| 2016 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 183/ШШ2016/00265 | Улаанбаатар хот | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй, Хариуцагч: холбогдох Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 475,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо нь тус компанитай 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ХАГ-0060/15 тоот зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулж, Ю6 маркийн нэг бүр нь 360,000 төгрөгний үнэ бүхий 16 ширхэг, нийт 5,760,000 төгрөгний үнэ бүхий гар утсыг 6 сарын хугацаатай төлбөрийг төлөхөөр тохиролцон худалдаж авсан. Гэрээнд зааснаар төлбөрийг 2015 оны 02 дугаар сарын 28-наас 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн ч өнөөдрийг хүртэл төлбөрийг дуусгаагүй байна. Иймд үлдэгдэл төлбөр 710,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 270 хоногт ноогдох алданги 355,000 төгрөгний хамт нийт 1,065,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нь 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 210,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 330,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 50,000 төгрөг, нийт 590,000 төгрөг төлсөн байна. Хариуцагч 620,000 төгрөг төлсөн гэх боловч өнөөдрийн байдлаар 590,000 төгрөг л дансанд орсон байна. Иймд үлдэгдэл төлбөр 120,000 төгрөгийг, алданги 355,000 төгрөгний хамт нийт 475,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна гэв. Хариуцагч Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ж ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,065,000 төгрөгнөөс алданги болох 355,000 төгрөг төлөхөөс татгалзаж, үлдсэн төлбөр 710,000 төгрөгнөөс 620,000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэх 90,000 төгрөг үлдсэн учир 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлж дуусгах хүсэлтэй байна гэжээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: “Ж ” ХХК нь хариуцагч “Хан-Уул дүүргийн 09 дүгээр хороо”-нд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,065,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 475,000 төгрөг болгож багасгав. Нэхэмжлэгч “Ж ” ХХК нь хариуцагч Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороотой 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Худалдагч нь нэг бүрийн 360,000 төгрөгний/ гар утас, төхөөрөмж, дугаар, цэнэглэгч карт, сунгалтын карт багтсан/ үнэ бүхий 16 ширхэг утсыг зээлээр худалдах, Худалдан авагч нь 2015 оны 02 дугаар сарын 28-наас 07 дугаар сарын 30 өдрийн дотор 5,760,000 төгрөгний төлбөрийг хуваарийн дагуу эргүүлэн төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцож ХАГ-0060/15 дугаартай “Зээлээр худалдах худалдан авах” гэрээг байгуулжээ. Энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэх эрхтэй байна. Зохигчид шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үлдэгдэл төлбөр 710,000 төгрөг байсан гэдэгт маргаагүй, хариуцагч энэ хугацаанд 620,000 төгрөг төлсөн гэх боловч энэ тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн багасгасан хэмжээгээр буюу үлдэгдэл төлбөр 120,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх алданги төлөх”-өөр харилцан тохиролцсон, нэхэмжлэгч нь 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ноогдох 710,000 төгрөгний алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар үндсэн үүргийн 50 хувиар тооцоолон нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна. Иймд хариуцагчаас үндсэн төлбөр 120,000 төгрөг, алданги 355,000 төгрөг нийт 475,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д шүүх хуралдааны товыг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүргэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооноос 475,000 /дөрвөн зуун далан таван мянган/ төгрөг гаргуулж, “Ж ” ХХК-д олгосугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 14,900 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай. ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ |