| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0878/Э |
| Дугаар | 890 |
| Огноо | 2019-11-19 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Т.Мандахнаран |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 890
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Т.Мандахнаран,
шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг,
шүүгдэгч Ц.Э, Д.Т, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Энхтүвшин,
нарийн бичгийн даргаар Б.Номинзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Гансүхийн Г.М, Боржигон овогт Цэрэнгийн Ц.Э, Боржигон овогт Дуламрагчаагийн Д.Т нарт холбогдох 1902007130247 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 19-16 тоотод оршин суух хаягтай боловч, одоо Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 10-16 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 79 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 152/88 дугаартай захирамжаар 2 жилийг өршөөн хассан, мөн тус шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 04 cap 19 хоногийн ялаас хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Гансүхийн Г.М /РД- УК97010216/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 10А байрны 69 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цэрэнгийн Ц.Э /РД- УИ96060197/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МУБИС-ын 3 дугаар курсын оюутан, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2А хэсэг, 10-10 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Дуламрагчаагийн Д.Т /РД- УК97021610/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Г.М, Ц.Э, Д.Т нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.М, Ц.Э, Д.Т нар нь бүлэглэн, үйлдлээрээ санаатай нэгдэж, 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай "Өвс" гэх нэршилтэй 5420 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг "Өвөр гүнт" нэртэй газрын орчим “Тоёота Приус” маркийн 13-45 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт үйлдэл хийсэн болох нь
шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд,
шүүгдэгч Г.Мөнхтулгын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: "2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн үед Төв аймгийн Борнуур сум явахаар найз Д.Ттэй утсаар яриад Төв аймаг яваад хүнээс юм аваад ирье гэсэн чинь юу юм бэ гэхээр нь хэрэгтэй юм байгаа юм гэсэн чинь надад чи тэгүүл бензинээ хийчих тэгүүл яваад ирий гэхээр нь за гээд тохиролцоод бид 2 энэ өдөр 18 цаг өнгөрөөгөөд БЗД-н халдвартын автобусны буудал дээр уулзсан. Тухайн үед Д.Т цагаан өнгийн приус 10 машинтайгаа ирээд бид хоёр уулзсан тэгсэн чинь Д.Т би зам мэдэхгүй гэхээр нь би Ц.Э руу яриад хаана байна уулзий гэсэн чинь Ц.Э зуслан дээрээ буюу СБД-н Сэлх зуслангийн газарт гэртээ байна гэхээр нь за би одоо очлоо гэсэн чинь за гээд Д.Т бид хоёр 19 цаг өнгөрөөгөөд Ц.Эын зуслангийн газарт очсон. ..Төв аймгийн Борнуур сум руу явж байхдаа надад хүнээс авсан 2 ширхэг тамхины оронд хийсэн өвс байсан. Би 1 ширхэг тамхиа асаагаад татаж байхад Д.Т надаас тамхи байна уу гэхээр нь үлдсэн 1 ширхэг өвс хийсэн тамхиа өгсөн. Тэгээд тухайн үед энэ ямар сонин тамхи вэ татсан болохгүй гээд Ц.Э, Д.Т 2 хувааж тамхи татсан. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 01 цаг өнгөрөөгөөд Борнуурын гүүр гараад зогсоод зүүн тийш яваад тэнд би тэр хоёрыг үлдээчихээд өвс хайгаад олоод тэр өвсөө гараараа зулгаагаад уутанд замбараагүй хийгээд шууд ирээд Д.Тийг машиныхаа багажаа онгойлгохоор нь 6 тор ургамлыг машины ард хийгээд би машиныхаа урд талд жолоочийн хажуу талын суудалд суугаад тэгээд явий гэж хэлээд буцаад Улаанбаатар хот руу явж байхад Гүнтийн даваан дээр цагдаа шалгаад багажинд хийсэн байсан ургамлыг хараад бид нарыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн ..." гэх мэдүүлэг /хх-ийн 18-19х/,
шүүгдэгч Д.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: "...Гүнтийн даваагаар даваад явж байхад тухайн үед дэлгүүрээс тамхи авахаа мартсан байсан. ...Г.М тамхины хайрцагнаас 2 ширхэг тамхи гаргаж ирээд Ц.Э бид хоёрын дунд 1 ширхэг тамхи өгөөд бид нар уг тамхийг татсан. 2-3 цаг яваад Борнуур суманд очоод төвөөс нь цаашаагаа яваад голын эрэг дээр тулж очоод машинаа зогсоогоод унтраасан тэгээд Г.М цаашаагаа гол гараад ирий гээд явсан. ... Тухайн үед 1-2 цаг орчим удсан тэгээд Г.М нь буцаж ирээд намайг багажаа онгойлгож байгаараа би юм хийгээдхий гэж хэлсэн. Тухайн үед Г.М 2 гартаа ууттай юм барьж байсан. ..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-21х/,
гэрч Ш.Алтанбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би 2019 оны 8 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19-р хороонд байрлах "Өвөр гүнт" дэх цагдаагийн постонд үүрэг гүйцэтгэж хоносон. Тухайн өдөр буюу 8 дугаар сарын 12-ны өглөө 06 цагийн орчим 13-45 улсын дугаартай Тоёото Приус-10 маркийн цагаан өнгийн автомашиныг шалгасан. Тэр үед Д.Т гэх залуу нь жолоо бариад явж байсан ба машины багаажийг нээж үзэхэд 6 уут ургамал гарч ирсэн. Тэгэхээр нь би ямар учиртай ургамал вэ гэж асуутал тэр 3 залуу эмийн ургамал байгаа юм гэж хариулсан. Тэгэхээр нь сэжигтэй санагдаад жижүүрийн бүрэлдэхүүн дуудаад шалгуулсан. ..." гэх мэдүүлэг /хх-ийн 28х/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн "... Тээврийн хэрэгсэл нь 13-45 УНТ улсын дугаартай цагаан өнгийн Тоёато приус-11 нэртэй тээврийн хэрэгсэл байх ба ... уг машины багаж хэсэгт үзлэг хийхэд цагаан өнгийн зургаан уут, уутыг ногоон өнгийн ургамлаар дүүргэсэн байв." гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 4-7х/,
Д.Т, Ц.Э, Г.М нарын биеээс биологийн дээж авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг ашиглан шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 11-13х/,
Шинжээчийн 4549 дугаартай "Шинжилгээнд ирүүлсэн 1-6 хүртэл дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн нойтон ургамал мэт зүйлүүдэд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-н 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн "1 Г.М УК97010216" гэж хаягласан хуванцар савтай шээс, "2 Д.Т УК97021610" гэж дугаарласан хуванцар савтай шээс, "3 Ц.Э УИ96060197" гэж хаягласан хуванцар савтай шээс тетрагидорканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-н 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно." гэх дүгнэлт /хх-ийн 29-33х/,
эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14х/, болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Г.М, Ц.Э, Д.Т нар нь бүлэглэн үйлдлээрээ санаатай нэгдэг Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэж, улмаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг "Өвөр гүнт" нэртэй газрын орчим “Тоёота Приус” маркийн 13-45 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан тус тус гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Мд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрг үйлдэхийг анх санаачилан, уриалж гардан гүйцэтгэсэн зэрэг гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд ял шийтгэгдэж байсан болох хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж шүүх ял оноохдоо ялгамжтай хэмжээгээр хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ц.Э, Д.Т нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээг тус тус оногдуулж, нээлттэй хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа 1 гэж дугаарласан 663,4 грамм, 2 гэж дугаарласан 630,8 грамм, 3 гэж дугаарласан 607,8 грамм, 4 гэж дугаарлсан 792,1 грамм, 5 гэж дугаарласан 406,9 грамм, 6 гэж дугаарласан 516,4 грамм "уутны хамт" хориглосон сэтгэцэд нөлөөлөх ургамлуудыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Гансүхийн Г.М, Боржигон овогт Цэрэнгийн Ц.Э, Боржигон овогт Дуламрагчаагийн Д.Т нарыг бүлэглэн, үйлдлээрээ санаатай нэгдэж, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял, шүүгдэгч Ц.Эд 1 /нэг/ жил хорих ял, шүүгдэгч Д.Тт 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Г.М, Ц.Э, Д.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.М, Ц.Э, Д.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Г.М, Ц.Э, Д.Т нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа 1 гэж дугаарласан 663,4 грамм, 2 гэж дугаарласан 630,8 грамм, 3 гэж дугаарласан 607,8 грамм, 4 гэж дугаарлсан 792,1 грамм, 5 гэж дугаарласан 406,9 грамм, 6 гэж дугаарласан 516,4 грамм "уутны хамт" ургамлуудыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.М, Ц.Э, Д.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ