Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 898

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч О.Г,

нарийн бичгийн дарга Б.Номинзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Оюунцэцэгийн О.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911017271151 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаанчин мэргэжилтэй, "Их хайрхан" ХХК-д мужаан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-724 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн Шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 397 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Сүхбаатар дүүргийн Шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 283 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 702.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Боржигон овогт Оюунцэцэгийн О.Г /РД: ХЕ87022818/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч О.Г нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн 39-565 тоотод хохирогч М.Нямдаваатай эгчийг загналаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар шалан дээр хоёр удаа түлхэж унагаан эрүүл мэндэд нь баруун сарвууны ядам хурууны 2 дугаар шивнүүрийн далд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч О.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар

өгсөн: "2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр би эгч Гачимэгийн гэрт нь ирчихээд зурагт үзээд сууж байтал гаднаас зүс таних Нямдаваа гэх эмэгтэй нэг найзынхаа хамтаар орж ирсэн ба нэг шил архи гаргаж ирсэн. Архийг эгч Ганчимэг, нөхөр нь, Нямдаваа, Бат-Өлзий гэх Ганчимэгийн ах тэгээд би байсан. Нэг шил архиа ууж дуусчихаад байж байтал Нямдаваатай хамт орж ирсэн найз хүүхэд эргэж гараад нэг шил 0,75 граммын архи авч ирсэн. Бид нар мөн архиа хувааж уучихаад би зурагт үзээд сууж байтал Нямдаваа манай эгч Ганчимэг рүү агсараад архиа боль гээд байхаар нь би Нямдаваа дээр очоод чи өөрөө харанхуй шөнө айлд архи авч ирчихээд яагаад орилоод байгаа юм гэж хэлэхэд миний өмнөөс асаад дайраад байхаар нь би Нямдавааг түхсэн ба Нямдаваа арагшаа уначихсан юм. Нямдаваа босоод гэрээс гарсан ба би ардаас нь гараад уучлал гуйтал би шүүх эмнэлэгийн цагдаа чамайг хачин болгоноо гэж хэлтэл манай эгч Ганчимэг гарч ирээд яв гэж хэлэхээр нь явах гэтэл Нямдаваа миний фудволкноос зуураад бариад байхаар нь би түлхээд хашаа даваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29х/,

хохирогч М.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн орой 22 цагийн орчимд найз Ганчимэгийн гэрт нь нэг шил архи аваад очсон. Тэгтэл нөхөр нь хамаатных нь дүү нь 3 хүүхдийн хамтаар байсан ба Ганчимэгийн нөхөр, хамаатных нь дүү /О.Г/ 2 архи уусан байсан би Ганчимэгтэй нөхрийгөө дагаж архи уухаа боль гээд юм яриад байж байтал Ганбаа гэх залуу чи миний эгчийг дээрлэхлээ гээд надруу дайраад байхаар нь би тэр залууд хандаад чи буруу ойлгоод байна би дээрэлхээгүй зөвлөгөө өгч байна гэж хэлтэл миний 2 гарнаас барьж байгаад түлхэж унагаасан ба намайг босоод ирэхэд дахин миний цээж хэсэгрүү түлхэж унагаасан ба би босч ирээд цагдааруу залгаад гадаа зогсож байтал ардаас гараад ирсэн. Удалгүй цагдаа залгаад цагдаатай ярьж байтал минии хажууд зогсож байгаад явах гэхээр нь би фудволкноос нт таттал эргэж чхараад миний гарыг мушигаад хашаа даваад зугтаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15х/,

гэрч Б.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...би найз Нямдаваатай юм яриад сууж байтал манай дүү О.Г манай эгчийг загнаад байгаа юм уу яагаад байгаа юмг ээд уурлаад Нямдавааруу дайрсан ба Нямдавааг түлхээд газар шалан дээр унагаасан ба нэг билүү хоёр билүү унагаасан сайн санахгүй байна. Тэгээд манай дүү гараад явчихсан байсан тэгээд байхгүй болчихсон. Тэгээд манай найз Нямдаваа танай дүү чинь зугтаачихлаа гээд Нямдаваа яваад өгсөн ... цохиж зодсон зүйл бол байхгүй нэг билүү хоёр удаа түлхээд гэрийн шалан дээр унагаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7513 дугаар дүгнэлт: М.Нямдаваагийн биед баруун сарвууны ядам хурууны 2 дугаар шивнүүрийн далд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 22х/,

Шинжээч эмч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Хувцаснаас зууралдах үед үүсэх боломжгүй харин унах үед хуруугаараа газарт тулж унасан тохиолдолд үүсэх боломжтой тохойн цус хуралт гэмтэл нь мөн унах үед үүсэх боломжтой..." гэх мэдүүлэг /хх-ийн 23х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч О.Гыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч О.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Боржигон овогт Оюунцэцэгийн О.Гыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Гыг 550 нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар О.Гыг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ