| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0883/Э |
| Дугаар | 909 |
| Огноо | 2019-11-28 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 909
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Б.Намуун,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунгэрэл,
шүүгдэгч Н.Э
нарийн бичгийн дарга Б.Номинзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нацагдоржийн Н.Эод холбогдох эрүүгийн 1903010130450 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнхаан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд жолооч ажилтай, ам бүл 1, Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюуш 6-225 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нацагдоржийн Н.Э /РД: РХ72060214/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Н.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 8 дугаар сарын 26-ны 10 цаг 43 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Улаанбаатар" их дэлгүүрийн хойд замд "Хюндай соната-7" маркийн, 11-15 УБР улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэснийг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан хохирогч Ц.Энхцэцэгийг мөргөж, түүний биед ахар сүүлний 4 дүгээр нугалмын мултрал, тархи доргилт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
шүүгдэгч Н.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: "...би 2019 оны 8 дугаар сарын 26-ны 10 цаг 43 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо "Улаанбаатар" их дэлгүүрийн хойд замд өөрийн байгууллагын "Хюндай соната-7" маркийн, 11-15 УБР улсын дугаартай автомашиныг жолоодон явахад явган хүний гарц дээр хойноос урагш чиглэлд явган зорчигч гарч байсан, тэгээд зогсоод өгөхөөр нь урагш явтал зогсож өгсөн хүний цаагуур нэг эмэгтэй гарч ирээд миний автомашины баруун крыло хэсэг рүү ширгүүлээд газарт унасан" гэх мэдүүлэг /хх-ийн 29х/,
хохирогч Ц.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...би 2019 оны 8 дугаар сарын 26-ны 10 цаг 43 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо "Улаанбаатар" их дэлгүүрийн хойд замд явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй гарч явтал зүүн гар талаас нэг автомашин ирээд мөргөж, газарт унагаасан" гэх мэдүүлэг /хх-ийн 14-15х/,
гэрч Л.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 8 дугаар сарын 26-ны 10 цаг 43 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо "Улаанбаатар" их дэлгүүрийн хойд замд явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлд явтал 1, 2 дугаар эгнээний машин зогсож өгсөн, тэгтэл 3 дугаар эгнээнд явж байсан "Хюндай соната-7" маркийн, 11-15 УБР улсын дугаартай автомашин явган хүнд зам тавьж өгөхгүй шууд тулаад ирсэн, тэгээд би гарц дээр зогстол миний хажууд явсан эмэгтэйг уг машин явган хүний гарц дээр мөргөөд унагасан" гэх мэдүүлэг /хх-ийн 31-32х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 10409 дугаартай "Ц.Энхцэцэгийн биед ахар сүүлний 4 дүгээр нугалмын мултрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 37х/,
мөрдөгчөөөс 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Н.Э нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж явган зорчигч хохирогч Ц.Энхцэцэгийг мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ц.Энхцэцэгийн энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд нэхэмжилсэн үнийн дүнгээс хавтас хэрэгт баримтаар авагдсан нийт 367.602 төгрөгийг Н.Эоос гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байх ба шүүгдэгчийн өөринх нь санал, орлого олох боломж зэргийг харгалзан үзэж хохиролыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.
Харин хохирогч Н.Энхцэцэг нь хавтас хэрэгт баримтгүй нэхэмжилсэн хохирол, цаашид гарах эмчилгээний зардал зэргийг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвжрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй гэж үзэв.
Н.Эод ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын хэмжээ, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан үзэж 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Нацагдоржийн Н.Эыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Эод нийт 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг журамлан Н.Эод шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
4. Н.Эод нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Н.Эоос нийт 367.602 /гурван зуун жаран долоон мянга зургаан зуун хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Энхцэцэг /РД:ОЮ85012463/-д олгож, Н.Эыг хохиролыг 1 /нэг/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.
6. Хохирогч Ц.Энхцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ