| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 101/2015/11861/И |
| Дугаар | 183/ШШ2016/00194 |
| Огноо | 2016-07-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2016/00194
| 2016 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 183/ШШ2016/00194 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******-д холбогдох
Зээлийн болон ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 65,320,320 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 18,630,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , түүний өмгөөлөгч , хариуцагч , түүний өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч , түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
миний бие 2013 оны 03 дугаар сарын 04-нд Япон улс руу тай автогрейдер худалдан авахаар хамт явсан. Тэнд очоод надад сэтгэлд таарах автогрейдэр олоогүй тул өөр жижиг машин авсан. Японд байхад “машин болоод сэлбэг авахад мөнгө дутаад байна, Эргэж очоод өгье” гээд надаас 738,000 иен зээлсэн. өөрийн гараар 738,000 иен өгнө гэж баримт өгсөн. Дараа нь Улаанбаатар хотод ирээд 2013 оны 03 дугаар сарын 15-нд “Та манай ажил руу хүрээд ир. Дуудлага худалдаанаас танд автогрейдер авч өгье” гэсэн. Ингээд би очиж дуудлага худалдаанаас Мицубиши MG-500 маркийн автогрейдэрийг 4,500,000 иенээр, өөрийн 2 найзын хамт Хитачи EX-1100 маркийн Эксковаторыг 6,500,000 иенээр тус тус худалдан авсан. Би өөрийн худалдаж авсан автогрейдерийн үнийг Хас банкаар дамжуулан төлсөн. Үүнээс хэд хоногийн дараа намайг дахин дуудаж, “нөгөө хоёр найз нь түүнтэй хамтран эксковатор худалдан авахаа больсон тул хөрөнгө оруулаач. Эксковаторыг авчирч зараад ашгаа хувааж авья” гэж гуйсан. Би түүнд итгэж 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр түүний нэр дээрх Хаан банкин дахь гадаад валютын дансаар 740,000 иен, төгрөгийн дансаар 39,000,0000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. 2013 оны 04 дүгээр сарын 25-нд худалдан авсан автогрейдер, эксковатор хоёр Замын-Үүдийн боомтоор ирсэн. надаас автогрейдерийн тээврийн зардалд 5,000 ам.доллар буюу 8,000,0000 төгрөг төлнө гээд дахин мөнгө авсан. Төлсөн тухай баримтыг надад авчирч өгсөн. Би өөрийн авсан авторгейдерийн татварын мөнгийг төлөх гэтэл мөнгө дутсан тул аас 4,000,000 төгрөгийг буцаан авсан. Харин т худалдан авсан эксковаторынхаа тээврийн зардал, татварыг төлөх мөнгө дутсан тул айлын хашаанд буулгаж үлдээсэн. хамтран ажиллая гэж надаас мөнгө зээлсэн хэрнээ надад хэлэлгүйгээр эксковаторыг 2 жил гаран түрээсээр ажиллуулсан байсан. Үүнийг мэдээд түүнд хэлэхэд “тэр чинь хог болоод айлын хашаанд хэвтэж байгаа. Тэгээд ч надад хамаагүй болсон. Ахтай уулз” гэсэн. Би ах Анхбаяртай нь уулзахад “таныг мөнгө оруулсан гэдгийг яаж мэдэх юм бэ?, тай өөртэй нь учраа ол” гэсэн. Сүүлдээ зээлсэн мөнгөө авья гэхээр өгнө гэсээр өнөөг хүрсэн.
Мөн 2013 оны 11 дүгээр сард нь “н дээр зам засварын ажил байна. Та өөрийн эксковатороо аваад ажиллаж өгөөч. Сарын хөлс 15,000,000 төгрөг, ирж очих тээврийн зардлыг би төлнө.” гэхээр нь зөвшөөрч өөрийн ачигч эксковатороор нэг сар гаруй зам тэгшлэх, шороо ачих ажил хийсэн. Ажлаа хийж дуусаад буцах гэтэл шатахууны зардал ч өгөөгүй, хаяад явсан. Ингээд өөрийн зардлаар шатахуун хийж ирсэн. тай буцаж ирээд уулзахад анх амласан 15,000,000 төгрөгөө ч өгөхгүй 10,000,000 төгрөг өгье. Үүнээс миний авсан тооцоонуудыг хасаад үлдэгдэл 7,195,000 төгрөг өгнө гэж надад баталгаа хийж өгсөн ч мөн л өгөөгүй байна.
Иймд 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өгсөн 738,000 иен, 2013 оны 03 дугаар сарын 19-нд өгсөн 740,000 иен , мөн өдөр өгсөн 39,000,000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сард эксковатороор ажиллуулсан хөлс 7,195,000 төгрөгнөөс автогрейдерийн гаалын татварын 4,000,000 төгрөгийг хасч нийт 65,843,000 төгрөгийг аас гаргуулж өгнө үү.
Тухайн үеийн монгол банкны албан ханшаар тооцвол 738,000 иен нь 11,173,320 төгрөг, 740,000 иен нь 10,952,000 төгрөг, нийт нэхэмжлэлийн шаардлага 65,320,320 төгрөг болж байх тул нэхэмжлэлийн шаардлагаа энэ хэмжээгээр багасгаж байна.
Би өөрийн худалдан авсан автогрейдерийн тээврийн зардалыг бүхэлд нь өөрөө төлсөн. өөрөө надад Ландбриджээр авчруулсан зардал 5,000 ам доллар болсон гээд баримт авчирч өгч байсан. Түүнчлэн оруулж ирсэн эксковатор одоо болтол т байгаа, өөрөө худалдан авсан тул би хадгалалтын зардал төлөх ёсгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие автомашины бизнес эрхэлдэг бөгөөд анх 2012 оны 1 дүгээр сард Японоос Кобелко брэндийн эксковаторыг захиалж авчруулж байсан. Дараа нь 2013 оны 2 дугаар сард дахин манай ажил дээр ирж уулзан “Намайг Япон улс руу дагуулаад яваач. Тэндээс эксковатор болон зам тэгшлэгч авах шаардлагатай байна” гэж гуйхаар нь хамт явсан. Тэнд очоод түүний сэтгэлд нийцэх техник олдоогүй тул уг мөнгөөрөө суудлын болон ачааны автомашин худалдан аваад буцсан. Японд байхад би түүнээс огт мөнгө зээлээгүй. Монголд буцаж ирээд байтал Японы ”Тозай” компанийн интернэт дуудлага худалдаанд хандах миний эрхийг ашиглан нь автогрейдэр болон эксковатор худалдан авсан. Хэд хоногийн дараа худалдан авсан техникүүдийн үнийг шилжүүлэх тухай мэдэгдэл ирж, д энэ тухай хэлэхэд “Ах нь мөнгө муутай байна” гээд урьдчилгаа болгож эксковаторын худалдан авсан үнийн 50 хувийг надад шилжүүлж, үлдэх мөнгийг Монголд ирэхээр өгөхөөр амаар тохиролцсон.
Мицубиши MG-500 маркийн автогрейдэр, Хитачи EX-1100 маркийн Эксковатор Замын-Үүд боомтоор 2013 оны 04 дүгээр сарын 28-нд ирэхэд бид хамт очсон. Би д “Эксковаторын үлдсэн төлбөрийг төлөөд ав” гэхэд мөнгө байхгүй байна гэсэн тул арга буюу би өөрөөсөө гаалын татварт 15,948,535 төгрөгийг төлж оруулж ирсэн. Ингээд тээвэрлэлтийн зардлыг нь төлөх мөнгөгүй болсон тул тээвэр зуучын “Ландбридж” ХХК-д барьцаанд үлдээгээд буцсан. Тухайн үед нь мөнгөгүй байсан тул автогрейдерийн тээвэрлэлтийн хөлс 15,130,000 төгрөг, эксковаторын тээвэрлэлтийн зардал 57,658,000 төгрөгийг би бүгдийг төлсөн.
нь эксковаторыг худалдах худалдан авахаар харилцан тохиролцон надаар дуудлага худалдаанаас захиалж авчруулсан ч өнөөг хүртэл үлдэх төлбөрийг төлөөгүй байна. Би гаас мөнгө зээлдэх талаар тохиролцсон зүйл байхгүй, харин надаас өөрөө эксковатор худалдан авахаар тохирсон байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Түүнчлэн нь өөрийн худалдан авсан автогрейдерийг Япон улсын Тозай компаниас Японы боомт хүртэлх тээвэрлэсэн тээврийн зардал 65,000 иен буюу 1,000,000 төгрөг, Япон улсаас Монгол Улсад тээвэрлэн ирсэн зардал 15,130,000 төгрөг, мөн эксковаторыг бусдад хадгалуулсны хөлс 2,500,000 төгрөг нийт 18.630,000 төгрөгийг төлөөгүй байх тул түүнээс гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь т холбогдуулан 65,320,320 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч 18,630,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргав.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
нь т 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 39,000,000 төгрөг, мөн өдөр 740,000 иен шилжүүлсэн /хх5,6/ үйл баримтад талууд маргаагүй байна.
Нэхэмжлэгч нь т дээрх мөнгийг зээлдүүлсэн гэж, харин хариуцагч нь тай худалдах худалдан авах гэрээг амаар байгуулсан, “эксковаторын үнийн зарим хэсгийг төлсөн мөнгө” гэж маргах боловч худалдсан гэх уг эксковаторыг нэхэмжлэгч гийн өмчлөлд өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй, түүнчлэн “эксковаторыг тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгүүлээгүй, өөртөө хадгалж байгаа” гэх тайлбар, эксковаторын үлдэх үнийг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй зэрэг нөхцөл байдлуудаар талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулах хүсэлт зоригийн илэрхийлэл байгаагүй, гэрээ байгуулагдаагүй байна гэж дүгнэв.
Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282.4 дэх хэсэгт зааснаар “эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсан тооцох”-оор заасан тул зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэн, нэхэмжлэгч нь гэрээний үүргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Харин 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Япон улсад байхдаа т 738,000 иен зээлсэн гэх боловч нэхэмжлэгч түүнд мөнгийг шилжүүлсэн болохоо баримтаар нотлоогүй тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, “Эй Би Ди И” ХХК нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус аймгийн Улаан-Уул сумын өл тоомын давааны зам засварын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. /хх89-90/
Нэхэмжлэгч нь 2013 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Улаан-уул сумын өл тоомын давааны зам засварын ажилд оролцсон болох нь гэрч Ш.Батзориг, Б.Төмөрхуяг /хх107,108/ нарын мэдүүлгээр тогтоогдож байх боловч “Эй Би Ди И” ХХК-ийн ажилд туслан гүйцэтгэгчээр ажилласан ажлын хөлсөө иргэн аас нэхэмжилж буй нь үндэслэлгүй, иргэн болон “Эй Би Ди И” ХХК-ийн хооронд хамаарал тогтоогдохгүй, , нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7,196,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч нь уг зам засварын ажилд туслан гүйцэтгэгчээр ажилласан ажлын хөлсөө зохих журмын дагуу бүрдүүлэн захиалагч, ерөнхий гүйцэтгэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болно.
Иймд хариуцагч аас 740,000 иен, 39,000,000 төгрөг буюу нийт 49,952,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 15,368,320 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч гийн худалдан авсан Мицубиши MG-500 маркийн автогрейдэрийг Япон улс дотор тээвэрлэсэн тээврийн зардалд 65,000 иен буюу 1,000,000 төгрөгийг хариуцагч төлсөн гэх боловч хавтаст хэргийн 32 дугаар талд авагдсан нотлох баримт нь уншигдах боломжгүй баримт байх тул шүүх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй гэж үзэж үнэлэх боломжгүй байна гэж дүгнэв. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлосон баримтыг хуульд заасан шаардлага хангуулан гаргаж өгөх боломжтой байсан байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгов.
Хитачи EX-1100 маркийн эксковатор хариуцагч ын өөрийн эзэмшил ашиглалтад байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул бусдад хадгалуулсны хөлс 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгч гаас гаргуулах үндэслэлгүй байна.
Харин нэхэмжлэгч өөрийн худалдан авсан автогрейдерийн Япон Улсаас Монгол Улсад тээвэрлэн ирсэн тээврийн зардалд 5,000 ам доллар төлсөн /хх45/ гэх боловч уг баримтын мөнгөн дүн хэсэгт “хорин таван мянга” гэж, нэгжийн үнэ “таван мянга” гэж зөрүүтэй тусгагдсанаас гадна төлбөрийн нэхэмжлэх байх тул нэхэмжлэгч тээврийн хөлсийг төлсөн гэдгээ нотлоогүй байна гэж үзэв. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар “Ландбридж” ХХК-иас гаргуулсан лавлагаагаар /хх102/ автогрейдерийн тээврийн зардалд 15,130,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Хариуцагч нь талуудын хооронд үүрэг үүсээгүй байхад бусдын өмнөөс үүргийг гүйцэтгэсэн байх тул Иргэний хуулийн 496.1-д зааснаар нэхэмжлэх эрхтэй байна.
Иймд нэхэмжлэгч гаас 15,130,000 төгрөг гаргуулж хариуцагч т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч аас 49,952,000 /дөчин есөн сая есөн зуун тавин хоёр мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,368,320 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гаас 15,130,000 /арван таван сая нэг зуун гучин мянган/ төгрөгийг гаргуулж хариуцагч т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 487,170 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 407,710 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 233,600 төгрөг, гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.
4.“Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” тус шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШЗ2016/02928 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ