| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0870/Э |
| Дугаар | 877 |
| Огноо | 2019-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 877
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч С.Энхтуул,
шүүгдэгч Т.Б,
нарийн бичгийн дарга Б.Номинзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Монгол овогт Тунгалагтуяагийн Т.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911021771021 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл-4, Түмэн тэнгэр ХХК-д тогооч ажилтай, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Баян-арцат, партизан гудамжны 70 тоотод оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 44 дүгээр гудамжны 798а тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 2010.06.10-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 256 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 5 cap хорих ял шийтгүүлж, 3 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөж, 2010.10.04-ний өдөр суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Тунгалагтуяагийн Т.Б /РД: М389072472/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Т.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах "Аз" зочид буудлын өрөөнд согтуугаар хамтран амьдрагч хохирогч Д.Энхцэцэгийг нүүр хэсэгт нь алгадах, мөргөх, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Д.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 19:00 цагийн үед гэрээсээ нөхөр Т.Бын хамт гараад би таксинд суугаад хүргэн ах Ганзоригийн гэрт хонохоор явсан, манай нөхөр шөнө ажилладаг учраас ажилдаа явсан, би ахындаа хоноод маргааш өглөө нь сэрээд байж байтал 08 цагийн үед нөхөр над руу залгаад Цагаан байрны автобусны буудал дээр байж бай, найз Чагнаатай хамт явж байна, очоод авья гэсэн. Тэгээд буудал дээр очиход нөхөр ирчихсэн согтуу ганцаараа сууж байсан, тэгснээ өнөөдөр би уумаар байна гэхээр нь нуруу нь өвдөөд байгаа болохоор өвчнөө мартах гээд уух гэж байгаа юм болов уу гээд зөвшөөрсөн. Тэгээд Чагнааг ирэхээр нь 3-уулаа таксинд суугаад Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоо байрлах Аз гэдэг буудлын 302 тоот өрөөнд ороод нэг шил виски 3-уулаа хувааж уугаад дууссан. Тэгээд би унтах гээд орон дээр хэвтэх гэтэл нөхөр Т.Б надад юу ч хэлэлгүй гэнэт 2 хацар луу гараараа ээлжилж алгадсанаа заамдаж аваад нүүр лүү мөргөөд газар унагасан. 1эгэхээр нь ' чи яаж байгаа юм бэ гэхэд өөдөөс уурлаад орилоод ална тална гээд хашгираад байсан, энэ үед Чагнаа хаана байсныг мэдэхгүй байна, би нилээн согтчихсон байсан. Намайг мөргөсний дараа миний хамарнаас цус гарч байхаар нь эгч Эрдэнэчимэг рүү залгаад хүрээд ирээч, Т.Б намайг зодоод байна гэж хэлсэн. 2 цагийн дараа буюу 13 цагийн орчим төөрч төөрч байгаад манай 2 эгч арай гэж олж ирээд намайг аваад явсан. Манай эгч нар Т.Баа гээд дуудсан чинь сэрэхгүй, тасраад унтаад өгсөн байсан. Манай 2 эгч намайг гэрт хүргэж өгөөд ээжид болсон асуудлыг хэлэхэд ээж уурлаад хадам ээж рүү яриад танай хүүхэд манай охиныг удаа дараа зодож байна, урьд нь хүртэл 13 давхраас шиднэ гээд түлхэж унагаж байсан, одоо би хүүхдээ эрүүл саруул дээр нь салгаж авна гэж ярьчихаад ах, эгч нарыг ажлаас ирэхэд нь зэж Т.Быг одоо барьж аваад цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулна гээд дуудлага өгсөн байсан.,2017 оны 12 сараас 2018 оны 11 сарын хооронд 3 удаа зодуулж байсан боловч ямар нэг байдлаар эмнэлэгт болон цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Намайг хардаж сэрдэх нь гайгүй, дундын эд хөрөнгө санхүүгийн тал дээр маргадаггүй, согтохоороо л агсан болчихдог...хадам ээж намайг дагуулж эмнэлгээр явж үзүүлсэн. Эм тариа авч өгсөн. Толгой тархи сүртэй гэмтээгүй, тархи хөдөлсөн хавантай байна гэсэн. Миний зүгээс цаашид Т.Бтай амьдрахгүй гэж болож байгаа, одоо бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй " гэх мэдүүлэг /хх-ийн 10-14х/,
гэрч Ө.Чагнаадоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Аз буудлын 302 тоот өрөөнд 3-лаа нэг шил виски уусан, ууж байх явцад Т.Б нь нэлээн согтоод хэсэг хэвтсэн, энэ хооронд эхнэртэй нь хамт уугаад сууж байтал эхнэр нь нөхрөө хөөе босоод ир гээд гарнаас нь чангаасан чинь нөхөр нь үг хэлэлгүй шууд баруун гараараа 2 хацар луу нь ээлжлээд алгадахаар нь би босч очоод түүний 2 гарыг бариад автал эхнэрийгээ духаараа мөргөөд газар унагачихсан, тэгэхээр нь би тус тусад нь орон дээр унтуулах гэтэл эхнэрийн нь хамарнаас цус гараад уйлаад байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө утаснаас эхнэрийн нь эгч рүү залгаад гар утсаа Энхцэцэгт өгсөн чинь Энхцэцэг эгчдээ ирээд ав гэж хэлсэн. Ойролцоогоор 20 минутын дараа Энхцэцэгийн 2 эгч нь ирээд аваад явсан. Т.Б унтаад үлдсэн, би хэсэг унтаж байгаад гараад явчихсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 9937 дугаар " Д.Энхцэцэгийн биед тархи доргилт, баруун хацар, шанаа, уруул, бугалга, шилбэ, цээж, зовхинд цус хуралт, шалбаралтууд гэмтэл тогтоогдсон, дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хх-ийн 25х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Т.Быг догшин авирлаж өөрийн хамтран амьдрагч хохирогч Д.Энхцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Д.Энхцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Т.Быг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Т.Бт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын хэмжээ, хувийн байдлыг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Быг 700 нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Т.Бт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ