Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 953

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Д.Б,

нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Галч овогт Даваадоржийн Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911028621241 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Их-Тамир суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 83-1198 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Галч овогт Даваадоржийн Д.Б /РД: АГ83102139//,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Согоотын 82-1167а тоотод хохирогч Г.Пүрэв-Эрдэнийг доромжилж улмаар хоорондоо маргалдсаны улмаас, нүүр, толгой руу нь цохиж эрүүл мэндэд нь "тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...2019 оны 10 дугаар сарын 23-ны орой Хайлаастад найз Цогтбаяр болон өөр хэдэн хүмүүсийн хамт караокед сууж байгаад архи ууснаасаа болоод ухаангүй болсон. Пүрэв-Эрдэнэ жолоочийн хажуугийн суудал дээр суугаад, би арын суудал дээр сууж байтал Пүрэв-Эрдэнэ намайг машинаас буу гээд хөөгөөд байхаар нь би түүнд Цогоогийн хамт гэрт чинь хүргэж өгөх гэж л байна. Өмнө нь хэд хэдэн удаа хүргэж өгч байсан шүү дээ гэж хэлсэн чинь өөдөөс чи хэзээ намайг хүргэж өгч байсан юм бэ гээд эргэж хараад миний хувцаснаас заамдаж аваад нааш, цааш нь татаж чангаагаад байхаар нь би түүний хамар орчим нэг удаа гараараа цохисон. Пүрэв-Эрдэнэ хамраа дараад машинаас буугаад Өнөржаргалын гэр лүү яваад орсон. Араас нь би яваад орсон чинь Нарантуяа, Өнөржаргал нар Пүрэв-Эрдэнийн хамт байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42х/,

хохирогч Г.Пүрэв-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Д.Б надад "чи Тамирбаяр гэх залууд хаягдаа биздээ би чамтай унтмаар байна. "Чи надтай унт" гээд байхаар нь би "чи одоо намайг юу гэж бодоод байгаа юм бэ" гэсэн чинь чи янхан, гичий гээд байхаар нь би жолоочийн хажуу талын суудал дээр сууж байгаад "Чи одоо юу гээд байгаа юм бэ” гээд эргээд харсан чинь Д.Б гараараа миний нүүр рүү 2-3 удаа цохисон энэ үед Цогтбаяр машинаа зогсоож байгаад Д.Быг хориглон надаас салгасан. Цогтоогоор буцаж Өнөржаргалын гэр лүү хүргүүлсэн. Араас Д.Б орж ирээд шууд миний толгой РУУ 3ҮҮН шанаа орчим гараараа 2 удаа цохисон. Би газарт унасан. Энэ үед Нарантуяа, Өнөржаргал нар түүнийг надаас салгаж түлхэж Д.Бын нүүрэнд нь гараараа алгадаж байгаад гадаа гарсан. Би араас нь гарсан чинь тэр гурав хашааны гадаа хоорондоо зууралдаж байгаа харагдсан. Цогтбаяр машиныхаа ойролцоо зогсоод "болиоч" гээд байх шиг байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11х/,

гэрч Д.Цогтбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Д.Б "Муу янхан минь чамайг мэднэ шүү" гэж хэлээд Пүрэв-Эрдэнийн нүүрэнд нэг удаа цохисон. Тэгэхээр нь би юу болж байгаа юм бэ гээд машинаа зогсоогоод түүнийг хориглосон Энэ үед Пүрэв-Эрдэнэ "Чи намайг янхан байхыг хаана харсан юм" гэж хэлээд орилоод Д.Б руу дайраад байсан. Би голоор нь орж салгасан. Гэтэл Д.Б Пүрэв-Эрдэнийн араас толгой руу нь нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би уурлаад Д.Бын хоёр гарыг ханцуйгаар нь ороож нэг гараараа барьж байгаад машинаараа буцааж гарч ирсэн айлд нь Пүрэв-Эрдэнийг хүргэж өгсөн. Д.Б нь Пүрэв-Эрдэнийг оруулж өгөөд гараад ирье гээд хамт орсон. Би Д.Быг хүлээгээд байж байтал Нараа, Өнөржаргал нар Д.Бтай зууралдаад гараад ирсэн. Нараа эгч Д.Быг чи ямар Пүрэв-Эрдэнийн нөхөр юм уу, яахаараа эмэгтэй хүнийг цохиж унагаадаг юм бэ гээд Д.Бын нүүр, толгой орчим нь алгадаж, цохиод байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/,

гэрч П.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Пүрэв-Эрдэнэ гэртээ хүргүүлнэ гээд Цогтбаярыг дуудсан чинь удалгүй Цогтбаяр, Д.Б нар ороод ирсэн. Тэгээд тэр гурав хамт гараад явсан бөгөөд удаач үгүй Пүрэв-Эрдэнээс гаднаас ороод ирсэн. Яасан гэсэн чинь Д.Бд машин дотор зодуулчихлаа гэж байсан. Араас нь Д.Б ганцаараа ороод ирэхээр нь Өнөржаргал бид хоёр Д.Быг эмэгтэй хүнд гар хүрдэг ямар зүрхтэй хүн бэ гэсэн чинь Пүрэв-Эрдэнийн Д.Б 2 удаа гараараа цохисон чинь Пүрэв-Эрдэнэ шалан дээр унагаагаад Пүрэв-Эрдэнэ рүү дайраад байхаар нь Өнөржаргал бид хоёр Пүрэв-Эрдэнийг хамгаалах гэж Д.Бын нүүрэнд хэдэ хэдэн удаа алгадсан. Тэгээд түүнийг түлхэж хөөж, гадаа гаргасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/,

гэрч О.Өнөржаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...ойролцоогоор 10-15 минутын дараа Пүрэв-Эрдэнэ орж ирээд намайг намайг Д.Б зодчихлоо гээд уйлаад ороод ирсэн. Араас нь удалгүй Д.Б ороод ирсэн чинь Пүрэв-Эрдэнэ чи сая намайг зодоо бизд ээ гэсэн чинь Д.Б нь би чамайг зодоогүй гээд маргалдаж байсан. Д.Б гэнэт Пүрэв-Эрдэнийн толгой орчим 1 удаа цохисон чинь Пүрэв-Эрдэнэ шалан дээр унасан. Д.Б согтуурхаад Пүрэв-Эрдэнэ рүү дайраад байхаар нь нь Нарантуяа эгч бид хоёр Д.Быг Пүрэв-Эрдэнээс салгах гэж Д.Бын нүүр лүү нь хоёулаа хэд хэдэн удаа алгадаж байж салгаад гэрээсээ түлхэж гаргаад гадаа хашаан дотор маргалдаж байхад Д.Б бид хоёрт хандаж би хоёрыг хүндэл явдаг, намайг цохино гэж бодоогүй гэж байгаад хашаанаас гараад явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12974 дугаартай дүгнэлт: "... Т.Пүрэв-Эрдэнийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 29х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Д.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Галч овогт Даваадоржийн Д.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Быг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Д.Быг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ