Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 910

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Т.Мандахнаран,

өсвөр насны шүүгдэгч Б.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Отгончимэг, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Амар /№2563/,

нарийн бичгийн даргаар Б.Номинзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Малчин овогт Баттогтохын Б.Цд холбогдох 1902007580300 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2002 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн Үсчин мэргэжлийн За ангид сурдаг, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 20-40  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Малчин овогт Баттогтохын Б.Ц /РД- УП02240558/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: өсвөр насны яллагдагч Б.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Нарст” гэх газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан "дельта 9 тетрагидроканнабинол"-ын агууламжтай, 11.2 килограмм жинтэй "Өвс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сурагчийн 49 дүгээр гудамжны 1118 тоот хаягтай өөрийн гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан тус тус гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Цы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Б.Цы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "... Сэлэнгэ аймгийн Нарс гэх нэртэй өртөө рүү ганцаараа яваад голын дагуу явтал каннабис өвс их хэмжээгээр ургасан байхаар нь би тухайн үед үүрч явсан хөх өнгийн цүнхэндээ түүж хийгээд вагонд суугаад буцаж ирсэн. Тухайн үед би Чингэлтэй дүүргийн 17-р хороо Сурагчийн 49-1118 тоотод тусдаа гарч уг гэрийг худалдан авсан байсан. Уг амьдарч байсан газартаа түүсэн өвсөө авч ирээд бичлэгийн дагуу хэрэглэсэн Тухайн үед хоолой гашуу оргих мэдрэмж төрсөн.... Энэ байдлаар хоёр удаа хэрэглэх оролдлого хийсэн. ..." гэх мэдүүлэг /хх-ийн 35х/,

хэргийн газрын үзлэг хийсэн "Чингэлтэй дүүргийн 17-р хороо. Сурагчийн 49-1118 тоот хашаанд ертөнцийн зүгээр урагш харсан хаалгатай, монгол гэр байх ба уг гэрийн хаалгаар ороход хоймор хэсэгт газарт дэвсгэр дээр ургамал мэт зүйл нойтон байдалтай тарааж байрлуулсан байна. Уг нойтон ургамал мэт зүйлийг бор өнгийн цаасан хайрцагт хийж шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав. ... Хоймор хэсэгт бор өнгийн модон жижиг шургуулгатай тавилгад үзлэг хийхэд доод талын шургуулга дотор гуурс хэлбэртэй болгосон, хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг байсныг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав. Уг тавилгын дэргэд бор өнгийн шуудайтай бор ногоон өнгийн ургамал мэт зүйл өнгөгүй гялгар ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйл байсныг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав. ... Хуванцар сав, хажуу хэсэгт нь 2 хэсэгт жижиг цоолсон байх ба 1 цоорхойд 50 төгрөгийн дэвсгэрт гуурс хэлбэрт оруулан хийсэн байсныг хураан авав. ... Хар өнгийн цүнх байх ба цүнхэн дотор гялгар уут дотор ногоон өнгийн ургамал мэт зүйл, шар өнгийн гаанс мэт зүйл байсныг хураан авав" гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4х/,

Шинжээчийн 5090 дугаартай "... Шинжилгээнд ирүүлсэн "№1 дугаартай хайрцагт байх ургамал мэт зүйлийн дээж" гэж хаягласан цагаан өнгийн дугтуйтай ургамал мэт зүйл, "№2 дугаартай ууттай ургамал мэт зүйлийн дээж" гэж хаягласан цагаан өнгөтэй дугтуйтай ургамал мэт зүйл, "№3 дугаартай ууттай ургамал мэт зүйлийн дээж" гэж хаягласан цагаан өнгөтэй дугтуйтай ургамал мэт зүйл, "4" гэж дугаарласан AI9539969" серийн дугаартай хуйлсан 20 төгрөгтийн мөнгөн дэвсгэрт, "AV0013679" серийн дугаартай хуйлсан 50 төгрөгтийн мөнгөн дэвсгэрт, "5" гэж дугаарласан хажуу хэсэгт цоолсон 2 цоолсон бонго мэт зүйл, бонго мэт зүйлийн цоорхойд байсан "АТ5331006" серийн дугаартай 50 төгрөгтийн мөнгөн дэвсгэрт, "6" гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, зэсэн өнгөтэй гаанс мэт зүйл тус бүрээс дельта 9 тетрагидроканнабинол илэрч байна "Б.Ц" гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн дельта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцид багтдаг болно." гэх дүгнэлт, гэрэл зургууд /хх-ийн 19-24х/,

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл. гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8х/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Цыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Цд ял шийтгэл оногдуулахдаа түний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодис агуулсан ургамалыг 11.2 килограмм түүсэн, бэлтгэсэн, хадгалсан өөрөө хэргэлсэн, 17 настай болох хувийн байдал зэргийг харгалзан түүнийг нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах зорилгоор хорьж хүмүүжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан өсвөр насны шүүгдэгчид ял оногдуулах журмыг баримтлан хорих ялын доод хэмжээг түүнд оногдуулж шийдвэрлэв.   

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан AL9539969 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AV0013679 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, АТ5331006 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг Б.Ц гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдож байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд шилжүүлэхийг,  

мөн эд мөрийн баримтаар хураан авсан №1 гэж хаягласан бор өнгийн цаасан хайрцагтай ургамал мэт зүйл, №2 гэж хаягласан бор өнгийн шуудайтай ургамал мэт зүйл, №3 гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл, №5 гэж хаягласан бонго гэх хажуу хэсэгт цоолсон хуванцар сав, №6 гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл, зэсэн өнгөтэй гаанс мэт эд зүйл зэргийг Б.Ц гэмт хэрэг үйлдэж олж авсан, уг ургамалд хориглосон сэтгэцэд нөлөөт бодис агуулагдаж буй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус эд мөрийн баримт хадгалагдаж буй газар болох Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзэв.

эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэг нь хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий камерийн бичлэг хийгдсэн тул хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Өсвөр насны шүүгдэгч Малчин овогт Баттогтохын Б.Цыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Цд 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Цд шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг хоёр дахин багасгаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Өсвөр насны шүүгдэгч Б.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа №4 гэж хаягласан хуйлсан, AL9539969 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, хуйлсан AV0013679 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, АТ5331006 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд шилжүүлэхийг, 

мөн эд мөрийн баримтаар хураан авсан №1 гэж хаягласан бор өнгийн цаасан хайрцагтай ургамал мэт зүйл, №2 гэж хаягласан бор өнгийн шуудайтай ургамал мэт зүйл, №3 гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл, №5 гэж хаягласан бонго гэх хажуу хэсэгт цоолсон хуванцар сав, №6 гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл, зэсэн өнгөтэй гаанс мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж,

эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэгт үлдээсүгэй.

 

6. Өсвөр насны шүүгдэгч Б.Цд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ