохирогч Ч.Лхагвын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 12-13 цагийн орчимд би гэрлүүгээ харихаар Жаргалантын 4 дүгээр гудамжны орчимд явж байхад 30-40 орчим насны залуучууд хоорондоо маргалдаад зодолдож байгаа харагдсан. Тэгээд би таньдаг хүн байна уу гээд хэсэг харж зогсож байгаад таньдаг хүн байхгүй болохоор нь гэрлүүгээ харих гээд явтал араас шууд намайг цохиод авсан. Тэгээд намайг газар унасан байхад толгой тархируу цохиод авсан би газар унасан байсан болохоор ямар хүн нь намайг зодож байгааг хараагүй. Ингээд тэр залуучууд намайг зодчихоод явсны дараахан манай хүү Нямдаваа хүрч ирээд намайг гэрт оруулж өгсөн юм. Би тэр залуучуудыг огт танихгүй, зүс үзсэн хүн байгаагүй ..." гэх мэдүүлэг /хх-ийн 21-23х/,

гэрч Д.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...машин замын хажууд ирээд микро /автобус/ ирэхээр нь суух санаатай зогсож байтал Т.Б араас хүрч ирээд хажууханд байсан нэг өвгөнтэй яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна, маргалдаж байгаад уг өвгөнийг Т.Б хашааны ёроолруу дараад дээрээс нь унасан. Тэгэхээр нь би араас нь очоод Т.Бийг "хөөш боль" гээд дээрээс нь татаж босгосон. Нөгөө өвгөн ч босоод ирсэн ..." гэх мэдүүлэг /хх-ийн 30х/,

гэрч Л.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 13 цаг өнгөрч байх үед би эхнэр хүүхдүүдийнхээ хамт аавынхаа гэрт очсон юм. Тэгээд гудамжруу нь явж байтал аав арынхаа гудамжны үзүүр дээр нүүр нь цус болчихсон газар хэвтэж байсан тэгээд би юу болсон талаар асуухад энэ гудамжнаас гарч ирсэн хэсэг залуучууд намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд би аавыг тэрлүү нь оруулж өгөөд тэр хавийн хүмүүстэй уулзаад "Элгэн ус" гээд дэлгүүрийн камер шүүгээд үзтэл манай аавыг нэг залуу араас нь татаад цохиод унагааж байгаа бичлэг байсан ..." гэх мэдүүлэг /хх-ийн 34х/

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13884 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Лхагва-н биед тархи доргилт. хамрын уг нуруу, зүүн сарвуун ар гадаргуунд зулгарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ ... Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ..." гэх мэдүүлэг /хх-ийн 38х/,

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 16-17х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Т.Бийг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Тайван овогт Түмэндэмбэрэлийн Т.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бийг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Т.Бийг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгийг тус хэрэгт хавсаргаж үлдээсүгэй. 

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ