Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 924

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч С.Энхтуул,

хохирогч Э.Толя,

шүүгдэгч С.Т,

нарийн бичгийн дарга Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Баатар овогт Содномын С.Тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911025191093 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1097 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Баатар овогт Содномын С.Т /РД: ФБ83091715/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч С.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Т нь 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Толятай мөнгө өгөөгүй гэх шалтгаанаар маргалдан улмаар нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Шүүгдэгч С.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...би 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байх гэртээ байж байгаад 17 цаг өнгөрч байхад худаг руу усанд явж байгаад өөрт авлагатай байсан манай хөрш Э.Толя гэх залуутай таарсан юм. Ер нь бол ажлын хөлсөө авах гэж л Толя гэх залуутай маргалдсан юм. Дүгнэлтэнд тусгагдсан Э.Толягийн биед учирсан хамар ясны хугарал, тархи доргилт гэмтлийг би учруулсан бөгөөд миний араас тэвэрсэн байх үед нь би түүнийг толгойны ар дагз хэсгээр хойшоо мөргөсөн юм..." /хх-ийн 14-16х/,

хохирогч Э.Толягийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэрлүүгээ ирж байгаад худгийн дэргэд 18 цагийн үед хөрш айлын залуу болох С.Ттай тааралдсан. С.Т согтуу байсан бөгөөд намайг мөнгө өг эсвэл архи авч өг гэсэн. Би С.Тад хандаад чамд одоо мөнгө өгч чадахгүй дараа больё чи согтуу байна гэж хэлсэн. Энэ үед С.Т миний гараас татаад цохих гээд байсан болохоор би түүнийг араас нь тэврээд авсан юм. Энэ үед С.Т толгойны дагз хэсгээрээ миний нүүр орчимд цохисон юм. Тэгээд миний нүднээс нулимс гоожоод манараад явчихсан юм. Тухайн үедээ өөрийнхөө хамрыг гэмтсэн талаар мэдээгүй юм. Би С.Тыг нуруу хэсгээр нь тэвэрч байгаад дээш нь өргөөд газарт өвдгөөр нь суулгасан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-13х/,

Шинжээч эмчийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 11334 дугаартай дүгнэлт "...Э.Толягийн биед хамар ясны хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." /хх-ийн 18х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч С.Т нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Э.Толятай маргалдан улмаар түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Толяд учирсан хохиролд нэхэмжилсэн үнийн дүнгээс хавтас хэрэгт баримтаар авагдсан /хх-ийн 52х/ 100.000 төгрөгийн хохиролыг С.Таас гаргуулж, хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

Харин хохирогч Э.Толя нь бусад хохиролд нэхэмжилсэн нэхэмжлэлээ холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхэд жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч С.Тад ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Баатар овогт Содномын С.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Тыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар С.Тад шүүхээс оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдийг тус тус баримтлан С.Таас нийт 100.000 /нэг зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Э.Толя /РД:ОК87060313/-д олгож, уг хохиролыг С.Тыг 1 /нэг/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.   

 

5. Хохирогч Э.Толя нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болох бусад зардал, цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ