Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 941

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа,

нарийн бичгийн даргаар Б.Номинзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Лувсандагва овогт Бүтэдийн Б.Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911002191135 тоот хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 4 дүгээр гудамж, 47а тоотод /Иргэний үнэмлэхний хаяг: Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаан 7 дугаар гудамж, 383 тоот/ оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Лувсандагва овогт Бүтэдийн Б.Т /РД: ЕБ83102819/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 25 минутаас 17 цаг 20 минутын хооронд “ББСБ” ХК-ийн “ББСБ” аппликейшнаар нэвтэрч 380.000 төгрөгийн зээл авах үедээ систем доголдож байгааг мэдсэн, улмаар алдаатай гүйлгээний улмаас өөрт олгогдсон 12.160.000 төгрөгийг, Ж.Энхмандалд олгогдсон 1.500.000 төгрөгийг, Л.Бүтэдэд олгогдсон 6.500.000 төгрөгийг, Б.Батдоржид олгогдсон 4.200.000 төгрөгийг нийт 24.360.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөртөө авч завшсан гэмт үйлдэл хийсэн болох нь 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ты хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг

шүүгдэгч Б.Ты мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 4-47 а тоотод оршин сууж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цагийн орчимд ББСБ гар утасны аппликейшнээр дамжуулан өөрт олгогдсон 380.000 төгрөгний зээл авахаар оролдлого хийхэд уг зээл надад олгогсон юм. Улмаар дахин зээл авах хүсэлт илгээхэд надад зээл дахин олгогдоод байсан. Надад тухайн үед мөнгөний хэрэг байсан учраас 33 удаа дарж нийт 12.160.000 төгрөгийг гаргуулан авсан. Улмаар би өөрийн ээж Л.Бүтэдийн ББСБ-ний зээл авах 260.000 төгрөгний эрхээр 25 удаа нэвтрэн орж 6.500.000 төгрөгний мөнгийг гаргуулан, тухайн үед хамт байсан эгчийн охин Ж.Энхмандалын зээл авах эрхээр нь би өөрөө нэвтрэн 3 удаагийн үйлдлээр 4.200.000 төгрөгийг гаргуулан авсан юм. Улмаар энэ мөнгүүдийг ББСБ-ний хэтэвчинд байршуулж байгаад өөрийн хаан банкны дансруу, мөн хамаатан садны хүмүүсийн дансруу ч мөн адил шилжүүлэн авч, уг мөнгийг хашаа байшин худалдаж авч байгаа Б.Ивлэнд өртэй байсан тэгээд 20.000.000 төгрөгийг өгсөн юм. Бусад мөнгийг нь өөрийн хувьдаа зарцуулж, өр зээлэндээ өгч уг мөнгийг дуусгасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 31х/,

хохирогч Г.Тунгалагмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 11 дугаар сарын 30-ны өдөр ББСБ Банк бус санхүүгийн байгууллагын удирдах албан тушаалтнаас авлага барагдуулах албанд "2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр "их хэмжээний зээлийг өөрийн эрхээ хэтрүүлэн, олон удаагийн үйлдлээр авсан байна" гэх мэдээлэл баримтыг илрүүлсэн юм Үүний дагуу манай цахим зээлийн харилцагч Б.Ттай утсаар холбогдон ярьж байгаад, цаг товлон 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр уулзсан. Б.Ттай уулзах үед эрхээ хэтрүүлэн, их хэмжээний зээл авснаа хүлээн зөвшөөрсөн, харин түүний ээж  Л.Бүтэдийн эрхээр нэвтрэн орж их хэмжээний зээл авснаа мөн адил хүлээн зөвшөөрсөн, бөгөөд Дорноговь аймагт байх танил, хамаатандаа мөнгө их хэмжээгээр гарч байгаа талаар мэдээллийг ярьж дамжуулж хэлсэн байна. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Б.Батдорж зээлийн эрхээ хэтрүүлэн авсан, талаах харилцан ярилцахад, энэ талаар сайн мэдэхгүй, гэр бүлийн хүнтэйгээ ярилцаад хариу хэлье гэсэн. Харин тэр өдрийн үдээс хойш нь ярихад манай гэр бүлийн хүн Ж.Энхмандал авсан байна, эргэн төлнө гэж ярьсан юм. Үүнийг баталгаажуулж над руу имэйл илгээх талаар тохирсон боловч, имэйл хаяг ирүүлээгүй, энэ үед Ж.Энхмандалруу удаа дараа залгасан утсаа аваагүй, 12 дугаар сарын 04-ний өдөр Батдоржтой дахин ярьж, эргэн төлөлтийг сануулахад 7 хоногийн хугацаа өгөөч гэсэн, үүний дагуу 7 хоног хугацаа өгсөн боловч, эргэн төлөөгүй, үүнээс хойш удаа дараа залгахад утсаа аваагүй, Б.Батдоржийн дугаарлуу залгахад гэр бүлийн хүн Ж.Энхмандал утсаа аваад "энэ асуудлыг чинь зээл гэж бодсон энэ хугацаандаа зээлээ эргэн төлнө гэж хэлсэн. Харин тухайн хүмүүс энэ хугацаанд авсан зээлээ төлөөгүй, зээлийн шимтгэл, болох 829.300 төгрөгийг ББСБ-ий дансруу шилжүүлж үндсэн мөнгөө ерөөсөө шилжүүлээгүй. Мөн манайхаас гаргуулж зээлийг үндсэн зээлийнхээ 01 дүгээр сарын 22-ны өдөр сунгасан гэж бодож уг мөнгийг шилжүүлсэн". Харин дээрхи хугацаанд буюу 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлээ төлөөгүй. Одоогийн байдлаар манай компани зөвхөн эрхээ хэтрүүлэн авсан үндсэн зээл болох 24.540.000 төгрөгийг тухайн иргэдээс нэхэмжилж байгаа юм. Харилцагч Б.Т нь 99810078 дугаарын утастай өөрийнхөө гар утасны аппликейшнээр дамжуулан 33 удаагийн нийт 12.540.000, төгрөгийг гаргуулж авсан, харин Л.Бүтэд нь 25 удаагийн үйлдлээр 6.500.000 төгрөгийг, Б.Батдорж нь 21 удаагийн үйлдлээр 4.200.000 төгрөгийг, харилцагч Ж.Энхмандал нь 5 удаагийн үйлдлээр 1.500.000 төгрөгийг гаргуулан авсан байна. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шинэчлэл засвар хийгдэж байсан. Манай компани системийн шинэчлэл байнга хийгдэж байдаг. Тухайн үед "системийн зээл авах лимит, түүр зуур байхгүй болсон байсан, энэ асуудлыг ашиглан дээрхи этгээдүүд ийм үйлдэл гаргасан байна. Харин манай засвар шинэчлэлийн дууссанаар тухайн хүмүүсийн дахин зээл авах эрх дуусгавар болсон юм. Тухайн харилцагч нар маш олон удаагийн зээл авч байсан, зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн авахгүй байхыг мэдэж байсан энэ талаар цахим зээлийн эрх нээх гэрээнд тодорхой зааж тусгагдсан байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 81-82х/,

гэрч Л.Бүтэдийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүү Б.Ты гэрт байж байгаад зээлээ төлчихөөд дахин зээл авах хүсэлт явуулсан. Надруу зээл орж ирсэн, дахин дахин хүсэлт явуулаад байхад зээл олгогдоод байсан. Тухайн үед зээл авах үед миний хүү Б.Т, миний зээ охин Энхмандал бид нар хамт байж байгаад зээлийн хүсэлт илгээсэн. Тэр үед хүү Б.Тд мөнгөний хэрэг болоод байсан юм. Миний гар утасны дугаартай утсыг ашиглан хүү Б.Т зээл авсан, харин нууц кодоо хүүдээ хэлж өгөөд зээл гаргуулан авсан. Уг мөнгийг бүгдийг нь хүүдээ өгсөн юм.." гэх мэдүүлэг /хх-ийн 96-97х/,

гэрч Ж.Энхмандалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Зээл авч дууссаны дараа боломжит зээл 0 төгрөг гэж гарч ирдэг байсан. Харин үндсэн зээлээ төлж дууссаны дараа таны зээл амжилттай төлөгдлөө 300 бонус оноо нэмэгдлээ гээд зээл авах хэмжээ нэг түвшингээр нэмэгдэж ахидаг юм. Харин тухайн үед зээл авсны дараа боломжит зээл 0 төгрөг гэж гарч ирээгүй. Үндсэн дүнгээр нь гарч ирээд байхаар нь дараад байсан. Би 5 удаагийн үйлдлээр 1.500.000 төгрөг мөн 5 удаагийн зээл авсны дараа "сүлжээ тасарсан байна" гэсэн бичиглэл гарч ирсэн .Үүний дараа өөрийн нөхөр Бат-Олоны Батдоржийн ББСБ-ий нэвтрэх нэр нь 94277420 утасны дугаар нь нууц кот jonnie888 ийм пасс котоор би өөрийн гар утсаар нэвтрэн орж мөн адил боломжит үлдэгдэл 200.000 гэсэн бичиг гарч ирэхээр нь мөнгийг гаргуулан авсан. Анхны зээл авсны дараа мөн адил боломжит зээл 200.000 төгрөг авах боломтой гэхээр нь дараад байсан юм. Ингэж зээл авч явсаар байгаад 21 удаагийн үйлдлээр 4.200.000 төгрөг авагдсан байсан. Уг мөнгө нь миний дансаар орж гарсан харин уг мөнгийг өөртөө зарцуулаагүй, ах Б.Труу дансаар шилжүүлсэн. Нөхөр Б.Батдоржийн зээлсэн мөнгийг мөн адил Б.Тд авч өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 98-99х/,

ББСБ ББСБ-аас ирүүлсэн алдаатай гүйлгээний улмаас олгогдсон зээлийн талаарх баримтууд, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-78х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Тыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас өөрт олгогдсон эд хөрөнгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч завшисан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад : “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, 2 дахь хэсэгт: “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно... ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үйлдсэн байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах  зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээ нь нэг жилээс бага байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.   

 

Шүүгдэгч Б.Т нь энэ гэмт хэргийг үйлдсэн улмаас бусдад учруулсан хохиролоо хэрэг шүүхэд хянагдаж байх хугацаанд бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч нарын шүүхэд ирүүлсэн бичгийн хүсэлтүүдээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Лувсандагва овогт Бүтэдийн Б.Тг төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас олгогдсон эд хөрөнгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшисан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсгүүдийг тус тус журамлан Б.Тд холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шиитгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ