Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 931

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Дэлгэрдалай,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

нарийн бичгийн даргаар Б.Мөнхдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911017430996 тоот хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 30-ны өдөр  Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа барилгын туслах ажилтан хийдэг, ам бүл 2, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо овоотын 70-13б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 249 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 5 сар хорих ял шийтгүүлсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Дашдоржийн Д.А /РД:НМ93063014/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 5 дугаар сарын 16-ны орой 23 цагийн орчим 66-12 УНӨ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслээр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Р.Зайсанбаатарыг хүргэж өгөөд, такси үйлчилгээний төлбөрөө авах гэж хүлээж байхдаа Р.Зайсанбаатарыг уг тээврийн хэрэгсэлд үлдээсэн байсан “Панасоник” загварын 42 инчийн зурагтыг Р.Зайсанбаатарыг гэрээ цоожлоод эргэж гарч ирэх хооронд илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авч нийт 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь  

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Аын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Д.Аын  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүргэн ах Ганзоригийн 66-12 УНӨ улсын дугаартай “Тоёото приус-20” загварын тээврийн хэрэгсэлээр таксинд явж байсан. Ингээд миний санаж байгаагаар өдөр 14 цагийн орчимд эх нялхсын хажуугаас 40-45 орчим насны эрэгтэй хүн гар өргөж суугаад монел ороод хүнтэй уулзчихаад эргээд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо руу гэртээ харина гээд суусан. Тэгээд гэрт нь хүргэж өгөөд таксины мөнгө болох 15000 төгрөгөө авах гэхэд ахад нь мөнгө байхгүй гээд байсан. Тухайн үед миний таксигаар үйлчлүүлсэн залуу халамцуу байсан. Тэгээд миний машинаас буухгүй юм яриад суугаад байхаар нь мөнгөө өгөөд буу гэхэд ах нь гэрээсээ зурагтаа гаргаж ирээд ломбарданд тавиад мөнгийг чинь өгнө гэж хэлээд буугаад нэг хашаа руу орсон. Тэгэхээр нь араас нь дагаад ороход нэг байшин руу орсон бөгөөд гэрт нь ямар ч хүн байгаагүй. Ингээд тэр ах хэсэг хугацааны дараа зурагт тэврээд гараад ирсэн. Тэгээд надад бариулаад өөрөө гэрээ цоожлоод ирье гээд эргээд орсон. Тухайн үед би олон юм яриад мөнгөө өгөхгүй удаасан учраас зурагтыг нь аваад машиндаа хийгээд нөгөө ахыг гарч ирэхээс нь өмнө нь шууд хөдлөөд явсан. Тэгээд орой болсон байсан учраас гэртээ аваачиж үлдээгээд байлгаж байсан ..." гэх мэдүүлэг /хх-ийн 33-36х/,

хохирогч Р.Зайсанбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэрээсээ гараад найз Манаттай гандан дээр тааралдсан бид хоёр манай гэрлүү дэлгүүрээс 0.5 граммтай 2 шил архи авч очоод уусан 22:00 цагийн орчим Манатыг гаргаж өгөөд би өөрөө такси бариад Монелд байх охиных руугаа явсан тэр такситайгаа буцаад гэртээ хүргүүлэхээр явсан тэр жолооч замдаа нэг таньдаг эмэгтэйгээ авч суулгасан хаанаас гэдгийг нь би санахгүй байна би тэр эмэгтэйн утаснаас эхнэрлүүгээ залгаж ярьсан. Таксины жолоочтой замдаа “зурагт авах уу эсвэл барьцаанд авчих” гэж ярьсан тэгээд гэрийн гадаа ирээд таксины жолоочтой хамт орж зурагтаа авч машинд суусан. Манай гэрээс уруудаж байхдаа “ахаа зурагтны удирдлага мартсан байна” гэж буцаж манай гэрлүү очсон хамт ороод удирдлага аваад би гэрийн хаалга түгжиж байх хооронд нөгөө залуу машиндаа сууж зугтсан. Би хөөгөөд гүйцээгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/,

гэрч Ч.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...80257270 дугаар миний дугаар биш. Би Номин гэх охинд Өвөрхангай аймгийн Хар хорин суманд байхдаа 2019 оны 5 дугаар сард авч өгсөн. ... Манай нөхөр Эрдэнэбаатартай хамт Өвөрхангай аймагт барилгын ажил хийж байсан залуугийн найз охин гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17х/,

хөрөнгийн үнэлгээний 2963 дугаартай тайлан: /хх-ийн 24х/ 42 “ ...инчийн панасоник маркийн, 2018 оны зурагтыг 400.000 төгрөгөөр үнэлэв.”, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-ийн 9-10х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Д.Аыг бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Р.Зайсанбаатарт энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох “Панасоник” загварын зурагтыг шүүгдэгч нь биед байдлаар буцаан хүлээлгэн өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Ат ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй, урьд дээрмийн гэмт хэрэг үйлдэн ял шийтгэл хүлээж байсан хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Дашдоржийн Д.Аыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Д.Аыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шиитгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Ат урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ