Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 940

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Номинзул,

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Булиа овогт Бямбаагийн Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911025981092 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Үндэсний их урлагийн театерт үйлчлэгч хийдэг, ам бүл 2, нөхөрийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 63-752 тоотод оршин суух, /иргэний үнэмлэхний хаяг: Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо, Бага дарь-эхийн 8 дугаар гудамж 1757 тоот оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Булиа овогт Бямбаагийн Б.Б /РД: ГБ78021501/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сурагчийн 63-752 тоотод архины мөнгө нэхлээ гэх шалтгаанаар төрсөн эгч хохирогч Б.Болормааг төмрөөр цохиж хуйх, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, тохой, зүүн бугалга, мөр, дал, тохой, баруун шуу, сарвуу, баруун гуя, зүүн гуя, өгзөг, баруун тавхайд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “Би өөриин төрсөн эгч Болороогийн хашаанд өөрийнхөө гэрийг бариад 1 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд өдөр бүр архи ууж надаас өдөр бүр архины мөнгө нэхдэг юм. Тус өдөр нөхөр Мэндбаяр бид 2 унтаж байсан чинь мөн адил өглөөний 07 цагийн үед манай гэрт орж ирээд шартаж үхлээ архины мөнгө өг гэхээр нь би мөнгө байхгүй байна гэж хэлсэн чинь дандаа байхгүй гэж байх юм нүүгээрэй гэж хэлээд гарч яваад 13 цагийн үед дахиж орж ирээд архи авч өг гэж орилоод гэрийн бүслүүр тайлж хаяад байхаар нь гэрээсээ хоёр удаа хөөж гаргасан чинь буцаж орж ирээд байхаар нь миний уур хүрээд би галын дэгээ төмөр барьж байгаад нуруу, гар бугалга, ар өгзөг, бүдүүн гуя зэрэглүү нь 8 удаа цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х, 25-26х/,

хохирогч Б.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 63-752 тоот хашаанд өөрийн дүү Б.Бгийн хамтаар амьдардаг юм. 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 07 цагийн үед би Б.Бгийн гэрт ороод 5000 төгрөг өгчих бие өвдөөд байна архи авч ууя гэсэн чинь байхгүй гэхээр нь гэрээс нь гараад айлынд ороод 1 шил архи уучихаад өдрийн 16 цагийн үед Б.Бгийн гэрт орсон чинь Мэндбаяр, Б.Б 2 орондоо орчихсон унтаж байхаар нь босоочээ ямар их унтдаг юм гэж хэлсэн чинь Б.Б шууд босч ирээд намайг галын дэгээ төмөр бариад нүүр, мөр, нуруу гэх мэт газар 10-15 удаа цохисон" гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х/,

гэрч Б.Батгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 8 дугаар сарын дундуур санагдаж байна ажил дээр байхад Март Баярын утас руу угаагч утсаар залгалаа гэдэг асуудлаар түүнд уурлаж хоорондоо маргалдаад байсан ба гэр бүлийн асуудал надад хамаагүй, ажлаа хийцгээ гэж хэлээд байж байтал удалгүй хоорондоо ноцолдоод унахаар нь яваад очтол Баяр Мартын үснээс зулгаачихсан Март доороос нь хөлөөрөө өшиглөөд цохиод байгаа харагдахаар нь юу болж байгаа юм больцгоо гээд салгасан, нэг их сүртэй юм болоогүй дууссан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11854 дугаар Б.Болормаагийн биед хуйх, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, эрүү, баруун бугалга, тохой, зүүн бугалга, мөр дал, тохой, баруун шуу, сарвуу, баруун гуя, зүүн гуя, өгзөг, баруун тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдсон, дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Бгийн хуувийн таарамжгүй харьцааны улмаас өөрийн төрсөн эгч хохирогч Б.Болормаатай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Болормаа нь энэ гэмт хэргийн уулмаас өөрт учирсан хохиролд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Бг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын шинж чанар, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлыг нь харгалзан тохирох ял шийтгэлийг шүүх оногдуулж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Булиа овогт Бямбаагийн Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Бд шүүхээс оногдуулсан торгуулын ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоож, хэрэв торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ