Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 889

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Г.Анармөнх,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Амар,

нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Буянгууд овогт Баянжаргалын Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911023611008 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, Арвижих цайны газарт тогооч ажилтай, ам бүл-3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай боловч одоо Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд нийтийн байранд түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар 3 жил 6 cap хорих, 2009 оны 01 дүгээр сарын 13-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар 2 жил хорих, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас 2 жилийг нэмж нийт 4 жил хорих ял шийтгүүлж 2009 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Өршөөл үзүүлэх хуулиар өршөөгдсөн, 2014 оны 3 дугаар сарын 17-нд Сум дундын 10 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 8 жил 1 хоног хорих ял шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дахин Өршөөл үзүүлэх хуулиар өршөөгдсөн, 2017 оны 3 дугаар сарын 27-нд Төв аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жил 5 cap хорих ял шийтгүүлж 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Буянгууд овогт Баянжаргалын Б.Б /РД: ЖА87030371/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 06 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 6 дугаар гудамжны 98 тоотод байрлах нийтийн байранд хамтран амьдрагч хохирогч С.Мартыг тодорхой шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохих, боох зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгчийн Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ажил дээр байхад Март намайг угаагч хийж байсан охинтой хардаж тэрийгээ дагаад явах гээд байна уу гэхээр нь би тийм хүн биш гэж хэлснээс маргаан үүсч намайг хөөхөөр нь гартаа байсан утсаа түүн рүү шидтэл баруун гарын нь булчинг оноод хөхрүүлчихсэн юм... 2019 оны 9 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 01:00 цагт Март залгаад юу хийж байна гэхээр нь гэртээ байна гэхэд охинтойгоо ярь гээд утсаа өгчихсөн. Би Нандин-Эрдэнэтэй ярихад ааваа та хүрээд ирээч гээд байсан би ээж нь уурлана очихгүй гэхэд ээж уурлахгүй гээд дуудсан. Дараа нь Март өөрөө байн байн залгаад дуудаад байхаар нь за за муудалцахаа больё гэж бодсон юм болов уу гээд очихоор гараад явж байтал 4 пиво аваад ирээч гэж захьсан.Тэгэхээр нь би замаасаа 4 шил пиво, шоколад, 2 ундаа аваад ороход Март орон дээрээ хэвтчихсэн толгойн дээрээ шилтэй тал шил архи тавьчихсан хэвтэж байсан. Тэгээд пиво ууж байснаа намайг хөөж туугаад эхэлсэн. Тэгээд гарах гэтэл битгий маяглаад бай, буцаад орондоо ор гэхээр нь буцаж орондоо ороод түүний дээр хөлөө тавьчихсан чинь хөл авч шидсэнээ одоо зайл гээд унасан. Тэгэхээр нь чимээгүй унт л даа гээд дээр нь дарахад орилоод хашгираад босоод ирэхээр нь нүүрлүү нь 1 удаа алгадсан. Улам хашгираад байхаар нь 2 дахь удаагаа алгадахад чарлаад дайраад байснаа 3 дахь удаа алгадахад чимээгүй болоод орон дээрээ суухаар нь чи архи дарс уухаараа их муухай зантай болох юм, ямар ч хүн тэвчихийн арга алга гээд гараад явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 30-31х/,

хохирогч С.Мартын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 12 сард Б.Б надруу мессеж бичиж утсаар ярьдаг байсан.Тэгээд нэг хэсэг ор сураггүй алга болоод 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гэнэт надруу утсаар яриад чамтай харьцаж байсан Б.Б байна уулзах гэсэн юм Баянбүрдийн колонк дээр байна гэхээр нь яваад очтол ганцаараа зогсож байсан.Тэгээд шууд манай гэрт ирээд хоносон ба маргааш өдөр нь явах юм болов уу гэтэл явалгүй 21 хоног манай гэрт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд Б.Быг өөрийнхөө ажилладаг Арвижих нэртэй цайны газарт бэлтгэгчээр ажилд оруулж өгсөн. Цалин мөнгөө өөрөө авдаг байсан ба надад нэг удаа 390.000 төгрөг өгч байсан. 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Б.Б бид хоёр ажил дээр маргалдахад гар утас авч надруу шидсэнээс баруун гарын булчин хэсэг хөхөрсөн, зүүн чихрүү гараараа 1 удаа цохисноос чихний дэлбээ хэсэг мөн хөхөрсөн, үснээс зулгааж зодсон. Үүнээс хойш би Б.Бт одоо салъя, таарч тохирохгүй юм байна гээд гэрээсээ явуулсан. Гэтэл өчигдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 16:00 цагийн үед манай найз Анхцэцэг манайд ирээд бид хоёр 0,5 граммын архи хувааж уугаад 18:00 цагийн үед Анхцэцэг явсан. Орой 23:00 цагийн үед манай охин Нандин-Эрдэнэ аавыг дуудаад өг гэхээр нь өөрөө залгаад ярьчих гээд Б.Бтай утсаар яриулсан. Удалгүй Б.Б 4 ширхэг пиво нэг шоколад ,печенье, ундаа барьчихсан гэрт ирсэн ба би 2 шил пивыг нь уугаад унтаад өгсөн. Намайг унтахаас өмнө Б.Б 1 шил пиво аяганд хийчихсэн ууж байсан.Тэгсэн шөнө бид хоёр унтаж байгаад 04:00 цагийн үед сэрэхэд гэнэт юунаас болж уурласныг мэдэхгүй шууд миний хамар, нүд, чихрүү гараараа хэд хэдэн удаа цохиод хоолой багалзуурдаж, охин Нандин-Эрдэнийг дуугай унт гээд намайг битгий орилоод бай гэж аман дээр дарсан. Миний хамарнаас цус гарсан. Ингээд би 2-лаа хэрэлдээд яахав зүгээр манай гэрээс яв гээд гаргасан... надад 100.000 төгрөг өгсөн, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 08-09х/,

гэрч Б.Батгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 8 дугаар сарын дундуур санагдаж байна ажил дээр байхад Март Б.Бын утас руу угаагч утсаар залгалаа гэдэг асуудлаар түүнд уурлаж хоорондоо маргалдаад байсан ба гэр бүлийн асуудал надад хамаагүй, ажлаа хийцгээ гэж хэлээд байж байтал удалгүй хоорондоо ноцолдоод унахаар нь яваад очтол Б.Б Мартын үснээс зулгаачихсан Март доороос нь хөлөөрөө өшиглөөд цохиод байгаа харагдахаар нь юу болж байгаа юм больцгоо гээд салгасан, нэг их сүртэй юм болоогүй дууссан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 10569 дугаар С.Мартын биед зүүн зовхи, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, зулгаралт, хамрын нуруу зүүн чихний дэлбээнд цус хуралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдсон, дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Быг хувийн таарамжгүй харицааны улмаас хохирогч С.Мартын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Март нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн мэдүүлэг өгсөн нь хавтас хэрэгт авагдсан байх тул Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.Бт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Буянгууд овогт Баянжаргалын Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 500  /таван зуун/ нэгж буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Бт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

          

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ