| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттуулайн Болормаа |
| Хэргийн индекс | 119/2017/0023/З |
| Дугаар | 00030 |
| Огноо | 2017-10-05 |
| Маргааны төрөл | Газар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 00030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргад холбогдох “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/381 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн ерөнхий захирал Б.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/378 дугаар захирамжаар “Н” ХХК-д 200 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай, мөн өөр бусад 9 аж ахуйн нэгж, иргэд тус бүрт газар эзэмшүүлэх тухай шийдвэр гарсан. Гэтэл манай байгууллагад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газрыг бид кадастрын зурагт оруулж амжаагүй байтал шинэ Засаг дарга 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/381 дугаартай захирамжаар хүчингүй болгосон байна. Энэ тухай Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 514 дугаартай албан бичгийг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээж авлаа.
Иймд Орхон аймгийн Засаг даргын захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй, хууль бус гэж үзэж байх тул дээрх 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/381 дугаартай “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү.
Жич: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан хугацаа хэтрээгүй гэж үзсэн болно.” гэжээ.
Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: “...1. Аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/378 дугаар захирамжаар “Н” ХХК-д 200 м.кв газрыг Цагаанчулуут багийн 7 дугаар хороололд олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 /энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана/, 33.1.2 /энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно/-т заасныг тус тус үндэслэсэн байх бөгөөд энэхүү заалт нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн тусгайлан заасан журмын дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх шийдвэр гаргана гэж заасан байдаг. Гэтэл “Н” ХХК-д уг газрыг олгохдоо хуулийн тусгайлан заасан заалтыг буруу хэрэглэсэн.
2. Үндэсний аудитын газрын харьяа Орхон аймгийн Аудитын газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/12-ОААГ/ГАБ/2017/01-ГА дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлагад зөрчил арилгаж хариуг ирүүлэхээр хавсралт 1-ийн 2 дугаар мөрөнд заасан байна. Мөн Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01-09-058/50 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагын шаардах хэсгийн 2 дугаар заалтад “Хавсралт хүснэгт 1-д заасан дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар газар эзэмшүүлээгүй 16 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын захирамжийг хүчингүй болгох саналыг Засаг даргад хүргүүлэх” гэж тус тус заасан.
3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нгэж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 /Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно/, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 /Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно/ гэж тус тус заасны дагуу уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон болно.
Иймд “Н” ХХК-иас Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/381 дугаар захирамж хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн ерөнхий захирал Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани аймгийн Засаг дарга С.Д газар авах талаар хүсэлт гаргасан. Тухайн үед аймгийн Засаг даргатай уулзаж ямар шугамаар газар авдаг болох манай зүгээс яах хэрэгтэй вэ? гэхэд өөрийнхөө зүгээс өргөдөл албан тоот өгөх зөвлөмж өгсөн. Түүний дагуу үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалттай газар авахаар өргөдөл өгсөн. Дараа нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албанаас захирамж авсан. Засаг дарга солигдож таараад будлиан гарсан гэж хүлээлгэж явсаар байгаад Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас манайд газар олгосон захирамжийг хүчингүй болгосон гэсэн. Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахаар хөрөнгөө цуглуулж байсан. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албан хаагчдаар газраа заалгаагүй. Нэгэнт захирамж гаргаж олгосон газрыг хүчингүй болгох үндэслэлгүй учраас Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Засаг даргын гаргасан тайлбарыг дэмжиж байна. “Н” ХХК-д Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр орон сууцны 7 дугаар хороололд 200 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. Энэхүү захирамжийн гол үндэслэл болсон Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэг, 33.1.2 дахь хэсэгт газрыг иргэн аж ахуйн нэгжид олгохдоо төсөл сонгон шалгаруулалтаар эсвэл дуудлага худалдаагаар олгох гэсэн хуулийн заалт. Гэтэл “Н” ХХК-д тийм процесс явагдаагүй. Төсөлтэй холбоотой баримт байдаггүй, дуудлага худалдаа явагдаж 200 м.кв газарт дуудлага худалдааны жишиг үнэ болох анхны 40200 төгрөгийг м.кв тутамд төлсөн баримт байхгүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 10 жил тутамд нэг удаа явдаг шалгалтаар зөрчил тогтоогдож, тухайн газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй байна гэсэн дүгнэлт гарсан. Мөн аудитын газраас 2016 онд газар олгосон захирамжийг хянан үзээд адил дүгнэлт гарсан байдаг. Нэхэмжлэгчид газар яаж авахыг зааж зөвлөн чиглүүлэх үүргийг дан ганц Засаг дарга албан тушаалтан хариуцдаггүй. Тухайн иргэн өөрөө хайх ёстой, хууль нээлттэй болсон тийм учраас тухайлан заасан процесс хийгдээгүй тул энэ нь үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Н” ХХК “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/381 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
“Н” ХХК 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Засаг дарга С.Д-д Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг, 7 дугаар хорооллын нутаг дэвсгэрт орон сууцны барилга, 7а хороолол Евро-Эко хорооллын баруун талд хүүхдийн цэцэрлэгийн барилга барих зориулалтаар газар олгож өгөхийг хүссэн албан бичгийг холбогдох бичиг баримтын хамт гаргасан байна.
Дээрхи хүсэлтийн дагуу Орхон аймгийн Засаг дарга 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Газар эзэмшүүлэх тухай” А/378 дугаартай захирамж гарган “Н” ХХК-д Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр орон сууцны 7 дугаар хороололд 200 м.кв газрыг “Худалдаа, үйлчилгээний зариулалт”-аар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Аймгийн Засаг дарга А/378 дугаартай захирамжаар иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасныг тус тус үндэслэсэн байна.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана.”, 33 дугаар зүйлийн 33.1.2-д “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэж тус тус заасныг зөрчсөн болох нь доорхи байдлаар тогтоогдож байна.
Үүнд: 1. Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай “Газрын харилцааны талаар 2016 онд баримтлах үйл ажиллагааны чиглэл батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар дуудлага худалдаагаар, төсөл сонгон шалгаруулалтаар тус тус эзэмшүүлэх газрын байршлуудыг хавсралтаар баталсан байх ба нэхэмжлэгч “Н” ХХК-д эзэмшүүлсэн газар нь энэ жагсаалтад байхгүй байгаа нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэгдэж, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй болох нь:
2. Аймгийн Засаг дарга “Н” ХХК-д газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар шийдвэрлээгүй болох нь тус тус хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбаруудаар нотлогдож байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл ... тус тус хүчингүй болгоно.” гэж тус тус заасны дагуу аймгийн Засаг дарга хууль тогтоомж зөрчин, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Газар эзэмшүүлэх тухай” А/378 дугаартай захирамж гарган нэхэмжлэгч “Н” ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэрээ хүчингүй болгож, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр А/381 дугаартай захирамж гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзлээ.
Захиргааны байгууллага болох Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “Н” ХХК-д 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 295 дугаартай албан бичгээр газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох гэж байгааг мэдэгдэж, шуудангаар хүргүүлсэн байгаа нь Захиргааны Ерөнхий хуулийн дагуу шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах эрхээр хангасан гэж шүүх үзсэн болно.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж заасан ба нэхэмжлэгч “Н” ХХК-тай гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдоогүй болохыг, Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01-09-058/50 дугаартай албан шаардлага, Орхон аймгийн Аудитын газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/12-ОААГ/ГАБ/2017/01-ГА дугаартай албан шаардлагуудаар Газрын тухай хууль зөрчиж иргэд, аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлснийг тогтоож, зөрчлүүдийг арилгуулахаар шийдвэрлэсэн, дээрхи албан шаардлагуудын талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болохыг тус тус дурдлаа.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/381 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан “Н” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОРМАА