Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2016/00266

 

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2016/00266

                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд  хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Метробизнес төвийн 609 тоотод  байрлах  “Мөнгөн зоос кредит” ББСБ /Регистрийн дугаар:5374189/-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Блю Скай 44б-23 тоотод оршин суух, Үйзэн овогт Дүгэржавын Уянга /Регистрийн дугаар:ЧР85062024/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 78,185,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Гэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

                                                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                              

 

Нэхэмжлэгч “Мөнгөн зоосон кредит” ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Д.Уянга нь 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Гүнтийн/15091/ 2 дугаар хэсэг 228 тоот, 360 мкв бүхий, улсын бүртгэлийн Ү-2202011985 дугаар бүхий  хувийн орон сууц,  газрын хамт барьцаалж  30,0 сая төгрөгийг сарын 4,5 сарын хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн.   2013 оны 10 дугаар сарын 17-нд зээлийн хүүнд 1,300,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш зээлийг эргэн төлөхийг зээлдэгчид удаа дараа шаардсан  ч төлөөгүй. Д.Уянга нь анх зээл авахдаа сард 13,0 сая төгрөгний орлого олдог хангалттай эх үүсвэртэй тул гурван сарын хугацаатай зээл авахад хангалттай гэж тайлбарлан зээлийг авсан.

Иймд үндсэн зээл 30,000,000 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 14-нөөс 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хүү 40,625,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,560,000 төгрөг нийт 78,185,000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.  

Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсгийн зохицуулалт энэ зээлд хамаарахгүй, харин Иргэний хуулийн 451.1, 452.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжилж буй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрхэмбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Иргэн Д.Уянга нь “Мөнгөн зоос кредит” ББСБ-с  2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 3 сарын хугацаатайгаар 30,0 сая төгрөгийг авсан байтал, 78,185,000 төгрөг нэхэмжилсэн байна.

Уг зээлийн гэрээ нь зээлдэгчид илтэд хохиролтой, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн үүргээс их хэмжээгээр давсан байгаа нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасан зээлдэгчид илтэд хохиролтой байдлыг үүсгээд байна.

Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон байтал Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1, 284.2-т заасан шаардах эрхээ хэрэгжүүлэхгүйгээр өнөөдрийг хүргэсэн нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож мөнгө хүүлэх, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авах хүсэл зорилготой бйах тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Мөнгөн зоос кредит” ББСБ  нь хариуцагч Д.Уянгад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 78,185,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Д.Уянга нь “Мөнгөн зоос кредит” ББСБ-тай 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр  зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж, үүргийн гүйцэтгэлд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн/15091/ 2 дугаар хэсэг гудамжны 228 тоот, 360 мкв талбайтай, эрхийн улсын  бүртгэлийн Ү-2202019985 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь  талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар /хх4-8/ тогтоогдож байна.

Зохигчид зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргаагүй, эдгээр гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

Зээлийг 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 25,000,000 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг шилжүүлсэн /хх 13/, хариуцагч мөнгийг хүлээн авсанд маргаагүй байна.

Хариуцагч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь зээлдэгчид илтэд хохиролтой, их байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөв.  

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүүг тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 452 дугаар зүйлийн 452.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч нь үндсэн зээл, зээлийн хүүг нэхэмжлэх эрхтэй.

Харин талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.6-д “... хугацаандаа төлөөгүй зээлийн дүнгээс үндсэн зээлийн хүү /4,5%/-ийн 20 хувь /0,9%/-иар  нэмэгдүүлсэн хүү тооцож зээлийн хүүг нийт 5,4%-иар тооцно” гэж тохиролцон нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүг уг аргаар буюу нийт 5,4 хувиар тооцсон тухай шүүх хуралдаанд тайлбарлав.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг үгийн шууд утгаар тайлбарлах тул гэрээний дээрхи заалт нь нэмэгдүүлсэн хүүг тооцохоор заасан Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан тохиролцоо биш байна. Тиймээс талууд нэмэгдүүлсэн хүүг тохиролцоогүй  байна гэж дүгнэв. 

Талууд зээлийн гэрээний хүүг  “сарын 4,5 хувь” гэж харилцан тохиролцсон нь нийтээр  хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд илт харш нөхцөл байдал  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, түүнчлэн хариуцагч  хүүгийн хэмжээ  зээлдэгчид илт хохиролтой болохыг нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.11-т “...зээлийн төлбөрийг гүйцэтгээгүй бол энэ үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү төлнө”  гэж харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч зээлийг шилжүүлсэн  2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх  31 сар 2 хоногийн хүү нэхэмжилснийг буруутгах боломжгүй байна.

Иймд Д.Уянгаас үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү 40,625,000 төгрөг нийт 70,625,000 төгрөгийг гаргуулж, “Мөнгөн зоос кредит” ББСБ-д олгож, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрхэмбаярт шүүх хуралдааны товыг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүргэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч  Д.Уянгаас 70,625,000 /далан сая зургаан зуун хорин таван мянган/ төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгч“Мөнгөн зоос кредит” ББСБ-д олгож, нэхэмжлэлээс 7,560,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.Уянга шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн/15091/ 2 дугаар хэсэг гудамжны 228 тоот, 360 мкв талбайтай, эрхийн улсын  бүртгэлийн Ү-2202019985 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 548,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 511,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Мөнгөн зоос кредит” ББСБ-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг,  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               О.ОДГЭРЭЛ