Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1969

 

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2016/01969

 

Алтан тариа ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/05155 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Алтан тариа ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Энхтөрд холбогдох

 

Гэрээний үүрэгт 291 832 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч  П.Цэнгүүний давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Энхцэцэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.Цэрэн-Очир

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Цацралтуяа

Гуравдагч этгээд Г.Ганзоригийн өмгөөлөгч: Д.Түвшинтамир

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Алтан тариа ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алтан тариа ХХК нь 2009 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр БХХ-96/09 дугаартай гэрээ байгуулж чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх, төлбөр төлөх нөхцлийг тохиролцсон. Худалдагч талын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж 2009 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд худалдан авагч талд нийт 194.555.000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн.  Худалдан авагч  Д.Энхтөр нь гэрээгээр  179.916.000 төрөгийн үнэ бүхий  116 мкв талбай бүхий орон сууц оролцуулан төлбөр төлж, үлдэх мөнгийг бэлнээр шилжүүлэхээр тохирч гэрээ байгуулсан.  Гэтэл хариуцагч Д.Энхтөр үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс шалтгаалан компани өнөөдрийг хүртэл биет байдлын болон эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авах эрхээ эдэлж чадаагүй. Учир нь Д.Энхтөр гэрээний нөхцөл ёсоор төлбөрийн дүнд 179.916.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны зориулалттай байр оролцуулан төлнө гэж тухайн үедээ тохиролцож байсан боловч төлбөрт өгсөн байрны  өмчлөх эрхийн гэрчилгээг тус компанийн нэр дээр шилжүүлэлгүй өөр иргэний нэр дээр шилжүүлсэн болохыг байраа өмчлөлдөө авахыг шаардах явцдаа мэдсэн. Гэрээний дагуу гурилыг Д.Энхтөр авч ашиглаагүй, Хээр адуу ХХК авч ашигласан, орон сууцны барилгыг хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч гэрээг хариуцагч Д.Энхтөр Алтан тариа ХХК-тай байгуулсан. Гэрээг Д.Энхтөр байгуулж гурилыг Хээр адуу ХХК болон хариуцагч авсан гэдгийг хэн аль нь хүлээн зөвшөөрч тайлбарлаж байна. Г.Ганзоригийн тайлбарласнаар П.Цэнгүүн захирал чи ав гээд байрны түлхүүр өгсөн гэж байгаа боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүй.  Хариуцагч нь Г.Ганзоригт байрыг шилжүүлсэн нь гэрээний үүргийг шударгаар биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Г.Ганзориг энэ гэрээг байгуулахаас эхлээд өмчлөх эрх шилжүүлэх бүх ажиллагааг хийсэн. П.Цэнгүүн захирал тухайн байрны гэрчилгээ яагаад гараагүй, хир хугацааны дараа гарах вэ гэж асуухад байнга тайлбар хэлэн удахгүй гарна гэсээр өөрийн өмчлөлд шилжүүлэн аваад 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ажлаа хаяад явсан. Ажлыг нь хүлээлцэх бичиг баримт шалгах явцад Маршал хотхон дахь 116 мкв байрны гэрчилгээ гарсан. Энэ үед Д.Энхтөртэй байгуулсан гэрээ хэрэгжээгүй, орон сууцны өмчлөх эрх Алтан тариа ХХК-ийн нэр дээр шилжээгүйг мэдсэн. Иймд гэрээний дагуу төлбөрт 116 мкв талбай бүхий орон сууцыг шилжүүлээгүй, худалдах худалдан авах арилжааны гэрээний үүргийг биелүүлээгүй Д.Энхтөрөөс 179.916.000 төгрөгийг, алдангийн хамт нийт 291.832.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Энхтөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 онд Хээр адуу ХХК-нд ажиллаж байхад  компаниас миний нэр дээр орон сууц захиалсан.  Хээр адуу ХХК нь Алтан тариа ХХК-ийн захирал Г.Ганзоригт тус байрыг шилжүүлж байрны үнэд Хээр адуу ХХК бараа авсан.   Гэрээний үнийн дүнгийн 179.916.000 төгрөгт дүйцүүлэн 116 мкв талбай бүхий орон сууц тооцож өгөх ёстой байсан ба Д.Энхтөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Олимп гудамж Маршал хотхоны 113 дугаар байрны 11 тоот 116 мкв талбай бүхий орон сууцны түлхүүрийг 2009 оны 12 дугаар сарын эхээр тухайн үед Алтан тариа ХХК-ийн бизнес хөгжлийн хэлтсийн дарга байсан Г.Ганзоригт хүлээлгэн өгч гэрээний үлдэгдэл төлбөр болох 16.284.000 төгрөгийг бэлнээр төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Төлбөрт тооцуулсан орон сууцыг улсын комисс хүлээн аваагүй, гэрчилгээ гараагүй байсан тул Д.Энхтөр нь Эко констракшн ХХК-тай байгуулсан орон сууц захиалагчтай байгуулах гэрээг 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 08 тоот орон сууцны барилга худалдах худалдан авах гэрээг Алтан тариа ХХК-ийн бизнес хөгжлийн хэлтсийн дарга байсан Г.Ганзоригт шилжүүлэн өгч бичиг баримт үйлдсэн боловч Эко констракшн ХХК нь үйл ажиллагааны явцад уг бичиг баримт устсан гэдэг шалтгаанаар нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Хариуцагч үүргээ бүрэн биелүүлсэн учраас Алтан тариа ХХК нь Д.Энхтөрөөс нэг ч удаа орон сууц хүлээлгэн өгөх талаар болон гэрээний үүргийг шаардаж байгаагүй. Гэтэл 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Алтан тариа ХХК шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болон энэ хооронд шаардаж байсан баримт хэрэгт байхгүй. Иймд нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Гуравдагч этгээд Г.Ганзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хээр Адуу ХХК, Алтан Тариа ХХК нь миний мэдэхийн 14 удаагийн худалдан авалт хийсэн. Намайг Алтан Тариа ХХК-д ажиллаж байх үед Хээр адуу ХХК нь 10 удаа худалдан авалт хийсэн. 2009 онд Алтан Тариа ХХК-ийн складанд он сар, хугацаа нь дууссан 2 дугаар зэргийн гурил маш их байсан. Тэр гурилыг Хээр Адуу ХХК-д худалдан аваач гэсэн хүсэлт тавьсаны дагуу Хээр Адуу ХХК татан авалт хийсэн. Гэрээ байгуулахаасаа өмнө нийт гурилын 95 хувийг татан авсан бөгөөд энэ гурилыг шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан О.Мөнхсайхан /Алтан Тариа ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч/ ачсан. Гурилаа татан авч дууссаны дараа худалдах, худалдан авах гэрээг нөхөн хийсэн. Энэ гэрээнд 116 мкв талбай бүхий хэмжээтэй орон сууц төлбөрт өгөөд зөрүү 16.000.000 төгрөгийг бэлэн өгнө гэж Хээр Адуу ХХК-тай тохирсон. Д.Энхтөр бол Хээр Адуу ХХК-ийн үйлдвэрийн дарга ажилтай байсанг бид сүүлд мэдсэн. Ингээд гурил нийлүүлсэнээс хойш 2 сар орчмын дараа гэрээ байгуулсан. Гэрээний дагуу байрны түлхүүрийг Хээр Адуу ХХК надад хүлээлгэн өгсөн. 16.000.000 төгрөгийг Алтан Тариа ХХК-ийн кассанд бэлнээр тушаасан. Би “Маршал таун” хотхоны 4 өрөө орон сууцны түлхүүрийг Алтан Тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүнд өөрийн биеэр гардуулж өгсөн. П.Цэнгүүн захирал байрны түлхүүрийг өөртөө сар гаран хадгалж байсан. Энэ байрандаа өөрийн том охин Ц.Юнаг амьдаруулна гэж байсан боловч дараа нь Алтан Тариа ХХК-д үр бүтээлтэй ажилласан гэж надад өгсөн. Би Алтан Тариа ХХК-д 5 том обьектыг худалдан авах гэрээг байгуулж, Алтан тариа ХХК-нд  22 тэрбум төгрөгний ашиг оруулсан тул надад уг байрны түлхүүрийг 2009 онд чиний хувь гэж өгсөн. Би Алтан Тариа ХХК-д нийт 22 жил буюу энэ үйлдвэрийг анх байгуулагдсанаас хойш өөрийн үйлдвэр мэт зүтгэж ажиллаж байгаад  2013 онд П.Цэнгүүн захиралтай  үл ялих зүйлээс болж маргасан. Үүнээс болоод би 3 өдөр ажилдаа очоогүй. Гэтэл намайг байр машинаа хүлээлгэж өг гэсэн мессеж явуулсан байсан. Түүнээс биш би энэ захирлын ажлаас чөлөөлөх тушаалд дурдсан шиг ажлаа хаяж яваагүй юм. П.Цэнгүүн захирал надад байрыг өгсөнөөс хойш “Эко Констракшн” ХХК-ийн захирал н.Нямдаваа надад байрыг үл хөдлөх руу шилжүүлсэн баримтыг өгсөн. “Эко Констракшн” ХХК-ийн захирал н.Нямдаваа нь П.Цэнгүүн захирлын охинтой гэрлэсэн тул надад гаргаж өгсөн баримтыг шүүхэд өгөхгүй байна. Тиймээс би “Эко Констракшн” ХХК-ийн захирал н.Нямдаваа эдгээр баримт бичгийг устгасан байх магадлалтай гэж хардаж байна гэжээ.

 Гуравдагч этгээд “Хээр Адуу“ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл Алтан тариа ХХК-тай харилцаатай байгаа. Манай компани 2009 онд гурил худалдан авсан нь үнэн. Бид гэрээний дагуу Алтан тариа ХХК-д байр болон үлдэгдэл мөнгийг хүлээлгэн өгсөн. Мөн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл худалдан авалт хийгээд харьцаж мөнгө тушааж байхад дээрх гэрээний худалдан авалтын мөнгийг яагаад нэхэмжлээгүй юм бэ.  Яагаад заавал Г.Ганзоригийг ажлаас гарахаар нь байрны асуудлыг гаргаж ирж байгаа юм. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 274 дүгээр зүйлийн 274.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Энхтөрд холбогдох гэрээний үүрэгт 291.832.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Алтан тариа ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.617.113 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Цэнгүүн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ гуравдагч этгээд Г.Ганзоригийн тайлбар, гэрч О.Мөнхсайхан нарын мэдүүлгийг үндэслэн гэрээнд заагдсан 116 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагчаас нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ өмчлөх эрхтэй болохыг буюу өмчлөх эрхийг шилжүүлэн авсан болохыг нотлох баримтыг олгох, эдгээрийг үндэслэн эрх бүхий байгууллагаас бүртгэлийн гэрчилгээ олгосноор өмчлөх эрхийг шилжүүлсэнд тооцно. Гэтэл анхан шатны шүүх ийм баримт олгоогүй, зөвхөн орон сууцны түлхүүрийг өгсөн үйл баримтаар буюу орон сууцыг эзэмших боломж олгосноор орон сууцыг бүрэн шилжүүлсэн гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, гэрчийн мэдүүлэг нь хариуцагч Д.Энхтөр нь нэхэмжлэгч "Алтан тариа" ХХК-д орон сууцыг шилжүүлэн өгсөн болохыг нотлох баримт үйлдсэн, олгосон гэх талаар огт нотлоогүй, тэд ч энэ талаар нэг ч үг хэлээгүй, зөвхөн түлхүүр хүлээлгэн өгсөн талаар л яриад байдаг. Г.Ганзоригийн "Эко Констракшн" ХХК-тай байгуулсан гэх Орон сууц захиалгаар барих гэрээ нь хариуцагч Д.Энхтөр, гуравдагч этгээд "Хээр Адуу" ХХК-ийн захирал Д.Энхбат нартай байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээнээс цаг хугацааны өмнө буюу 2008 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн гэрээ байдаг. Гуравдагч этгээд Д.Энхтөрөөс Г.Ганзоригт, эсвэл "Алтан тариа" ХХК-д орон сууцыг шилжүүлэх талаар хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй, ийм баримт олдохгүй байгаа зэрэг нь хариуцагч "Худалдах, худалдан авах арилжааны гэрээ" байгуулахдаа орон сууц шилжүүлэх нөхцлийг дүр үзүүлэн хийсэн, энэ нөхцөлийг бодитойгоор биелүүлэх санаа зорилгогүй байсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл Алтан тариа ХХК болон Д.Энхтөр нар хоорондоо гэрээ байгуулахаас өмнө Хан-Уул дүүргийн 11-р хорооны Маршал хотхонд орших 113 дугаар байрны 11 тоот орон сууцыг Г.Ганзориг авчихсан байсан гэж үзэж болохоор байна. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Д.Энхтөр нь орон сууцыг шилжүүлэн өгч гэрээний үүргийг биелүүлсэн гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгтээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх үндэслэсэн нь ойлгомжгүй байна. Эдгээр байдлаас үзэхэд анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн бодитойгоор үнэлж шийдвэр гаргаж чадаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл нь тодорхойгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байх тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/05155 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Алтан тариа ХХК нь хариуцагч Д.Энхтөрд холбогдуулан гэрээний үүрэгт 291 832 500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “..,гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн“ гэж маргажээ.

 

Зохигчид  БХХ 96/09 тоот арилжааны гэрээ байгуулж, худалдагч Алтан тариа ХХК нь 196 200 000 төгрөгийн үнэ бүхий гурилыг нийлүүлж, худалдан авагч Д.Энхтөр нь 116 м.кв хэмжээтэй, 1 м.кв нь 1 100 ам.долларын үнэтэй, нийт 127 600 ам.доллар буюу 179 916 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг төлбөрт тооцон өгч, үлдэх 16 284 000 төгрөгийг бэлнээр төлөхөөр тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх, мөн хуулийн 275 дугаар зүйлийн 275.1-д зааснаар гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш байсан тул зөрүү 16 284 000 төгрөгийг мөнгөөр төлөхөөр тохирсон. Талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагджээ. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-д зааснаар арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи заалтууд нэгэн адил хамаарах талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Гэрээгээр худалдагч буюу нэхэмжлэгч гурилаа бүрэн нийлүүлсэн, худалдан авагч зөрүү 16 284 000 төгрөгийг бэлэн төлсөнд талууд маргаагүй.

 

Харин гэрээгээр тохиролцсон 116 м.кв талбайтай байрыг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлд зааснаар хүлээлгэн өгвөл зохих этгээдэд өгсөн эсэх асуудлаар маргажээ.

 

Худалдан авагч гэрээний үүргээ гүйцэтгэж байрыг хүлээлгэн өгөх үед тухайн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан тул Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 109.3, 110 дугаар зүйлийн 110.1-д заасан журмыг хэрэгжүүлэх боломжгүй байсан нь талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд гуравдагч этгээдүүд, хариуцагчийн тайлбараас үзэхэд байрны түлхүүрийг гэрээнд худалдагчийг төлөөлж гарын үсэг зурсан үүрэг гүйцэтгүүлэгч талын төлөөлөгч Г.Ганзоригт хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

 

Байрны захиалгын гэрээг хэний нэр дээр шилжүүлэхийг заах нь худалдагч буюу Алтан тариа ХХК-ийн эрх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчийн заасан этгээдэд шилжүүлэн өгсөн тухай хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч нь баримтаар үгүйсгэж чадаагүй.

 

Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн гэж үзнэ. Түүнчлэн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаархи анхан шатны шүүхийн дүгнэлтийг ч мөн буруутгах боломжгүй байна. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад “шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болно” гэсэн нь буруу юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасан шийдвэр “хүчинтэй” болох, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасан шийдвэр “хүчин төгөлдөр” болох нь 2 өөр агуулга, үр дагавартай ойлголт тул шүүхийн шийдвэрийн 3 дахь хэсэгт  “хүчин төгөлдөр” гэснийг “хүчинтэй” гэж өөрчлөх нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангах боломжгүй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/05155 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дэх заалтыг “хүчин төгөлдөр” гэснийг “хүчинтэй” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Алтан тариа ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 617 113 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                  ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Ш.ОЮУНХАНД