Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 914

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Э.Б,

хохирогч Ч.Эрдэнэбулган,

нарийн бичгийн дарга Б.Номинзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Батчулуун овогт Энхбатын Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911025051033 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 38 настай, дээд болоасролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 46 дугаар байрны 26 тоотод оршин суудаг, урьд Урьд 1998 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Сум дундын шүүхийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгүүлж ял хойшилсон,

2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сум дундын 5 дугаар шүүхийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн боловч 2014 оны05 дугаар сарын 23-ны өдрийн Хяналтын шатны шүүхийн 186 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэгдэж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Батчулуун овогт Энхбатын Э.Б /РД: ЧЖ81030278/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Э.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-ны шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамт явж байсан хохирогч Ч.Эрдэнэбулгантай маргалдан улмаар зодож, биед нь дээд үүдэн хоёр шүдний булгарал, тархи доргилт, дух, хөмсөг, уруул, буйл, баруун, зүүн нүдний зовхи, хэвлийн хажуу хэсэгт цус хуралт, зулгаралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн /хх-ийн 27-29х/ мэдүүлгүүд,

хохирогч Ч.Эрдэнэбулганы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-ны шилжих шөнө орой ажлаасаа гараад явж байтал нутгийн 10 жилийн ангийнхан цугласан байна хүрээд ир гээд дуудахаар нь очтол манай ангийн 3 хүүхэд бусад нь манай нутгийн залуучууд байсан. Тэгээд би тэнд очиход 10 гаруй хүн байсан ба хүмүүс явсаар байгаад бид 4 үлдсэн. Ууж идэх юм дуусч байсан тэндээсээ гараад явж байгаад Э.Б, Эрдэнэцогт, Золбоо гээд бид дөрөв үлдсэн. ...Явж байгаад араасаа маш хүчтэй цохиулаад ухаан балартан газар унаад өгсөн. Тэгэхэд Э.Б гэх манай нутгийн залуу миний дээр гараад намайг зогсоо зайгүй нүүрлүү цохиж зодсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 8-12х/,

гэрч М.Золбоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр манай нутгийн найз Эрдэнэцогтын төрсөн өдөр болоод найзуудаараа суусан. Тэгээд бид нар Монтел төвийн хойно байрлах караокед орой 20 цагийн үед орж сууцгаасан. Эрдэнэбулган Э.Б нар нь тухайн өдөр бид нараас хойш ар араасаа ирсэн. Тэгээд дуулаад байж байгаад шөнийн 02 цагийн үед Эрдэнэцогт бид хоёр караокенаас гараад такси бариад манай гэрлүү явсан. ...Эрдэнэбулган над руу залгаад Э.Б намайг зодчихлоо гээд утсаар ярихаар нь мэдсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/,

ШШҮХ-ийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 11445 дугаартай шинжээчийн: "...Ч.Эрдэнэбулганы биед дээд үүдэн хоёр шүдний булгарал, тархи доргилт, дух, хөмсөг, уруул, буйл, баруун, зүүн нүдний зовхи, хэвлийн хажуу хэсэгт цус хуралт, зулгаралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарнилах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." дүгнэлт /хх-ийн 21х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Э.Бийг урьд бие биенээ таньдаг, тухайн үед хамт явж байсан хохирогч Ч.Эрдэнэбулгантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Ч.Эрдэнэбулганы энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд нэхэмжилсэн үнийн дүнгээс хэрэгт баримтаар авагдсан 668.300 төгрөгийг Э.Бээс гаргуулж, хохирогчид олгохуулахаар шийдвэрлэв.

Харин Ч.Эрдэнэбулган нь цаашид гарах эмчлгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Э.Бд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын хэмжээ, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан болох хувийн байдал зэргийг нь харгалзан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Батчулуун овогт Энхбатын Э.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Э.Бд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Э.Бээс нийт 668.300 /зургаан зуун жаран найман мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Эрдэнэбулган /РД: ГЭ82031818/-д олгож, тус хохиролыг 1 /нэг/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.

 

6. Хохирогч Ч.Эрдэнэбулган нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт зэргийг тус тус журамлан Э.Бийг 6 /зургаа/ сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ