Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 00029

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд

            Нэхэмжлэгч: Д.Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймгийн Засаг даргад холбогдох  

“Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/211 тоот захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2017/0011/3 тоот индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, гэрч Г.Э, нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие Д овогтой Э нь Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/91 тоот захирамжаар Зэст багийн нутаг дэвсгэрт Орос сургуулийн урд байрлах 375 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай газрын байршлыг шилжүүлэн Зэст багийн нутаг дэвсгэрт 1 дүгээр хорооллын 6 дугаар байрны урд 600 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшсэн. Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгуулах тухай” А/211 тоот Орхон аймгийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгосон аймгийн Засаг даргын 2013 оны 91 дүгээр захирамжийг хүчингүй болгосон байна.

            Нэгдүгээрт: Захирамжид эзэмшиж авсан газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж дурьдсан бөгөөд “Эрдэнэт оргил” ХХК-ийн захирал В.Г нь тус газартай холбогдуулан нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийг шүүх хянах явцад талууд эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байдаг. Тус эвлэрлийн гэрээгээр “Э о” ХХК нь Зэст баг, 1 дүгээр хорооллын 6 дугаар байрны урд талд байрлах газарт 2014-04-16-ны өдрөөс 2016-04-16-ныг хүртэл 2 жилийн дотор 10 давхар, 1 орцтой орон сууцны барилгыг өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьж дуусгах тухай тохиролцсон бөгөөд “Э о” ХХК нь тус үүргээ биелүүлээгүйгээс миний бие 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж одоо тус хэрэг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа болно.

            Хоёрдугаарт: Газар эзэмшүүлэх гэрээний 2.4-т заасан газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн бөгөөд миний бие газрын төлбөрөө цаг тухай бүрт нь төлж байсан.

  Гуравдугаарт: Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллагаас надад ирүүлж байгаагүй бөгөөд мэдэгдлийн дагуу гэрээгээ дүгнүүлээгүй гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймээс Орхон аймгийн Засаг дарга 2017 оны 4 дүгээр сарын 21-ний А/211 дугаартай захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба дээрх захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү”   гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга Д.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1 дүгээр хорооллын 6 дугаар байрны урд 600 м.кв газрыг аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/91 тоот “Газрын байршил шилжүүлэн эзэмшүүлэх тухай” захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн боловч эзэмшиж буй газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмшүүлэх гэрээний үүргээ зөрчсөн зэрэг зөрчлүүдийн улмаас хүчингүй болгосон. Мөн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14-04-020/06 дугаар шалгалтын тайлангаар “...барилгын суурийн нүх ухсан боловч харуул хамгаалалтгүйгээс болж удаа дараа зөрчлүүд илэрч, зөрчлөө арилгуулах тухай албан шаардлага хүргүүлсэн боловч биелүүлээгүй нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2, 51 дүгээр зүйлийн 51.3, Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 заасныг тус тус зөрчсөн байх тул  хүчингүй болгох нь зүйтэй” гэж тус тус дүгнэгдсэн байх бөгөөд 2013 оны А/91 дүгээр захирамжаар иргэнд газар олгосноос хойш 2017 оныг хүртэл 4 жилийн хугацаанд тодорхой ажиллагаа тухайн байршилд хэрэгжүүлэлгүй байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж, хайхрамжгүй хандаж байсан зэрэг нь төр, захиргааны байгууллагын буруутай ажиллагаа биш юм. Иймд иргэн Д.Э-ын нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргад холбогдох 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/211 дугаар захирамж хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Э нь Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/91 тоот захирамжаар Зэст багийн нутаг дэвсгэрт Орос сургуулийн урд байрлах 375 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай газрын байршлыг шилжүүлэн Зэст багийн нутаг дэвсгэрт 1 дүгээр хорооллын 6 дугаар байрны урд 600 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшсэн байдаг. Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгуулах тухай” А/211 тоот Орхон аймгийн Засаг даргын захирамж гарсан. Энэ захирамжид тухайн эзэмшиж авсан газраа 2 жил дараалан гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж дурьдсан байдаг. Нэхэмжлэгч Д.Эрдэнэбаяр нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт 1 дүгээр хорооллын 6 дугаар байрны урд орон сууцны зориулалттай газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай.

“Э о” ХХК-ийн захирал В.Г нь тус газартай холбогдуулан нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийг шүүх хянах явцад талууд эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд шүүгчийн захирамжаар баталгаажуулсан.  Тус эвлэрлийн гэрээгээр “Э о” ХХК нь Зэст баг, 1 дүгээр хорооллын 6 дугаар байрны урд талд байрлах газарт 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг  хүртэл 2 жилийн дотор 10 давхар, 1 орцтой орон сууцны барилгыг өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьж дуусгах тухай тохиролцсон байгаа. Гэтэл “Э о” ХХК нь тус үүргээ одоо хүртэл биелүүлээгүй. Д.Э нь өөрөөс хамаарах арга хэмжээнүүдийг авсан байдаг.

Тус захирамжтай холбоотой шүүхэд албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ өгсөн байдаг. Хүсэлтийн дагуу гүйцэтгэх хуудас, шүүгчийн захирамж гарсан. Гэвч Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх  албанд  очихоор шүүгчийн захирамжийг тодруулахгүйгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх боломжгүй байна гэсэн. Үүний дагуу дахин Ерөнхий шүүгчид тодруулж өгнө үү гэдэг хүсэлтээ тавьсан байгаа. Гэтэл шүүхээс тодруулах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан Д.Э нь дахин 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж одоо тус хэрэг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа. Иргэн Д.Э нь өөрөөс хамаарах зүйлээ хийж байгаа. Тус газар гэрээт харуул ажиллуулж газрыг ухаж барилгын суурь ажлыг эхлүүлсэн. Үүнийг шүүх үзлэг хийх замаар тодруулсан.

Хоёрдугаарт: Газрын төлбөр төлөөгүй  гэдэг үндэслэлээр  газар  эзэмших  эрхийг хүчингүй болгосон байдаг. Газрын эрхийн гэрчилгээ эзэмшигч Д.Э-аас газрын төлбөрөө хугацаандаа бүрэн төлж байсан. 2013 оноос хойш газраа эзэмшиж жил бүр газрынхаа төлбөрийг хийж байсан. Хэрэгт авагдсан баримтаас харах юм бол 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2017, 2018 оны газрын төлбөрөө төлсөн байгаа. 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2014 болон 2015 оны газрын төлбөрийг төлсөн. 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2016 оны төлбөрөө төлсөн.

            Гуравдугаарт: Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлээгүй гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Үүн дээр нэхэмжлэгч Д.Э-т газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгчид ирүүлж байгаагүй бөгөөд мэдэгдлийн дагуу гэрээгээ дүгнүүлээгүй гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч маань 2014 онд газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдсэн байгаа. Энэ тооцоо нийлсэн акт үйлдсэнийхээ дараа байцаагчдаа гэрээгээ дүгнүүлэх хүсэлт гаргасан байдаг. Гэвч тухайн байцаагч завгүй байна гэх ч юм уу байдлаар гэрээг дүгнээгүй. Нэхэмжлэгчээс хамаарахгүй нөхцөл байдал үүсээгүй. Иймээс Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний А/211 дугаартай захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба дээрх захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа дэмжиж байна. “Э о” ХХК болон иргэн Д.Э нарын хооронд үүссэн маргаанд төрийг буруутай юм шиг ойлгож байгаа нь учир дутагдалтай. Тухайн газрын маргаанд төр оролцоогүй, газрын эзэмшигч нар болох “Э о” ХХК болон иргэн Д.Э нарын хооронд маргаан үүссэн байдаг. 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр газрын төлбөрөө төлсөн гэж байна. Орхон аймгийн Засаг даргын А/211 дугаартай захирамж 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гарсан байгаа. Гэрээнд газрын төлбөрийг улирал бүрийн эхний 25-ны өдөр гэрээ эзэмшигч газрын төлбөрөө төлнө гэж заасан. Орхон аймгийн Засаг дарга 2017 оны 4 дүгээр сарын 21-ний А/211 дугаартай захирамж нь 2 жил дараалан газраа ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй, газар эзэмших гэрээг дүгнүүлээгүй гэдэг үндэслэлээр гарсан.

Гэрээг дүгнүүлэх албан бичиг ирээгүй гэж байна. Гэрээг нэг талын хүсэл зоригоор дүгнэдэггүй. Хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг дүгнүүлдэг. Газрын төлбөр нийлсэн газрын албаны мэргэжилтнээс газрын гэрээг дүгнэхгүй гэдэг нь нотлогдоогүй, тэгсэн бол Газрын албанаас албан бичгээр хариу өгөх байсан. Хэрвээ тухайн албан тушаалтан өөрөө дүгнэх сонирхолгүй гэж байсан бол дээд шатны албан тушаалтанд нь гомдол гаргаж дүгнүүлэх боломжтой байсан” гэв.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Иргэн Д.Э-ын  нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Захиргааны акт нь хууль бус байгааг дараах байдлаар тайлбарлая. Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 04-р сарын 21-ний өдрийн А/211 тоот захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэж гарсан байгаа. Үүнийг үзэхээр “...эрхийн гэрчилгээ эзэмшигч Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний дагуу нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэсэн заалт байдаг. Тус хуулийн 40.1.1-д заасан “удаа дараа” гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно” гэж заасан шүүхийн практик байна. “ноцтой зөрчил”-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоодог. Уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино гэж УДШ-ийн тогтоолд тайлбарласан байдаг. Энэ тохиолдолд гэрээнд ямар нэгэн ноцтой зөрчил гаргах юм бол гэрээг цуцлах талаар нэг бүрчлэн заагаагүй байна. Газар эзэмшигч Д.Э-ын хувьд хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг зөрчсөн зүйл байхгүй.

Газрын албанаас ирүүлсэн газар дүгнүүлсэнгүй, газар дүгнүүл гэсэн бичиг явуулсан гэдэг мэдэгдэл Д.Э-т ирээгүй. Дандаа Д.Э-аас тусдаа бичдэг зүйл байна. Энэ нь Д.Э-ыг буруутгах үндэслэл болохгүй юм. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлийн талаар захирамжид дурдсан байдаг. Нэхэмжлэгч Д.Э нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багт 1-р хорооллын 6-р байрны урд байрлах орон сууцны зориулалттай  газрыг 2013 оноос эзэмшиж эхэлсэн. Сая хавтаст хэрэгт шинжлэн судалснаар газрын төлбөр төлсөн байдал харагдаж байгаа. 2017 оны газрын төлбөрийг гэрээнд заасан эхний улиралд багтаан төлөх асуудал нь зөрчигдсөн боловч энэ нь эхний улирлын 15000  төгрөг  байж байгаа. Энэ байдлаараа газрын төлбөрөө төл гэсэн албан бичиг, мэдэгдэл, шаардлагыг татварын алба, Газрын албанаас огт лавлаж байгаагүй байж ийм үндэслэлээр захирамж гарсан нь буруу. Чимээгүй байж байгаад шийдвэр гаргаж байгаа нь төрийн буруутай үйл ажиллагаа байгаа юм шиг нөхцөл байдал харагдаж байна.

Иргэн хүний эрх ашиг сонирхлыг хөндөхөөр байгаа бол урьдчилан мэдэгдэж сануулж байх нь Захиргааны Ерөнхий хууль болон Газрын төлбөрийн тухай хуульд маш тодорхой заасан байгаа. Хэрэгт газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт байгаа. Актаас үзэхэд Д.Э газрын төлбөрийг төлж байсан нь нотлогдоно. Харин Газрын албаны газрын төлбөрийн хугацаа хэтрүүлж байна, төлбөр төлөхгүй байна гэж анхааруулж сануулж байсан зүйл байдаггүй. Захиргааны байгууллага газрын төлбөрөө төлөөгүй гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй байна гэж харагдаж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь  “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх зохицуулалтын талаар УДШ-ийн тогтоолд  “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” гэж  тайлбарласан. 

 Үүн дээр бусдын хууль бус үйлдэл гэж юуг хэлээд байна гэхээр “Эрдэнэ-Оргил” ХХК нь хамтран эзэмшигчээр орж ирээд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг огт хийгээгүй учраас Д.Э шууд барилга барих боломжгүй болсон байгаа. Д.Э-ын  хувьд одоо газар дээрээ гэрээт харуул ажиллуулдаг. 2016 оны аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга амаар хэлж байсан зөрчлийг арилгаж бэлэн болгосон. Захиргааны Ерөнхий хуулийг Засаг дарга огт баримталдаггүй. Захиргааны байгууллагаас сөрөг агуулгатай акт гаргасан тохиолдолд Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу “оролцогчийг сонсох, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, мэдэгдэх гэхчлэн нарийн дараалалтай” гээд захиргааны байгууллагад заагаад өгсөн байдаг. Уг шийдвэрийг яагаад гаргах болсон нөхцөл байдлыг тогтоож, холбогдох нотлох баримтыг цуглуулан захиргааны шийдвэрийн хувийн хэрэг хөтөлсөн зүйл байхгүй.

Улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн гэж тайлбартаа бичиж байгаа боловч Д.Э-т уг дүгнэлтийг мэдэгдсэн, гардуулсан баримт байдаггүй. Үүнээс юу харагдаж байна гэхээр сонсох ажиллагаа явуулаагүй, өөрт нь мэдэгдэх саналыг нь авах сонсох ажиллагаа огт хийгдээгүй. Хариуцагч байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 26-р зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, мөн хуулийн 27-р зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гэж заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчийн оролцох эрхийг хангаагүй, нэхэмжлэгчид нөхцөл байдлын талаар тайлбар болон санал гаргах боломж олгох сонсох ажиллагааг явуулаагүй, энэ тухай мэдэгдлийг хүргүүлээгүй байна. Тиймээс Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 04-р сарын 21-ний өдрийн А/211 дугаартай захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй. Захиргааны Ерөнхий хуулийн 40-р зүйлийн 40.3-т зааснаар “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэж хуульчилсан бөгөөд хариуцагч захиргааны байгууллага нь А/211 тоот захиргааны акт гаргахдаа дээрх хуулийн заалтыг зөрчсөн.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29-р зүйлийн 29.1.3. г/-д “Газар, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, тэдгээрийн биелэлтийг хангах чиглэлээр Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж биелэлтийг нь хангуулах” гэж заасныг хариуцагч байгууллага захиргааны акт гаргахдаа баримталсан бөгөөд хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэж дээрх шийдвэрийг гаргасан эсэх, хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэж Засаг дарга захирамж гаргах үүрэгтэй эсэх нь тодорхойгүй буюу дээрх заалтыг баримталсан нь утга агуулгын хувьд дээрх актыг тодорхойгүй болгож байна.

Тухайн газрыг “Э о” ХХК болон Д.Э нар хамтран эзэмшдэг. Газрын алба өөрөө бүртгэлээ бичээд хүчин төгөлдөр гэрчилгээ өгсөн байгаа. Гэтэл зөвхөн Д.Э-ын эрхийг хүчингүй болгоод “Э о” ХХК үлдээж байгаа юм шиг Засаг дарга захирамж гаргасан байгаа. Энэ нь үндэслэлгүй байна. Нөгөө талаас Улсын байцаагчийн дүгнэлтээр болохоо байсан гэдэг нь нотлогдохгүй байгаа. Хуулийн хэлтсийн дарга бичгээр мэдэгдсэн гэж байгаа боловч амаар мэдэгдсэн. Д.Э нь зөрчлөө арилгаад хариу мэдэгдсэн. Д.Э-ын эрх  ашгийг хөндсөн нь буруу гэж үзэж байгаа тул Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/211 дугаартай захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгох хууль зүйн бүрэн үндэслэлтэй” гэв.

Гэрч М.М 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд мэдүүлэхдээ: “...2016 оны 1 дүгээр сард аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 1 дүгээр микрийн 6 дугаар байрны урд талд барьсан хашаа нураад ухсан нүхэнд хүүхэд унаж магадгүй газар байна гэсэн агуулгатай улсын байцаагчийн дүгнэлт Аймгийн Засаг даргад ирсэн. Эхлээд би газар дээр нь очиж үзсэн. Тэгээд Д.Э-ыг дуудсан. Тэр дүгнэлтэд дурьдагдсан асуудлаар  албан бичиг өгсөн. Ухсан нүхийг  цэвэрлэх,  аюулгүй байдлыг хангаж, нурсан хашааг барих талаар хугацаатай албан бичиг өгсөн. Тодорхой хугацааны дараа Д.Э албан бичгийн дагуу асуудлаа шийдэж ирсэн. Тэгээд очиж үзэхэд хашаагаа барьсан, хогийг нь цэвэрлэсэн байсан. Тэр үед би яагаад барилгаа барихгүй байгаа талаар асуухад Г гэдэг хүнтэй шүүхээр маргаан үүсгээд явж байгаа, 2016 онд барилгаа барьж дуусгахаар шүүгчийн захирамж гаргуулсныг би үзсэн...” гэжээ.

Гэрч Г.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”...Орхон аймгийн Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын  Тэргүүлэгчдээс ирсэн “Тухайн газрын хашаа нь унасан байна. Орчин тойрондоо аюултай байдал үүсгэж байна. Тухайн газар эзэмшигч нарт хэлэхэд биелүүлэхгүй учраас танай байгууллагад хандаж байна” гэсэн агуулга бүхий албан бичгийг тус Мэргэжлийн хяналтын газар ирүүлснийг үндэслэж хяналт шалгалт хийсэн. Албан бичгийн дагуу хяналт шалгалтын удирдамж гарган байгууллагын удирдлагаар батлуулсан. Энэ талаар иргэн Д.Э, В.Г нарт мэдэгдэх гэтэл газар эзэмших хувийн хэрэгт нь байгаа  гар  утаснууд нь холбогдохгүй, эсвэл утсаа авахгүй байсан тул Газрын албаны зөрчил хариуцсан мэргэжилтэн Б-т тухайн иргэдэд мэдэгд гэсэн үүрэг өгсөн. Д.Э-ын гэрийн хаягаар 2 удаа очиход эзэнгүй байсан гэсэн. Би өөрөө тухайн газрын хамтран эзэмшигч В.Г-т хяналт, шалгалт хийгдэх гэж байна, та ирнэ үү гэж 94048280 гэсэн дугаар руу нь залгаж хэлэхэд “Очих боломжгүй байгаа, тухайн хашаа эвдэрсэн байгаа нөхөн сэргээхээр хамтран эзэмшигч Д.Э-тай  ярьж  байгаа. Одоо хүйтэн байгаа учраас засах боломжгүй байна” гэж хэлж байсан. Энэ талаар Д.Э-т мэдэгдэхийг В.Г-т хэлэхэд “за” гэж хэлсэн. Тэгээд тус хоёр хүний хувийн хэрэг, газар дээр нь үзлэг, шалгалтыг хийж улсын байцаагчийн дүгнэлт гаргаж Орхон аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Уг шалгалт нь төлөвлөгөөт бус шалгалт байсан...” гэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э-ын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С нь энэ өдрийн шүүх хуралдаанд “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/211 тоот захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн бөгөөд шүүх хэргийг тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэлээ.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэн эзэмшүүлэх тухай” А/91[1] тоот захирамжаар Зэст багийн нутаг дэвсгэрт 1 дүгээр хорооллын 6 дугаар байрны урд 600 м.кв газрыг иргэн Д.Э-т орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Д.Э нарын хооронд  “...газар эзэмшүүлэх гэрээ”-г[2] байгуулжээ.

Орхон аймгийн Засаг даргаас 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” А/211 тоот захирамжаар[3] Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-т заасныг зөрчсөн гэж үзэн Д.Э-т газар эзэмшүүлсэн 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэн эзэмшүүлэх тухай” А/91[4] тоот захирамжаа хүчингүй болгосон байна.

1. 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Монгол улсын иргэнд газар эзэмшүүлэх гэрээ”[5]-ний Хоёр /Гэрээний нөхцөл/-ын 2.4-т “Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар эзэмшүүлэгчийн ... дансанд шилжүүлж байна” гэх заалтыг Д.Э нь зөрчиж  2017 оны эхний улирлын газрын төлбөрийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тушаасан ба энэ нь  Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/211 тоот  захирамж /шийдвэр/ гарсаны дараа тушаасан болох нь хавтаст хэрэгт авагдсан “Мөнгөн шилжүүлэг”[6]-ийн баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Мөн 2014 оны газрын төлбөрийг бүтэн жил төлөөгүй 2015 онд тушааж байсан болох нь хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”[7]-аар  тогтоогдсон болно.

Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч нь  “Монгол улсын иргэнд газар эзэмшүүлэх гэрээ”[8] -ний Хоёр /Гэрээний нөхцөл/-ын 2.4-т “Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар эзэмшүүлэгчийн.... тоот дансанд шилжүүлж байна” гэх үүргээ зөрчиж, газрын төлбөрийг удаа дараа гэрээнд заасан хугацаанд төлөөгүй болох нь нотлогдож байна.

2. Иргэн Д.Э нь 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “...газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсанаас хойш 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 4 жил 1 сар 26 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшил газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нараас “Э о” ХХК болон Д.Э нарын хооронд иргэний хэргийн маргаантай байсан, мөн тухайн газартаа барилгын суурь нүх ухсан, хашаа барьсан, манаачтай болсон” гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд энэ нь газар эзэмшигч нарын хооронд үүссэн маргаан болохоос захиргааны байгууллага /бусад/-ын  буруу биш, түүнчлэн газраа зориулалтын дагуу эзэмшээгүй тухай хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан биш юм.

Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож зөв хэрэглэх тухай” зөвлөмжид “...Харин газар дээрээ хашаа барьсан, манаачтай байрлуулсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй байвал зохино.

...Гэрээ хийгдсэний дараа бусдын буруугаас эсхүл давтагдашгүй хүчний улмаас тогтолцооны өөрчлөлт гарсан, эвдрэл элэгдэл бий болсон болон эзэмшигч өвчтэй байсан, гадаадад ажилласан зэрэг зайлшгүй шалтгаанаар газраа зориулалтаар нь 2 жилийн хугацаанд ашиглаж чадахгүйд хүрсэнийг хүндэтгэн үзэх шалгаан гэж үзнэ” гэж тайлбарласан ба Орхон аймгийн Засаг даргаас газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Мөн газар эзэмшигч Д.Э болон “Э о” ХХК-иас маргаан бүхий газраа зориулалтын дагуу 2 жилийн хугацаанд ашиглаж чадаагүй талаар эрх олгосон байгууллагад мэдэгдэж хугацаа сунгуулах талаар арга хэмжээ аваагүйг дурьдах нь зүйтэй.

3. Газар эзэмшигчээс “...газар эзэмшүүлэх гэрээ”[9]-ний Гурав /Газар эзэмшигчийн эрх, үүрэг/-ын 3.10, Зургаа /Бусад зүйл/-ын 6.3-т тус тус заасан “...гэрээний биелэлтийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдөр дүгнүүлж тооцоо нийлнэ” гэх үүргээ биелүүлж байгаагүй болох нь хариуцагчийн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай”[10] 92 тоот албан бичгээр тус тус нотлогдож байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай”[11] 92 тоот албан бичгийг гардаж аваагүй гэх боловч Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай”[12] 92 тоот албан бичгийг тус газрын “Явуулсан бичгийн бүртгэл”[13]-д бүртгэн хамаарал бүхий этгээдэд хүлээлгэн өгсөнийг “гардаж аваагүй” гэж тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж дүгнэв.

3.Түүнчлэн Орхон аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн даргаас  2016 оны 02 дугаар сарын  03-ны өдрийн “Шаардлага хүргүүлэх тухай” 5/228[14] тоот албан бичгийг иргэн Д.Э-т өгч[15], газар эзэмшигч нарт аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 14-04-020/06 тоот дүгнэлт[16] гарсан талаар мэдэгдэн албан шаардлагад дурьдсан зөрчлүүдийг тогтоосон хугацаанд арилгах талаар албан бичиг хүргүүлж байсан болох нь гэрч М.М, Г.Э нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлон баримтуудаар тогтоогдлоо.

4. Дээрх байдлуудаас дүгнэхэд маргаан бүхий захиргааны актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т /эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн/ заасныг зөрчсөн гэж үзсэн бөгөөд  “... газар эзэмшүүлэх гэрээ”[17]-нд “Ноцтой” зөрчлийн талаар талууд харилцан тохиролцож дурьдаагүй боловч газар эзэмшигч нь газрын төлбөрөө удаа дараа гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил /4 жил 1 сар 26 хоног/ дараалан ашиглаагүй зэрэг Газрын тухай хууль болон гэрээнд заасан нөхцөл, болзлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг тус тус баримтлан Д.Э-ын “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/211 тоот захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Орхон аймгийн төрийн санд хэвээр үлдээсүгэй. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болно.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.САРАНГЭРЭЛ

 

 

 

 

 

 

           

 

 


[1] ХХ-ийн 5 дугаар тал

[2] ХХ-ийн 6, 7 дугаар тал

[3]ХХ-ийн 11 дүгээр тал

[4] ХХ-ийн 5 дугаар тал

[5] ХХ-ийн 6, 7 дугаар тал

[6] ХХ-ийн 12 дугаар тал

[7] ХХ-ийн 9 дүгээр тал

[8] ХХ-ийн 6, 7 дугаар тал

[9] ХХ-ийн 6, 7 дугаар тал

[10] ХХ-ийн 192 дугаар тал

[11] ХХ-ийн 192 дугаар тал

[12] ХХ-ийн 192 дугаар тал

[13] ХХ-ийн 197 дугаар тал

[14] ХХ-ийн 195 дугаар тал

[15] ХХ-ийн 184-186 дугаар тал  авагдсан гэрч М.Мөнхбаярын мэдүүлэг

[16] ХХ-ийн 82, 83 дугаар тал

[17] ХХ-ийн 6, 7 дугаар тал