| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0847/Э |
| Дугаар | 885 |
| Огноо | 2019-11-18 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 885
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Б.Дэлгэрмаа,
шүүгдэгч Т.У, түүний өмгөөлөгч Ч.Энхжин,
нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тай ярат овогт Тайяратын Т.Уд холбогдох эрүүгийн 1903008880395 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ОХУ-ын Москва хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, "Капитрон" банкны харилцагчийн үйлчилгээ хариуцсан менежер, ам бүл 3, 5-15 насны 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 40 дүгээр байр 54 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тай ярат овогт Тайяратын Т.У /РД: УХ83091822/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Т.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.У нь 2019 оны 7 дугаар сарын 28-ны 04 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өвөр гүнтийн зуслангийн хашаанд "Лексус-400" маркийн 67-68 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч О.Чулуунбатыг мөргөж, биед нь зүүн 8,9-р хавирганы хугарал бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч Т.Угийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн "... би Өвөр гүнтийн хашаан дотроо байшин бариулах гээд барилга барьдаг хүмүүсээр бариулж байсан. Би анх Амарболд гэдэг хүнтэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан юм. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс ажил эхэлсэн юм. Тэгээд ажил эхлээд явж байхад хамт ажил хийнэ гээд Амарболдын найз нь гээд Чулуунбат гэх ирж ажилласан. Тэгээд барилгын ажилд ашиглах нэг машин элс, нэг машин хайрга авсан юм. Тэгсэн элс хайрга маань 28-ны өглөө 04 цагийн үед ирэхээр нь би төв зам дээрээс тосож аваад хашаа руугаа дагуулж ирээд хашаандаа машиндаа тавиад зогсож байсан чинь Чулуунбат машинаа холдуулчих энэ газраар орж элс, хайргаа буулгана гэнээ гэхээр нь би машинаа холдуулсан чинь машиныхаа гэрлийг тусгачих гэрэл хэрэгтэ байна гэхээр нь би машиныхаа гэрлийг тусгах гээд хашаан дотроо ертөнцийн зүгээр баруун хойшоо чиглэлд ухарсан чинь Чулуунбат намайг чиглээд цаашаагаа хараад баруун гараараа хойшоо хойшоо гээд ухраад алхаад байсан тэр үед гадаа бороо орсон дээр нь өвс нойтон байсан учраас машин улгаад би бага зэрэг уруу газар машинаа алдсан юм. Тэр үед Чулуунбат намайг чиглээд ухарсан чигээрээ алхаад байхаар нь би дуут дохио өгөөд жолоогоо баруун гар тийш дараад зогсох үедээ Чулуунбатыг мөргөсөн. Тэгээд хаалгаа онгойлгоод доошоо харсан чинь машины зүүн талын урд, хойд дугуйны гол хэсгээс хөл нь гарчихсан толгой хэсэг нь машин доор байрлалтай хэвтэж байсан тэр үед элс хайрга ачиж ирсэн машины жолооч гүйж ирээд Чулуунбатыг татаж гаргасан. Тэгээд би түргэн, цагдаад дуудлага өгсөн. Эхлээд нэг цагдаа ирээд дараа нь түргэн ирээд Чулуунбатыг үзэж байгаад аваад явсан. Дараа нь замын цагдаагаас хүмүүс ирээд хэмжилт хийсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 45-46х/,
хохирогч О.Чулуунбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...араас нэг юм мөргөх шиг болоод би газар унаад юу болов гэж байтал Т.Угийн машины зүүн талын урд дугуй нь миний цээжин дээгүүр гараад явчихсан юм... Т.У өөрөө болохоор сигнал өгсөн гээд эайгаа би ямар ч сигнал сонсоогүй ээ. Хэрэв сигналдсан бол би холдох байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 12-13х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 9405 дугаартай "...1. О.Чулуунбатын биед зүүн 8,9-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үилчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна " гэх дүгнэлт /хх-ийн 36х/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5, 8-10х/, мөрдөгчөөс 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, фото зураг /хх-ийн 5-10х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Т.У нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа бүлгүүмжгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохиирогч О.Чулуунбатад энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Т.У нь нийт 3.200.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Т.Уд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохиролын хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, хохиролыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг нь харгалзан тохирох ял шийтгэлийг шүүх оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тай ярат овогт Тайяратын Т.Уг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Уд 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Т.Уг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ