Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 960

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Чимгээ,

шүүгдэгч О.А,

нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Тахилгат овогт Одонхүүгийн О.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911013301295 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 8 дугаар гудамжны 206 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2010.6.16-нд Баянгол дүүргийн шүүхийн 262 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 591 дүгээр магадлалаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэн Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3, 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 2 жил 6 cap хорих, 2015.04.02-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 389 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 6 жил 1 cap хорих ялаар тус тус шийтгүүлж, 2017.07.03-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 382 дугаар захирамжаар хорих ялаас суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тахилгат овогт Одонхүүгийн О.А /РД: КД88080717/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч О.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.А нь 2019 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Кентавр” зочид буудлын 302 тоот өрөөнд согтуугаар хамт байсан И.Энхтуяаг өмөөрлөө гэж шалтаглан хохирогч Ч.Ариунболдын нүүр, толгой, цээж хэсэгт цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Ч.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэр шөнө Аагий, Энхбаяр, Энхтуяа бид 4 Эх нялхсын хажууд уулзаад хамтдаа Кентавр зочид буудлын 302 тоот өрөөнд орж архи пиво уүсан. Ингээд өөрийн танил Үүлэнсолонгыг дуүдаад хөзөр тоглож байгаад 02 цагийн үед бм үнтахаар хэвтсэн. Тэгээд Энхтүяаг муүхай орипохоор нь цочоод сэртэл Аагий гэх залүү Энхтүяашйн дээр гарчихсан байхаар нъ босч очоод болиоч гээд шилэн хүзүүнээс нь татахад Аагий босч ирээд намайг цохиж унагаад нүүр толгой, цээжин хэсэгт хөл гараараа өшиглөж цохиж гэмтэл учруулчихаад яваад өгсөн...үүдэн шүд унаж, эмтэрсэн, уруул хөмсөг сэтэрсэн" гэх мэдүүлэг. /хх-ийн 13-16х/,

гэрч И.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Хуягаа, Үүлэнсолонго 2 архинд явна гээд гарсан хойгуур Аагий миний дээр гарчихаад хувцас тайлах гээд хоолой багалзуур боогоод байтал унтаж байсан Ариунболд хажуу орон дээрээс босч ирээд чи болиоч, хүн аллаа гэхэд Аагий нь Ариунболдыг өшиглөж дэвсээд зодоод байсан. Би болиоч гэхэд миний үгэнд ороогүй, тэгтэл үүдэнд Хуягаа. Үүлэнсолонго 2 ирчихээд хаалга нүдээд хаалга нээгдэхээр нь би гараад явсан Аагий намайг хүчирхийлээгүй, биед гэмтэл учруулаагүй болохоор гомдол саналгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23х/,

гэрч Ө.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Үүлэнсолонго бид 2 архи авчрахаар гараад 1 цаг гаруй болоод ирэхэд Ариунболд зодуулчихсан, нүүр ам нь цус болчихсон, уруул нь сэтэрчихсэн сууж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 20-21х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5281 дугаартай шинжээчийн дүгнэлт "Ч.Ариунболдын биед тархи доргилт, дээд үүдэн нэг шүдний булгарал, нэг шүдний эмтрэл, баруун хөмсөг, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, дээд уруул, буйл, цээжинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон, дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, нэг шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна" гэх дүгнэлт /хх-ийн 25х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч О.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч О.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тахилгат овогт Одонхүүгийн О.Аг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Аг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар О.Аг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

  

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ