Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2020/0653

 

“Э” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 578 дугаар шийдвэртэй, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 578 дугаар шийдвэрээр:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 56 дугаар зүйлийн 56.8, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Э” ХХК-ийн Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумдыг дамнасан “Хангай” нэртэй ХV-01, Увс аймгийн Өндөрхангай сумын “Баавгай” нэртэй ХV-018799 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээж, ХV-01, ХV-018 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 4 дэх жилээс эхлэн тооцож өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчаас тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Э” ХХК нь хуулийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө өгсөн бөгөөд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй нь нэхэмжлэгчийн буруу биш болох нь нэгэнт тогтоогдсон тул хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээж хугацааг 4 дэх жилээс тооцож өгөхийг хариуцагчид даалгах нь хуулийн зарчмуудад нийцнэ.” гэжээ.

Төрийн захиргааны байгууллагын зүгээс ямар үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах талаар Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд тодорхой заасан байна.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1 “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2 “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3 “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4 хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.1.4-т зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулах үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хүлээсэн байдаг. Дээрх үүргээ биелүүлсэн байж Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу тус төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, сум дүүргийн Засаг даргаар батлуулсны үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилээр сунгуулах эрхтэй байхаар хуульчилсан.

Тодруулбал “Э” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумдын Засаг дарга нараар шинэчлэн батлуулж, төрийн захиргааны байгууллагад ирүүлсний үндсэн дээр хугацаа сунгуулах хуулийн зохицуулалтыг хангаагүй байжээ гэсэн үг.

Дээрх тохиолдолд Увс аймаг дахь захиргааны хэргийн шүүхийн шийдвэр “Э” ХХК-ийн буруугүйг тогтоож, орон нутгаас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан хэдий ч XV-01, XV-018 тоот тусгай зөвшөөрлүүдийг сэргээх боломжгүй болно.

Иймд гомдлыг хуулийн дагуу хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад дутуу дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3“нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлэхээр зохицуулсан.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.”,  37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.”гэж тус тус заажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:.захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэжээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК-иас  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Эй Би Пи Девелопмент” ХХК-ний Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумдыг дамнасан “Хангай” нэртэй  XV-01, Увс аймгийн Өндөрхангай сумын “Баавгай” нэртэй XV-018 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээж, XV-01, XV-018 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 4 дэх жилээс эхлэн тооцож өгөхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Уг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчийн ямар үйлдэл, эс үйлдэхүй, тодруулбал, ямар захиргааны акт, захирамжилсан шийдвэр, үйл ажиллагааг хууль бус гэж хүчингүй болгуулахаар маргаж байгаа, шүүхээс ямар шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй байтал үүнийг анхан шатны шүүхээс тодруулалгүйгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасныг баримтлан “хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээж, тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 4 дэх жилээс эхлэн тооцож өгөхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанаас үзэхэд нэхэмжлэгч “Э” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хэд хэдэн удаа хүсэлт, гомдол гаргаж түүний хариуг хариуцагч байгууллагаас өгч байсан талаар дурдсан, энэ талаар баримтууд хэрэгт  авагдсан боловч эдгээр хариуцагчийн хэд хэдэн шийдвэр, үйл ажиллагаанаас ямар үйл ажиллагааг /хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан /-ыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь нэхэмжлэл, түүний шаардлагад тодорхойлон заагаагүй.

Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 361[1], 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 488[2] дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрүүд, нэхэмжлэгч компаниас 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01/18-10 дугаар албан бичгээр[3] “тусгай зөвшөөрлийн сунгалтын шийдвэрийг Увс аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гартал түр хугацаанд түдгэлзүүлж өгнө үү” гэсэн албан бичигтэй холбогдуулан хариуцагчийн эс үйлдэхүй, мөн нэхэмжлэгч компаниас 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/20-01 дүгээр албан бичгээр гаргасан хүсэлтийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн  8/371 дүгээр албан бичгээр шийдвэрлэхээс татгалзсан үйл ажиллагаа зэргийн аль шийдвэр, үйл ажиллагааг  хууль бус гэж нэхэмжлэгч компаниас үзэж байгаа талаар тодорхойлон нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ тусгайлан дурдаагүй.

Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тусгай зөвшөөрлүүдийн эрхийг хүчингүй болгосон ямар шийдвэр, үйл ажиллагаа байгаа, түүнийг ямар үндэслэлээр хууль бус шийдвэр, үйл ажиллагаа гэж үзэж байгааг нэхэмжлэгчээс тодруулан түүний хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй атлаа шүүхийн шийдвэрээр “...тусгай зөвшөөрлүүдийг эрхийг сэргээж” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Дээрхээс гадна, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 6687 дугаар захирамжаар[4] шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 10.00 цагт товлосон боловч уг товлогдсон өдөр шүүх хуралдааныг хийсэн эсхүл, хойшлуулсан эсэхтэй холбоотой шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй, харин 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар[5] шүүх хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 11.00 цагт товлогдсон гэж шүүгчийн туслахаас талуудад мэдэгдсэн, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 11.00 цагт шүүх хуралдааныг товлох ажиллагааг шүүгч захирамж гарган шийдвэрлэсэн эсэх нь мөн тодорхойгүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил буюу анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7, 111 дүгээр зүйлийн 111.1-д  заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй явагдах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч удирдан явуулах, шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, тогтоол гаргах зэрэг хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

 Дээрхээс дүгнэхэд, анхан шатны шүүхээс нэхэмжлэгч “Э” ХХК-иас хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ямар үйл ажиллагаа, шийдвэрийг хууль бус гэж маргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгах шаардлагатай бөгөөд эдгээр зөрчлөөс шалтгаалж давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, маргаан бүхий акт, анхан шатны шүүхийн шийдвэр, хариуцагчийн давж заалдах гомдлын үндэслэл зэрэгт дүгнэлт өгөх хууль зүйн үндэслэлгүй тул хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 578 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                             А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 124 дэх тал

[2] Хэргийн 142 дахь тал

[3] Хэргийн 136 дахь тал

[4] Хэргийн 171 дэх тал

[5] Хэргийн 177 дахь тал