Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 888

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Иөншөнбүү овогт Чулуунбаатарын Ч.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811031010030 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ИНЕГ-ын харъяа Нисэх буудалын удирдах газар мэргэжилтэн хийдэг, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо дүүргийн 13 дугаар гудамжны 538 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Огтор Иөншөнбүү овогт Чулуунбаатарын Ч.Г /РД: ЦЖ87112072/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Ч.Г нь хууль сахиулагчаар ажиллаж байхдаа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Г нь 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөгчөөр буюу хууль сахиулагчаар ажиллаж байхдаа эрүүгийн 201701000032 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа гэрч Л.Ууганбаатарыг байцаасан тэмдэглэлийг зориуд хуурамчаар үйлдсэн гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар /хх-ийн 231-233х/ өгсөн мэдүүлгүүд,

гэрч Л.Ууганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Ганбаатар гэх хүнийг танихгүй. Би өмнө харж байгаагүй хүн байна лээ. Шүүх хурал дээр л харсан. Д.Цэдэндоржийг бас танихгүй. Мөн л шүүх хурал дээр л харсан. Ганбаатар гэгчийг би танихгүй. Тэнд би 2-3 жил тээвэр хийж байна тэгэхэд тааралдаагүй. Би 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр архи ууж байгаад хүнтэй маргалдаад зодуулсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эхнэр хилээр араас гарч ирээд бид хоёр Мэн Юань гэх буудлын 8321 гэх өрөөнд орсон. ... А.Ариунболд байцаагчийн авсан мэдүүлэгт зурсан гарын үсэг бол миний гарын үсэг мөн. ... Би Ч.Г гэх байцаагчид огт мэдүүлэг өгөөгүй. Уг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр миний өгсөн гэх мэдүүлэг зурсан гарын үсэг минийх гарын үсэг биш байна. Мөн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр би Монгол улсад байгаагүй Хятадад байсан. Би Мөрдөн байцаах газар огт очиж үзээгүй. Би энэ хэрэгтэй холбоотойгоор Цагаан хадан дээр нэг л удаа мэдүүлэг өгсөн. Тэгээд байж байгаад шүүх хурал боллоо гээд дуудагдаад хурал дээр мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 199-202х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээч цагдаагийн ахмад Д.Энхбаярын 6072 тоот "...Шинжилгээнд ирүүлсэн "Эрүүгийн хавтас 201701000032" дугаартай хавтаст хэргийн 213-214 дугаар талд авагдсан баримтын "Гэрчийн гарын үсэг, байцаалт өгсөн цаасны доод хэсэгт байх шинжилж буй гарын үсгүүд нь Л.Ууганбаатарын гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт туршилтын загваруудтай тохирохгүй байна. ...213-214 дүгээр талд авагдсан баримтын байцаалт авсан гэсний ард байх шинжилж буй гарын үсэг нь Ч.Гийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт загваруудтай тохирч байна..." дүгнэлт /хх-ийн 175-185х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шинжээч цагдаагийн ахмад Б.Галбадрахын 6727 тоот "...2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн гэрчийг байцаасан тэмдэглэлийн 1-р хуудасны гэрчийн гарын үсэг гэсний ар талд, Худал мэдүүлэг гэсний доод талд зурагдсан шинжилж буй гарын үсгүүд, 2-р хуудасны байцаалт өгсөн гэсний ар талд зурагдсан шинжилж буй гарын үсгийг нэг хүн зурсан байна..." дүгнэлт /хх-ийн 190-198х/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 945 тоот 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн захирамж /хх-ийн 09-15х/, Хил хамгаалах Ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2-5/12742 дугаартай Л.Ууганбаатарын 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи Монгол улсын хилээр орсон гарсан талаарх лавлагаа /хх-ийн 61-63х/, Эрүүгийн 201701000032 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 102-167х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

            Иймд шүүгдэгч Ч.Гийг  2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөгчөөр буюу хууль сахиулагчаар ажиллаж байхдаа эрүүгийн 201701000032 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа гэрч Л.Ууганбаатарыг байцаасан тэмдэглэлийг зориуд хуурамчаар үйлдсэн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч Ч.Г дээрхи хэргийг 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед буюу 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр үйлдсэн байх ба 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай 253 дугаар зүйлийн 253.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын төрөл, эрх хасах нэмэгдэл ял зэргээр 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд оногдуулах ялаас илүү байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж мөн хуулийн тусгай ангид заасан 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж шүүх үзэв.   

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Ч.Гийн эрүүгийн хэрэгт хуурамчаар үйлдсэн гэрчийн мэдүүлгийн тэмдэглэл нь тус хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт биш гэж маргасан болно.

            Аливаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэгт ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан баримт мэдээллийг нотлох баримт гэнэ. Мөн Ч.Гийн Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа эрүүгийн 201701000032 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа гэрч Л.Ууганбаатарыг байцаасан тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар эрүүгийн 201701000032 дугаартай хэргийг хянан шийдвэрлээд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан  №945 дугаартай шүүгчийн захирамжийн гол үндэслэл болсон байна. Иймээс Ч.Гийг хууль сахиулагчаар ажиллаж байхдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзнэ.

             

            Шүүгдэгч Ч.Гт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал, түүний орлого олох боломж зэргийг харгалзан үзэж 7000 нэгжээр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Огтор Иөншөнбүү овогт Чулуунбаатарын Ч.Гийг хууль сахиулагчаар ажиллаж байхдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Гийг 7000 /долоон мянга/ нэгж буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Гт оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Ч.Гийг торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ