Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 954

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Д.Дэлгэрдалай,

хохирогч М.Сарангэрэл,

шүүгдэгч Х.Г,

нарийн бичгийн дарга Г.Энхжин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, Х.Год холбогдох эрүүгийн 1908002981107 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 21-ний
өдөр Баянхонгор аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой,
санхүүч, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг: ам бүл 4,
эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо хайрханы 12-22 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах
чадвартай, Боролжигон овогт Хадбаатарын Х.Г РД: /ВП92092118/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Х.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Г нь 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Сарангэрэлийг Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө гэж  хохирогчоос нийт 6.000.000 /зургаан сая/  төгрөг  өөртөө шилжүүлэн авч залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Х.Гоос мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Миний санаж байгаагаар 2018 онд манай найз болох Баярхүүгээр дамжуулан Саранзаяатай танилцаж байсан бөгөөд түүнээс хойш найз нөхдийн холбоотой болсон. Ингээд 2018 оны 9 дүгээр сард Саранзаяатай уулзаад ойр зуурын юм яриад байж байтал Саранзаяа нь өөрийн төрсөн дүү болох Сарангэрэлийг Хууль сахиулахын их сургуульд оруулах сонирхолтой байгаа талаар яриад намайг     сургуульд оруулаад өгөөч гэхээр нь хэрхэн яаж оруулдаг талаар судлаад өгье гэж байсан. Тухайн үед би эрүүгийн цагдаагийн албан ажилдаг байсан. Тэгээд би таньдаг хүмүүсээрээ дамжуулан хэрхэн ордог талаар асууж тодруулахад 3-4 сая төгрөг шаардлагатай байдаг гэж байсан. Тэгэхээр нь Саранзаяад хэлэхэд эхлээд надад 4 сая төгрөг өгсөн санаад байна. Тэгээд дахин хүнээс дамжуулан асуухад бүртгэл явуулах хугацаа нь өнгөрсөн гэж байсан. Тэгээд энэ талаар Саранзаяад хэлсэн чинь за за тэгвэл би  дүүгээ  Их засаг их сургуулийн хуулийн сургуульд  оруулахар  боллоо мөнгөө буцаан авмаар байна гэхээр нь авсан мөнгөө буцаан өгсөн.

1ГИ

Ингээд нэг хэсэг холбоогүй байж байтал Саранзаяа дүү Сарангэрэл болон аав, ээжтэйгээ манай ажил дээр ирээд сургуульд орж чадаагүй. Иймээс энэ жил хөөцөлдөж байгаад оруулаад өгөөч гэж байсан. Тэгээд би дахин хүнээс асууж судлая гэж хэлсэн. Тэгтэл түрүү жил өгсөн 4 сая төгрөгөө өгье гээд байхаар нь эхний ээлжинд 2 сая төгрөгөө өгчих би хүнээс асууя тэгээд орохоор болвол үлдэгдэл мөнгөө авъя гэж хэлээд 2 сая төгрөг дансаар аваад дахин хүнээс асууж сураглаж байх хугацаанд миний виз гарч Солонгос улс руу 3 сарын хугацаатай яваад ирсэн. Тэгтэл намайг алга боллоо гээд цагдаагийн байгууллагад хандсан байсан. Миний хувьд одоо ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй. Хохиролыг бүрэн барагдуулсан байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109х/,

хохирогч М.Сарангэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тухайн үед миний төрсөн эгч Саранзаяа чи ХСИС-д орох уу таньдаг хүн байна оруулах боломжтой байж магадгүй гэсэн. Эгчийг тэгж хэлэхээр нь зөвшөөрөөд СУИС-д орох батламжаа буцаагаад СУИС-д өгсөн. Ингээд манай эгч Саранзаяа Х.Г гэж хүнд 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. 2017 оны 9 дүгээр сард Х.Г гэж хүн ХСИС-д оруулж өгнө гэсэн боловч оруулж өгч чадаагүй, хожимдсон байна, ирэх жил оруулж өгье гэсэн. Ингээд дахиад нэг жил хүлээсэн. Тэгээд 2018 оны 6 сард аав Мөнхбаяр, ээж Лхамсүрэн нарын хамт Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотод орж ирээд Саранзаяа эгчийн таньдаг гэх Х.Г гэж ахтай Төв музейн хажууд уулзахад Х.Г ах энэ намар чамайг оруулж өгнөө, 8 сард чамайг хээрийн бэлтгэлд явуулна одоо энэ жил найдвартай оруулж өгнөө 2 сая төгрөгийг миний данс руу шилжүүлчих гэсэн. Ингээд манай ээж Лхамсүрэн Х.Г ахын данс руу 2 сая төгрөгийг шилжүүлсэн. Энэ асуудлын улмаас сэтгэл санаагаар хохирсон. 2 жил сургууль завсардсан. Х.Г гэж хүн намайг сургуульд оруулна гэж худлаа хэлж 2 сая төгрөг авсанд гомдолтой байна" гэх мэдүүлэг...”  гэх мэдүүлэг /хх-ийн 31-32х/,

гэрч Э.Лхамсүрэнгээс  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2017 оны 7 дугаар сарын үед манай том охин Саранзаяа нөхөр бид 2 руу яриад Сарангэрэлийг ХСИС-д оруулах хүн олчихлоо, найдвартай юм шиг байна. 4 сая төгрөг хэрэгтэй гэнээ гэж хэлсэн. Ингээд нөхөр бид 2 малчины зээл аваад Сарангэрэлд өөрт нь байсан 2 сая төгрөгийг нэмээд 4 сая төгрөг болгоод Саранзаяагийн данс руу шилжүүлсэн. Тэгээд манай том охин Саранзаяа тэр Х.Г гэж залууд дансаар нь шилжүүлсэн байсан. Гэтэл тэр жил буюу 2017 оны 9 дүгээр сард Х.Г гэж залуу манай охин Сарангэрэлийг сургуульд оруулж өгнө гэсэн боловч худлаа хэлээд оруулж өгч чадаагүй. 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сарангэрэлийг сургуульд оруулж өгнө гэж байсан Х.Г гэж залуу над руу залгаад би танай охиныг сургуульд оруулж өгнө гэж байсан Х.Г гэж залуу байна, танай охин юу хийж байгаа вэ гэхээр нь уурлаад чамаас болж шал дэмий нэг жил өнжсөн, яах гэж ярьсан юм бэ гэхэд дүүгээ уучлаарай, өнгөрсөн жил яалт ч үгүй болоогүй юмаа, энэ жил ХСИС-д орох нэг урилга байна, одоо найдвартай би энэ намар 9 сард ХСИС-д багшаар очиж байгаа, энэ жил танай охиныг заавал оруулж өгнө дүү нь тэр сургуульд багшаар очиж байгаа юм чинь найдвартай оруулж өгнөө гэхээр нь хэдээр оруулах юм гэхэд 4 сая төгрөг гэсэн. Тэгэхээр нь доошоо ярьчих гэсэн чинь 3.500.000 төгрөгөөр оруулаад өгчихнөө гэсэн. Тэгээд би 2 сая төгрөгийг Х.Г гэж залуугийн данс руу Байгалийн түүхийн музейн тэр хавьд шилжүүлсэн. Гэтэл Х.Г хэлсэн ёсоороо манай охиныг 2018 оны 9 дүгээр сард ХСИС-д оруулж өгөөгүй, худлаа хэлээд таг чиг алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88х/,

гэрч Б.Саранзаяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Х.Гын Хаан банкны 5100052573 дугаарын утсанд 2 сая төгрөг хийсэн. Уг мөнгийг авахдаа өөрийгөө Цагдаагийн ерөнхий газарт ажилладаг сайн ажилласан учраас ХСИС-д нэг хүүхэд оруулах эрхийн бичгээр шагнуулсан. Манай хамаатан саданд орох хүн байхгүй. Тэгээд ч би өөрөө хөдөлмөрлөж байж авсан эрхийн бичиг учраас яаж зүгээр өгөхөв дээ ядаж 4 сая төгрөг өгөөд ав гэж байсан. Манай гэрийнхэн ярилцаж байгаад ЦЕГ-т ажилладаг гэхээр нь итгээд 2 сая төгрөг өгсөн. Үүний дараа 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл 2 сая төгрөгийг өөрийнхөө хаан банкны данснаас Х.Гын дээрх данс руу 2 сая төгрөг хийсэн. Ингээд тооцоо дуусаад 2017 оны 9 дүгээр сарын сүүлээр оруулж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл оруулж өгөөгүй бөгөөд элдэв янзын шалтаг хэлээд хойшлуулсаар байгаад 2018 оны 4 дүгээр сард бид өөрсдөө хэл ам хийж байж цувуулаад 4 сая төгрөгөө буцаан авсан. ингээд сарын дараа гэж санаж байна Х.Г над руу холбогдоод нөгөө сургуульд оруулах батламж чинь гарсан байна. Нэгэнт би оруулж өгнө гээд 1 жил алдчихсан юм чинь би 9 сард 2 дугаар курсээс нь оруулаад өгье тэгээд ч би өөрөө ХСИС-д багшаар ажиллахаар очиж байгаа гэсэн. Ингээд дахиад итгээд 2018 оны 6 дугаар сарын 20-нд 2 сая төгрөгийг дансаар өгсөн. Х.Г 7 дугаар сард дүү чинь карантинд явна гэж хэлсэн. Тэгээд 7 сар болохоор карантин яасан бэ гэхээр хойшлогдсон гэхээр нь итгээд байж байтал би өөрөө фейсбүүкээс ХСИС-ийн шинэ элсэгч нар карантиндаа гарсан гэсэн зураг олж хараад энэ талаар Х.Год хэлсэн чинь зүгээрээ заавал тэрэнд явахгүйгээр оруулаад өгнө гэсэн. Ингээд хувцасаа болон хичээлийн хэрэглэлээ бэлд эсвэл ирж хичээлдээ суу гэх зэргээр доог тохуу хийж байгаад 2018 оны 11 дүгээр сараас эхлэн огт холбоогүй болж байгаад цагдаагийн байгууллагад өргөдөл өгсний дараа буюу 2019 оны 2 билүү 3 дугаар сард надаас авсан мөнгөө буцаан өгсөн. Гомдолтой байна хуулийн дагуу шалгуулах хүсэлтэй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98х/,

Х.Гын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Х.Гыг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч М.Сарангэрэлийг Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчоос нийт 6.000.000 төгрөг залилан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар хохирогч М.Сарангэрэлд учирсан хохирол болох 6.000.000 төгрөгийг шүүгдэгч Х.Г нь төлж барагдуулсан болох нь тогтоогдож байх ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Сарангэрэл мэдүүлэхдээ 6.000.000 төгрөг хүлээн авсан болохоо илэрхийлж байна.

Харин хохирогч М.Сарангэрэл нь Улаанбаатар хотод нэг жил оршин суухдаа байр түрээслэн амьдарсан гэж нийт 2.600.000 төгрөгийг нэхэмжилсэн болно. Хавтас хэрэгт авагдсан баримтад тулгуурлан дүгнэлт хийхэд: Х.Гын гэмт үйлдлийн улмаас М.Сарангэрэлд 2.600.000 төгрөгийн хохирол шууд учирсан гэж үзэх үндэслэлгүй байх тул уг хохирогчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Х.Год ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боролжигон овогт Хадбаатарын Х.Гыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Год 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Год оногдуулсан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Хохирогч М.Сарангэрэлийн хохиролд нэхэмжилсэн 2.600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Шүүгдэгч Х.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шиитгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ