Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 929

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,

нарийн бичгийн дарга Б.Номинзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Энхбатын Э.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911025401118 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, одоогоор эрхэлсэн ажилгүй, Хөвсгөл аймаг Мөрөн 3 дугаар баг 3 дугаар гудамж 19 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн 11-р хороо 28-169 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2003 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Сум дундын шүүрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэгдэж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-2003 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 cap хорих ял шийтгэгдсэн,

-2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоног хорих ялаар шийтгэгдсэн.

-2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил хорих ял шийтгэгдсэн.

-2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймаг дарь сум дундын шүүхийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар нийт 11 жил хорих ял шийтгэгдсэн.

-2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 356 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 29 хоног хорих ял шийтгэгдэж 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Төв аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн 67 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 11 cap 8 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулалсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Энхбатын Э.Б /РД: РЭ86050812/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч  Э.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянбүрд төвийн автомашины зогсоол дээр хохирогч Г.Дэлгэрдалайтай үл ойлголцлын улмаас зодолдож эрүүл мэндэд нь "хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, зүүн завьжинд шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн ахцарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү зүүн даланд зулгаралт" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Г.Дэлгэрдалайн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оын 9 дүгээр сарын 22-ны өдөр 07:30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр "Баянбүрдийн автомашины зогсоол дээр байсан өөрийн байсан өөрийн 49-66 УБН улсын дугаартай "Тоёота Сэйнта" маркын машин руугаа суухаар явсан тэгэхэд миний машины хамар дээр нэг машины түлхүүр тавьчихсан байхаар нь тэр түлхүүрийг аваад дарж үзэхэд яг хажуу талын зогсоол дээр байгаа машины дохио /гэрэл/ анивчиж байсан. Тэгээд уг машин дээр очоод харахад урд талын суудал дээр нь нэг эрэгтэй суугаагаараа унтаж байгаа байдалтай харагдахаар нь хаалгыг нь онгойлгоход архи уусан байдалтай согтолт ихтэй байсан учраас машины хаалгыг нь хаагаад өөрийн машин руугаа явтал нөгөө хүн сэрээд миний ардаас ирсэн. Тэгээд чи яахаараа миний түлхүүрийг шаадаг пизда вэ, гээд над руу дайраад байхаар нь би чиний түлхүүрийг машин дээрээсээ сая оллоо, чи согтуу байна одоо машин бариад хэрэггүй байх, архиа гархаар надаас түлхүүрээ авьчих, нэг бол миний дугаарыг тэмдэглээд ав, эсхүл би чиний дугаарыг авъя гэхэд ерөөсөө ойлгохгүй миний кирманд байсан түлхүүрийг чи яахаараа шаадаг юм бэ, гээд машины эсрэг талын цонхоор дайраад байсан ба би учрыг нь хэлээд тайлбарлахад ойлгохгүй элдвээр хараагаад байхаар нь чи ямар юм тайлбарлаад ойлгодоггүй сонин хүн бэ, гэж хэлээд машиныхаа эсрэг талын цонхоор түлхүүрийг нь буцаагаад шидчихсэн чинь надтай хэрүүл хийгээд намайг явуулахгүй үг хэлээд элдвээр хэлээд наашаа буугаад ир гээд байхаар нь бууж очоод эхнээс нь тайлбарлахад нөгөө залуу миний хувцаснаас зуурч аваад намайг өөрийнхөө машин байгаа тал руу чихэхээр нь гарыг нь тавиулах гээд түүнтэй ноцолдоход тэр залуу миний нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохиход зуурсан байсныгаа тавилгүйгээр чирсэн. Би Э.Бийн ихэвчэн гар луу нь цохиж нүүр лүү нь түлхэж байсан тэгэхэд хумсанд нүд нь урагдсан байж магадгүй. Би ямар нэгэн зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй, миний гарт юу ч байгаагүй. Намайг зуураад байхаар нь тавиулах гэж түүнтэй ноцолдсон тэрнээс биш цохиж зодсон зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/,

гэрч Т.Баяраагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 02:00 цагийн үед би согтоод баарнаас гарч баарны баруун талын автомашины зогсоол дээр байсан Э.Бийн машины арын суудалд орж унтсан. Өглөө 06:00 цагийн үед сэрэхэд Э.Б нэг залуутай мөнгө төгрөг өгч авалцаад зогсож байхыг хараад буцаад унтаад өгсөн. Тэгээд унтаж байтал хүмүүс зодолдох чимээ гарахаар нь сэрээд хартал нэг залуу Э.Бийг газар унгачихсан нүүрэн дээрээс нь хөлөөрөө дэвсэж байхаар нь очоод цамцных нь юүдэн хэсгээс бариад хойш татаж салгасан. Тэгсэн нөгөө залуу машин руугаа гүйж ороод машинаа асаагаад яваад өгсөн. Намайг очих үед Э.Б тэр залутай хоорондоо нэлээн ноцолдсон байдалтай байсан ба миний харснаар уг залуу Э.Бийг газар унгачихсан дээрээс нь дэвсэж байхыг л би харсан. Удалгүй Э.Б бид хоёр түүний машинд орж суугаад Э.Бийн цусыг арчиж байх үед цагдаа нар ирсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 20-21х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 11489 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Дэлгэрдалайгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, зүүн завьжинд шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн ахцарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү зүүн даланд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 24х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Э.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

              1. Боржигон овогт Энхбатын Э.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бийг 650 нэгж буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Э.Бийг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэгт нь үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ