Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 619

 

         Б.Отгонбаяр, Э.Дүгэрсүрэн нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ж.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулын гаргасан 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 590 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаартай эсэргүүцлээр Б.Отгонбаяр, Э.Дүгэрсүрэн нарт холбогдох эрүүгийн 201626012596 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Чонос овогт Баттөмөрийн Отгонбаяр, 1978 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 29 дүгээр гудамжны 51 тоотод оршин суух,

- 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан /РД:ЧА78041178/,

2. Чонос овогт Энхбаярын Дүгэрсүрэн, 1991 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Төв аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 12 дугаар гудамжны 29 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:НЦ91040513/,

Б.Отгонбаяр нь Э.Дүгэрсүрэнтэй бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Г.Анударьд хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан, мөн танхайрах явцдаа иргэн Х.Нямсүрэнг түлхэн унагаасан, куртикийг нь урж 150.000 төгрөгийн хохирол учруулан танхайрсан,

Э.Дүгэрсүрэн нь Б.Отгонбаяртай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Г.Анударьд хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.Отгонбаяр, Э.Дүгэрсүрэн нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” гэж, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж тус тус заажээ. Иймд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу Э.Мэндсайханыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж ... хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай ... мэдэгдэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүхээс яллагдагч нарт яллах дүгнэлт гардуулах хууль зүйн зохицуулалт байхгүй болсон. Нөгөө талаас яллах дүгнэлтийн хавсралтад шинжлэн судлах нотлох баримтын жагсаалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дурдаагүй. Түүнчлэн яллах дүгнэлтийг прокурор гардуулж өгөх зохицуулалт бий болсонтой холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн шинэ зохицуулалт болох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх, яллагдагчийн хуулиар олгогдсон эрхийг хангах боломжгүй буюу талуудын гаргасан санал хүсэлтийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Мөн 2015 оны Эрүүгийн хууль дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан яллагдагч нарын үйлдсэн гэмт хэрэгт тус хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хуулийг буцаан хэрэглэх үндэслэл байгаа эсэхийг нэг мөр эцэслэн шийдвэрлэж холбогдох ажиллагааг хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй...” гэж дүгнэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “хэргийг прокурорт буцаах” гэж зааснаар Э.Дүгэрсүрэн, Б.Отгонбаяр нарт холбогдох 201626012596 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч Э.Дүгэрсүрэн, Б.Отгонбаяр нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 590 дүгээр шүүгчийн захирамжийг залруулахдаа: “...уг захирамжийн тодорхойлох хэсэгт дурдагдсан техникийн алдааг “...2017 оны 6 дугаар сарын 30-ны...”, гэснийг “...2017 оны 6 дугаар сарын 28-ны...” гэж, “...Э.Мэндсайханыг...” гэснийг “...Э.Дүгэрсүрэн, Б.Отгонбаяр...” гэж өөрчилж, “...181.2.1...” гэсний дараа “...181.2.5...” гэж нэмэлт оруулан залруулж, захирамжийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Д.Отгонбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаартай эсэргүүцэлдээ: “...анхан шатны шүүх 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 590 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа захирамжийн ТОДОРХОЙЛОХ хэсэгт “2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу Э.Мэндсайханыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заагдсан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэхээр байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх хэргийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан гэж захирамжийн удиртгал хэсэгт дурдсан атлаа “2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр” тус шүүхэд ирүүлсэн гэж,

2. Прокурорын газраас яллагдагч Б.Отгонбаяр, Э.Дүгэрсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн байхад “2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт” гэж,

3. Яллагдагч Б.Отгонбаяр, Э.Дүгэрсүрэн нарын нэрийг “Э.Мэндсайхан” гэж тус тус дурдсан нь анхан шатны шүүх Б.Отгонбаяр, Э.Дүгэрсүрэн нарт холбогдох хэрэгт бус Э.Мэндсайханд холбогдох хэрэгт дүгнэлт хийсэн байна гэж үзэхээр байна.

Түүнчлэн Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон захирамжилсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг тус тус зөрчсөн байх тул уг шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн…” гэжээ.

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...хэргийг шүүхэд шилжүүлсэн огноо, хэргийн зүйлчлэл, яллагдагчийн нэр зэрэг зөрүүтэй бичигдсэн. Залруулга хийсэн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33-т “шүүхийн шийдвэр гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3, 31.4-т заасныг ойлгоно” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж тус тус заажээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 590 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжид Б.Отгонбаяр, Э.Дүгэрсүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд хүлээн авсан огноо, яллагдагчийн овог нэр, холбогдсон хэргийн зүйлчлэл зэрэг нь алдаатай, зөрүүтэй бичигдснээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Учир нь Монгол Улсын Үндсэн хуулиас гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуй нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд аливаа шүүхийн шийдвэр өөрөө бүрэн биелэгдэх боломжтой, үг үсэг, найруулгын хувьд ойлгомжтой байхыг шаарддаг юм.

            Дээр дурдсан анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 590 дүгээр шүүгчийн захирамжид прокуророос шүүхэд ирүүлсэн хэргээс зөрүүтэй зүйлийг дурдсан байх тул уг шүүгчийн захирамжийг прокурорын байгууллага биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсчээ.

Түүнчлэн шүүх ямарч хэрэг маргааныг хянан шийдвэрлэх болон хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ зөвхөн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд шүүн таслах үйл ажиллагаа явуулах учиртай. Ийнхүү хуулиар олгогдсон эрхээ шүүх зөв тайлбарлаж, хэрэглэх нь чухал бөгөөд шүүх, шүүгчид хуульд заасан бүрэн эрхээс бусад нь хориглосон хэм хэмжээ гэж ойлгох ёстой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно” гэсэн маш тодорхой заалтаас үзэхэд дээрх шүүгчийн захирамжийг алдаатай гэхээс илүүтэй зөрчилтэй эрх зүйн акт гэж үзэхээр байна.

Иймээс захирамжид гарсан зөрчлийг прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулах журмаар арилгах шаардлагатай байх тул энэ талаарх эсэргүүцлийн заалтыг хүлээн авч хангах нь зүйтэй.

Харин дээрх захирамжийн бусад үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад нийцэж байгаа учир захирамжийн дагуу нэмэлт ажиллагаа хийлгэхээр Б.Отгонбаяр, Э.Дүгэрсүрэн нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулж прокурорын газарт хүргүүлэхээр шийдвэрлэх нь зөв тул шүүгчийн “захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн  2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 613 дугаар “Шүүхийн шийдвэрийг залруулах тухай” захирамжийг прокурорын эсэргүүцэл бичигдсэний дараа үйлдсэн гэж үзэж болохоор байгаагийн гадна, шүүгч гаргасан зөрчлөө алдаа гэж үзэж залруулга хийсэн нь дахин зөрчил үүсгэсэн байх тул уг захирамжийг хүчингүй болгов.